Л.Гантөмөр: Улстөрчид бизнесийг сүйтгэж байна
Л.Гантөмөр: Хэлсэндээ байдаг бизнесийн ертөнцийг улстөрчид сүйтгэж байгаа нь таатай зүйл биш
УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг “Ярилцах танхим”-даа урилаа. “Хувийн сектор том байх хэрэгтэй. Ард түмэн баян байх ёстой” гэсэн зарчим баримталдаг түүнтэй олон мянган уурхайчдыг ажилгүй болгож буй урт нэртэй хуулийн талаар ярилцлаа.
-Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг санаачилсан гишүүн өнгөрсөн оны байгальд ээлтэй шилдэг улстөрчөөр шалгарсан. Гэтэл уул уурхайчид энэ хуулийг “гайтсан” хуулиар тодрууллаа. Олны нэрлэснээр энэхүү урт нэртэй хуульд та ямар үнэлэлт өгч байгаа вэ?
-УИХ байгаль орчныг хамгаалахад 2004 оноос анхаарсан. Усны тухай хууль
баталснаар Усны хэрэг эрхлэх газрыг байгууллаа. Мөн Ойн тухай хууль баталснаар
Ойн хэрэг эрхлэх газартай болсон. Усны тухай хуульд зааснаар усны эх газруудыг
онцгой бүс болгож, онцгой бүсэд ашигт малтмал хайх олборлох, барилга барих
зэргийг хориглосон. Ойн хуульд зааснаар ойг хоёр хуваасан. Ашиглаж болохгүй ойг
тодорхойлоод усны эх газартай адил хамгаалахаар болсон. Гэтэл урт нэртэй хуульд
дээрх хоёр хуулийн заалтыг шууд хамруулчихсан. Бүр нэмээд том, жижиг гэлтгүй
голын эргээс 200 метрийн дотор, мод ургамалтай бүх газарт ашиглалт явуулахгүй
гэсэн хавтгайрсан хамгаалалтын бүс тогтоосон.Байгаль орчноо хамгаалах сэтгэл
хүн бүрт байлгүй л яахав. Гэтэл байгаль орчноо хамгаалж байна гээд Монгол
Улсынхаа хөгжлийг боомилж, иргэдийнхээ амьдралыг сайжруулах боломжоос татгалзах
аргагүй. Баялгаасаа татгалзаж, ашиглахаа боливол монголчууд ядуурна. Ядуу
хүмүүс эргээд байгалиа хамгаалах тухай ярих боломжгүй.
-Долоохон заалттай хуулиар Монголын хөгжлийг боомилж байна гэх нь хэр оновчтой вэ?
-Иргэд өнөөдөр тодорхой түвшинд амьдралаа авч явах боломжтой болжээ. Дор бүрнээ
ажлаа хийгээд амьдарч болж байна. Ингэж амьдарч байгаа үндсэн өгөгдөл нь уул
уурхай. Уул уурхайн салбар монголчуудыг ажилтай, амьдралтай болох боломжийг
бүрдүүлж байгаа. Харамсалтай ч гэсэн энэ бол Монголын үнэн дүр төрх. Гэтэл энэ
салбараа боомилчихоод иргэд нь ажилтай, амьдралтай байна гэдэг үлгэр. Төр нь
мөнгөгүй, иргэд нь ажилгүй болно.Тиймээс иргэд нь амьдралтай байдаг, бизнес
эрхлэгчид нь байгаль орчноо хамгаалдаг байх гэсэн хоёр бодлогыг яаж зөв
уялдуулах вэ гэдгээ л бодох ёстой.
-Уул уурхайн салбарынхан нөхөн сэргээлт хийдэггүй, байгаль орчин сүйтгэдэг гэсэн ойлголттой үед таны хэлсэн бодлогыг зөв уялдуулах боломж бий юу?
-УИХ, Засгийн газар байгаль орчны асуудалд анхаарч нэг хэсгийг нь хамгаалалтад
авах шийдвэр гаргачихаад байхад дахин хууль гаргаж газар нутгийг бүхэлд нь
дархлана гэдэг түргэдсэн алхам. Үүнд тооцоо судалгаа ч дутсан. Монголын эдийн
засгийн суурийг ойлгоогүйгээс ийм алхам хийсэн байх. Хаанаас, ямар санаачилгаар
монголчуудыг хавтгайруулан уул уурхайгаас татгалзуулах гээд байна вэ.
