Хуруугаа битгий хэл хумсаа ч хөдөлгөөгүй биз дээ
Өчигдөр болсон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар нөгөө л урт нэртэй хуулийн асуудал дахин босож ирсэн юм. Энэ үеэр хууль санаачлагчдын нэг Б.Бат-Эрдэнэ гишүүн БОАЖ-ын сайд Л.Гансүхэд хандан хоолойгоо зангируулан байж «Та нар энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө хуруугаа битгий хэл хумсаа ч хөдөлгөөгүй биз дээ. Хилийн зааг дээр 192 тусгай зөвшөөрөл хүртэл олгосон байна билээ. Ингэж болохгүй шүү дээ» гэсэн юм.
Харин хариуд нь БОАЖ-ын сайд Л.Гансүх их л ууртайгаар «Хуруугаа ч битгий хэл хумсаа ч хөдөлгөөгүй биз дээ гэдэг үгийг та яаж хэлж чадаж байна вэ. Үгээ бодож хэлнэ шүү. Бид хуулийг хэрэгжүүлэх гэж хэр чадлаараа ажилласан. 254 лицензийн талбай дээр үнэлгээ хийх гэж маш олон хүн хүч хөдөлмөрөө зарцуулсан. Тэгж яривал лиценз олгосон яамандаа наад үгээ хэл хэмээн бухимдаж харагдсан.
Ингээд сайд гишүүн хоёрын бяцхан маргааны дараа өөр асуудал хэлэлцэх үеэр бусад гишүүд ч Б.Бат-Эрдэнэ гишүүний «Хуруугаа битгий хэл хумсаа ч хөдөлгөөгүй биз дээ» гэх үгийг олон дахин ашигласан юм. Б.Бат-Эрдэнэ гишүүн ийнхүү өөрийнх нь санаачилсан урт нэртэй хуулийг амьдралд хэрэгжээгүйд бухимдан зарим яамдын сайд нарыг дээрх үгээрээ уурлуулж яваа бололтой дог шүү.