Д.Ганхуяг: Хуулийг хэрэгжүүлэх нь чухал
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.09.18

Д.Ганхуяг: Хуулийг хэрэгжүүлэх нь чухал

УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр ширүүхэн маргаан дунд өрнөлөө. Хуралдаанаар урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Иргэдийг талцуулаад байгаа уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд ямар байр суурь баримталж байгааг хүргэж байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-Хуулийн төслийг боловсруулахдаа холбогдох байгууллага, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг явуулсан. Өнөөдрийн эдийн засгийн байдалд уул уурхайн салбарын олон улсын эдийн засгийн төсөв, хөрөнгө оруулалт, санхүүгийн байдал нөлөөлж байгаад дүгнэлт хийж үзсэн. Эдийн засгийн байдалд гадаад, дотоод хоёр хүчин зүйл нөлөөлж байгаа. Одоо аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх мөнгө байхгүй.

Харин бидний оруулсан хөрөнгийг өгчих. Түүгээр нөхөн сэргээлт хийчихье гэсэн асуудлыг тавьж байна. Бид энэ асуудлыг шийдэх шаардлагатай байгаа юм. Монголчууд нүүдлийн мал аж ахуй, байгаль, дэлхийтэйгээ үнэхээр хүйн холбоотой.

Энэ бол МАНАН-гийн үйлээр бүтсэн лай.

Энэ хуулийг сайн хууль гэдгийг хэлсээр, ярьсаар л байна. Урт нэртэй хууль гарснаас хойш таван сар болсон ч хэрэгжихгүй байгаа тул энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө журмын тухай хуулийг оруулж ирж байгаа. Харин урт нэртэй хуульд нэг ч үг, өгүүлбэрийн өөрчлөлт оруулаагүй.

Энэ хуулийг хэрэгжүүлэх нь чухал. Үнэндээ энэ хуулийг МАНАН-гийн Засгийн газар эрх барьж байхдаа баталсан. Энэ бол тэдний үйлээр бүтсэн лай. Гэтэл өнөөдөр үүнийгээ засаж, залруулах гэж байна гээд хөнгөн хуймгай зүйл хийгээд байж байгаад нь ичиж байна.