Монголчууд одоо л лицензэндээ эзэн болж, ашиглалтаа өөрсдөө явуулах шанстай
боллоо. Гэтэл яг энэ үед нь хааж, боож байгаа нь сонин л үзэгдэл. Улс төр бол
өөрчлөгдөж болно. Харин бизнесийн орчин тогтвортой байх нь дэлхийн жишиг
байдаг. Улстөрчид хэлсэндээ байдаггүй байж болно. Харин бизнесмэнүүдийн хувьд
хэлсэндээ байна гэдэг чухал зарчим. Хэлсэндээ байдаг бизнесийн ертөнцийг
улстөрчдийн гараар сүйтгэж байгаа нь яавч таатай зүйл биш.
-Урт нэртэй хуулийг эсэргүүцэж байгаа “Уул уурхайгаа аврах” хөдөлгөөний 30гаруй хувь нь гадаадын компаниуд байсан. Хэлсэндээ байх зарчмаар ажилладаг гадаадын хөрөнгө оруулагчид энэ шийдвэрийг яаж хүлээж авч байгаа бол?
-Гадаадын компаниуд хөрөнгө оруулалт, ирээдүйд олох ашгаа олон улсын шүүхээр
заргалдаад л Монголын Засгийн газраас авчихна. Тиймээс гадаадын компаниуд
ерөөсөө айхгүй байгаа. Харин сэтгэлээр унаж, айж байгаа нь монголчууд өөрсдөө.
Монголчуудад УИХ, Засгийн газар болон Ашигт малтмалын газар аархаж байна. Тэд
монголчуудаа дэглэж чадаж байна. Арай гэж хөл дээрээ зогсч байгаа Монголын
бизнес эрхлэгчдийг битгий сүйтгээсэй гэж бодох юм. Нөхөн төлбөрийг нь өгч байж
лицензийг нь хураах хуультай. Гэтэл нөхөн төлбөрийг нь олгоогүй байж “Лицензийг
чинь хүчингүй болголоо” гэж зарлаж байгаа нь дээрэлхэж байгаагийн л нэг хэлбэр.
Засгийн газрын байдлыг харахад нөхөн төлбөрийг нь Монголын компаниудад ямар ч
байдлаар өгч чадах нь. наад зах нь 300 саяыг авах ёстой хүнд 100 саяыг өгчихөөд
“Дуугүй суу” гэж загнаж магадгүй. Харин гадны компаниудыг тэгж чадахгүй.
Хэлсэндээ байх зарчим үйлчилдэг ертөнцөд ингэж аашлах боломжгүй. Гадны хөрөнгө
оруулагчид, хөрөнгийн бирж дээр байгаа компаниуд “Бидэнд яах гэж боломж
олгочихоод буцаагаад булааж авч байгаа юм бэ” гэдэг асуулт тавихад булааж авч
байгаа тал нь булаалгасан хүнийхээ нөхөн төлбөрийг бүрэн төлөх байдалд орно.
Энэ бол дэлхийн жишиг. Бид Өмнөд Солонгост ажил хийж байтал хөөчих юм бол олон
улсын шүүхэд хандаад л мөнгөө авч чадна. Тийм учраас гадныхан энэ асуудалд нэг
их санаа зовохгүй. Гэхдээ “Та нар шударга, зарчимтай бай л даа. Нэг жилийн өмнө
ямар орчин өгчихөөд одоо яагаад өөрчлөөд байгаа юм бэ. Ийм хурдан хуулиа
өөрчлөх байсан юм бол хөрөнгө, хүч, цаг хугацаагаа зориулахгүй байсан” гэсэн
асуудал ярих байх. Бизнес эрхэлж байгаа хүнд цаг хугацаа гэдэг маш чухал зүйл.
Амьдралынхаа 10-20 жилийг уул уурхайд зориулсан хүнээс нэг л өдөр лицензийг нь
хураагаад нөхөн төлбөр өгөөд гаргаж болох уу. Тэр хүн цаашдаа яаж амьдрах юм.
Улс төрд ажиллаж байгаа хүмүүсийг хөөгөөд гаргахад юу хийж чадах юм. Юу ч хийж
чадахгүй. Өөрөөр хэлбэл урт нэртэй хуулиар уурхайчдын ирээдүйг байхгүй болгож
байна. Тиймээс энэ хуулийн орчинг ямар байлгах вэ гэдэгт Засгийн газар маш сайн
ажиллах ёстой. Энэ хуульд зааснаар уул уурхайн компаниудын 70-80 хувь нь үйл
ажиллагаагаа зогсоохоос аргагүй. Ер нь стратегийн ордоос бусад нь бүгд зогсоно.
-Яагаад. 1700 гаруй компанийн лицензийг цуцлах тооцоо байгаа юм биш үү?
-Энэ хуульд зааснаар бут, сөөг, харгана ургасан газар л бол ашиглалт явуулах
эрхгүй. Яахав, стратегийн орд болох 20 хувийнхаа олсон ашгийг үйл ажиллагааг нь
зогсоосон компаниуддаа нөхөн төлбөр гэж өгөөд дуусгана биз. Эдийн засаг тэр
хэмжээгээр унана. Хүмүүсийн амьжиргаа 70-80 хувь доройтох дүр зураг харагдаж
байна.
-Хүмүүс гэдэг нь уурхайчдыг хэлж байна уу?
-Монголчуудыг хэлж байна. Уурхайчид, тэдэнд ханган нийлүүлэх бизнес хийж байгаа хүмүүс хаачих билээ. Уурхайчид өөр ажил хийж чадахгүй юм чинь гараараа алт ухах аянд мордоно. Тэд нинжа болно хуульд захирагдахгүй гэсэн үг. Энэ хүмүүсийг хэзээ ч буцааж соёлт
ертөнцөд авчирч чадахгүй. Дэлхийн жишиг ийм. Хар л даа, Хөвсгөлийн тайгад нэгийгээ алчихаад шороонд булж байна. Үүнийг хүүхэд нь хараад сууж байх жишээтэй. Тэнд амьтны ертөнц бий болж байна шүү дээ. Тэднийг энгийн хүний амьдрал руу татна гэдэг хэцүү. Гэтэл энэ хуулиар нэмээд 200 мянган нинжатай болох нь. Тэгэхээр хуульд захирагддаггүй, нэгийгээ дээрэмдэж тонодог болох ирээдүй л харагдаж байна.
-Уурхайчид ч өөрсдийгөө ирээдүйгүй болсон мэтээр “гэрээслэл” бичснээ төрийн түшээдэд хаягласан. Тэднийг ажилгүй болохоос, таны хэлснээр нинжа болохоос нь аврах гарц байна уу?
-Уул уурхайн үндэсний ассоциаци, байгаль орчныг хамгаалагчид, улс төрийн
шийдвэр гаргагчид дугуй ширээний ард суух хэрэгтэй. Нэг өдөр суугаад асуудал
шийдэгдэхгүй. Арван өдөр, магадгүй нэг сар ярилцах ёстой. Ингэж бүгдээрээ
ярилцаж асуудлыг шийдэх нэг л гарц харагдаж байна.
-Хууль баталснаараа улстөрчид шийдвэртэй алхам хийж болохгүй гэж үү?
-Улстөрчид засаад, янзалж болно. Гэтэл улстөрчид аймхай. Энэ хуулийг өөрчилчихвөл малчдаасаа санал авахаа болчихно гэж айж байна. Монголчуудын амьдрал тодорхой түвшинд дээшилсэн гэж дээр хэлсэн. Тиймээс ажил хийж байгаа хүн нь муухай харагдаад байна. Олонхи хүн ингэж л харж байна. Мөнгө олохын төлөө явж байгаа хүнээ дэмжиж байгаа хүн цөөхөн шүү дээ.
Энэ бол буцаад 1990 он, магадгүй 1901 оны амьдрал руу явахын дохио. Хамжиж
амьдардаг нүүдэлчин соёл, иргэншилд цаашаагаа тэмүүлдэггүй, хөдөлмөрлөхийг
хүсдэггүй зан байдаг юм байна. Ийм массаас санал авахын тулд өөрсдөд нь
таалагдах зүйл ярихаас өөр аргагүй. Үүнийг өөрчилье гээд зоригтой дуугардаг
УИХ-ын гишүүн ч алга. Монголын ирээдүйг бодитойгоор хэлдэг ухамсартай улс
төрийн хүчин ч байхгүй болчихож. Дийлэнх масс алт ухаж байгаа, нүүрс гаргаж
байгаа хүмүүсийг үзэн яддаг. Улстөрчид тэр хандлагад нь тааруулаад дуугүй,
гөлийгөөд сууж байна шүү дээ. Нэгэнт улстөрчид энэ асуудлыг шийдэж чадахгүй
учраас дугуй ширээний ард сууя гэж байгаа юм.
-Уурхайчид өнгөрсөн хугацаанд төрийн түшээдэд олон мэдэгдэл хүргүүлсэн. Хариу өгөхгүй байгаа нь тэднийг баталсан хуулиа хэрэгжүүлэхээр гэдийж байгааг баталж байгаа юм биш үү?
-Энэ хэвээрээ яваад байж магадгүй. Монголын төр 5-10 жилийн дараа цагдаа, эмч
нарынхаа цалинг тавьж чадахгүйд хүрнэ. Тэр үед хэн нэгэн гадны энэрэнгүй
сэтгэлтэн “Та нар байгаль орчноо сүйтгэж байсан биз дээ. Одоо би нөхөн сэргээлт
хийгээд баялгийг чинь ашиглая” гээд морилж ирэх юм байх. Ийм л дүр зураг
харагдаж байна. Би яагаад ингэж муухай зүйл хэлж байна гээч.
-Яагаад?
-Монголчууд машин үйлдвэрлэж чадахгүй. Ноолуураараа хүртэл дэлхийд өрсөлдөж чадахгүй байна. Ийм ард түмэн Хятадаас худалдаж авч байгаа зүйлийнхээ мөнгийг хаанаас олох юм
бэ. Өөр үйлдвэрлэл хийдэг бол уул уурхайгаа зогсоож болно. Гэтэл чадахгүй юм
чинь уул уурхайгаас өөр гарц харагдахгүй байна.
-Таны хэлээд байгаа массад таалагдахын тулд ирээдүйгээ баллах шийдвэр гаргах эрх улстөрчдөд байгаа гэж үү.Ирээдүйд үүсэх үр дагаврыг нь хууль хэлэлцэж байхад нь ярьж, засч болдоггүй юм уу?
-Ер нь уул уурхайг зогсоох ажиллагаа 2004 оноос эхэлсэн. Одоо оргил цэгтээ
ирж байна. Үүнийг хэдэн хөдөлгөөнийхөн хийчихээгүй. Үүнд алсын бодлого орсон.
Монголчуудыг биеийг нь даалгаж амьдруулахгүй байх. Хооронд нь зодолдуулаад,
туйлдсаных нь дараа асуудлыг нь шийдэж өгөх бодлого байгаа.
-Хэний бодлого гэдгийг нь тодруулмаар байна?
-Гадны бодлого. Байгаль дэлхийгээ хайрладаг монгол хүний сэтгэхгүйг ашиглаж
байгаа хэрэг. Өлсгөлөн биш үед улсаа хөгжүүлье гээд зориглоод дайрах хүн
гарахад хэцүү. Монголчууд өлсгөлөн байсан 1990-ээд онд улсаа хөгжүүлэх
улстөрийн шийдэл гаргаад бүгдээрээ зүтгэж байж. Хоолтой, гэр оронтой, унаатай
болъё гэсэн тэмүүлэл хүн бүрт байж л дээ. Одоо бол олонхи нь ханачихаж.
Ханачихаж гэдэг нь хов хоосон байсан хүн тодорхой эд хөрөнгөтэй болчихоод
“Байгаль битгий сүйтгэ л дээ. Хоосон хоносон ч яадаг юм” гэж байна шүү дээ.
Хоосон хонохын зовлонг мартчихсан хэрэг. Ийм сэтгэхүйг монголчуудад хүргэх
технологи гадны оролцоотой асар өндөр түвшинд хийгдэж байна. Тиймээс ч ганц,
хоёр шийдвэртэй улстөрч гарц гаргаж чадахгүй. Хийх арга нь зөвшилцөл л байна.
Зөвшилцөөд ч үр дүнд хүрэхгүй байж магадгүй. Оюутолгой, Тавантолгойгоос орж
ирэх мөнгөө олон улсын шүүхийн шийдвэрээр гадаадын компаниудад өгөөд өөрийнхөө
иргэдийг хүн биш болгож магадгүй. Ийм байдлаар Монголын хөгжил 40-50 жилээр
ухрах дүр зураг харагдаж байна. Оюутнууд ч сургуульд сурахаа болино. Ар гэр нь өлсгөлөнд
нэрвэгдэхээр яаж сурах юм. Сургуулиуд дампуурна. Горьдлогын нүдээр харахад
хэцүү л байна.
-Уул уурхайн компанийн захирлууд ирээдүйг өөдрөгөөр төсөөлөхийг хүсч байна. Тэд “Бид нөхөн сэргээлт хийхгүй жижиг компаниудын өмнөөс нөхөн сэргээлт хийе. Байгалиа хамгаалъя. Төрөөс нэхээд байгаа мөнгийг нь өгье” гэж мэдэгдсэн. Яагаад тэдэнтэй ойлголцож болохгүй гэж?
-Тэдний үгийг сонсдог, хамтарч ажилладаг механизмыг нь бүрдүүлэх ёстой. Ажлын
хэсэг гэнэ үү, Онц хуралдаан гэж нэрлэнэ үү хамаагүй.Нэгнийхээ үгийг сонсох
боломжийг бүрдүүлэх ёстой. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ч юмуу эрх зүйн чадамжтай
хэн нэгэн нь ийм хуралдааныг зохион байгуулах хэрэгтэй. Тал, талаасаа
ирээдүйгээ ярилцмаар байна шүү дээ. Урт нэртэй хуулиар Монголын бүх компаниудын
лицензийг хураана. Сүйхээтэй нэг нь талбай дээрээ байгаа бут, сөөгийг тайрч
хаячихаад “Минийхэд байхгүй байна” гээд гүйх л байх. Олонхи нь гарцаагүй
хаагдана.
-Хүчингүй болгосон гэх 254 лицензийн нөхөн төлбөрт 4.7 их наяд төгрөг төлнө гэсэн тооцоо байгаа. Энэ мөнгийг төрөөс гаргах боломж бий юу?
-Оюутолгой, Тавантолгойн ирээдүйн арван жилийн орлогыг өгнө биз. Нэг удаад
мөнгө өгөх яах вэ. Уурхайд ажиллаж байсан хүмүүс ажилгүй болчихвол тэр мөнгийг
цаас гэж ойлгох хэрэгтэй. Учир нь тэд бүгд өртэй. Өрөө төлөөд л өөрсдөө ажилгүй
үлдэнэ. Мөнгө төлж асуудлыг шийдэхээсээ илүү байгаль орчноо нөхөн сэргээгээд
зөв ашиглах гарц хаймаар байна. Гарц хайх санаачлагч л хэрэгтэй болов уу.
-Хураагдсан 254 лицензийн эзэд банкинд 160 гаруй сая ам.долларын өртэй байгаа. Энэ нь таны хэлээд байгаа эдийн засгийн уналт ойрхон байгааг илэрхийлж байна уу?
-Урт нэртэй хуулийг санаачилагчид Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт
оруулсан. Өөрөөр хэлбэл, нөхөн төлбөр бүрэн төлж дууссаны дараа лиценз цуцална
гэсэн өөрчлөлт оруулсан. Тиймээс лиценз цуцалсан гэдэг мэдээлэл байж болохгүй.
Харин одоо Засгийн газар хуульд хамаарах газар нутгийг тодорхойлох зардлыг
төсөвт суулгаж байх ёстой үе. Бут, сөөг, ширгэсэн, ширгээгүй голоо тоолоход цаг
хугацаа, мөнгө шаардлагатай. Тиймээс би 245 лиценз эзэмшигчтэй Засгийн газар
гэрээ, хэлэлцээр эхлүүлж байгаа л гэж ойлгосон.
-Энэ оны төсөвт тэр компаниудад нөхөн төлбөр олгох мөнгө суулгасан уу?
-Нэг ч төгрөг суулгаагүй. Тийм учраас тэр компаниуд үйл ажиллагаагаа явуулах
ёстой.
-Тэгвэл уул, уурхайн компаниуд яагаад сандраад байгаа юм бэ?
-Үүнд асуудал байгаа. Тэр хуульд хийдэл орсон нь маргаан үүсгээд байгаа. Нөхөн
төлбөрийг нь олгож лицензийг нь хураах хүртэл хугацаанд яахаа шийдээгүй.
Хуулиараа хориглочихсон. Гэтэл нөхөн төлбөр нь төрд байхгүй үед яах вэ. Компаниудын
үйл ажиллагааг зогсоох уу. Зогсоолоо гэхэд сул зогссоны мөнгийг нь яах вэ
гэдэгт асуудал үүсээд байгаа. Нөгөө талд сул зогсч байгаа үед лиценз, газрын
төлбөр төлөх юм уу. Үүнд төр бас зогсолт хийх ёстой юу гэдэг нь ойлгомжгүй.
-Үүнийг тэгээд яаж зохицуулах ёстой юм бэ?
-Засгийн газрынхан үүнийгээ мэдэж байгаа. Байгаль орчин яривал л хүн бүрт
таалагддаг цаг үе ирсэн учраас үнэн үгээ хэлж чадахгүй байна гэж харж байгаа.
Ийм аймхай байж болох ч юм уу, үгүй ч юм уу.
-Компаниудын лицензийг хураагаад авлаа гэхэд нөхөн сэргээлтийг нь хэрхэн хийхийг тооцоолсон уу?
-Мөнгө байж л нөхөн сэргээлт хийнэ. Заамар, Бугатад олборлолт хийж байгаа
компаниудыг хөөгөөд явуулж болно. Тэр их олборлолт хийсэн талбайд нөхөн
сэргээлт хийх мөнгийг хэн гаргах нь ойлгомжгүй. Уг нь лиценз эзэмшиж байгаа
компаниудаар нөхөн сэргээлт хийлгээд үйл ажиллагаагаа үргэлжүүлэх боломжийг
олгож болно. Нэг үеэ бодоход Монголын бизнес эрхлэгчид нөхөн сэргээлт хийх
боломжтой болсон. Гэтэл боломжтой үед нь булааж байгааг нь ойлгохгүй юм. Нэг
унци алт 250 ам.доллар байсан үед уурхайчдаа ажиллуулаад байсан. Уурхайчид ч
ажил хийхийн амтанд орсон учраас арай ядан зүтгээд л байсан. Харин одоо байдал
өөр болсон. Тиймээс нэг грамм алт олборлоход, нэг тонн нүүрс ухахад нэг ширхэг
мод тарь гэдэг шаардлага тавьж болно. Байгаль орчноо хамгаална гэдэг мөнгөтэй
хүний хийдэг ажил. Тэгэхгүй бол малынхаа өвсийг бэлтгэж чадахгүй малчид ямар
мөнгөөрөө мод тарьж, голынхоо гольдролыг сэргээх юм. Бодит байдал ийм. Байгалиа
унаган төрхөөр нь хадгална гэдэг гоё сонсогддог ч “Энд хүн амьдруулахгүй” л
гэсэн үг. Хөдөө алтны компанийнхнаас илүү жийп унаад тэнэж яваа нь байгаль
сүйтгэж байгаа. Нөгөө талд уул уурхайгаас болоод байгаль сүйдээд ч байгаа юм
биш. Хүн төрөлхтний хурдтай хөгжил уур амьсгалын өөрчлөлт бий болгосон. Үүнд л
Монгол нэрвэгдэж байна. Гэтэл бусдын хөгжлөөс болоод байгалийн доройтолд өртөж
өөрсдөө газар нутагтаа ойртохгүй байх нь хохиролтой биз дээ. Дараагийн байгаль
хамгаалагчид ямаагаа устга гэнэ биз. Ямаагаа устгачихаад яаж амьдрах билээ.Үнэхээр
л байгаль орчиндоо хайртай бол Сэлбэ голоо урсгачихмаар байна шүү дээ. Сэлбэд
ямар ч уурхай байхгүй биз дээ. Сэлбийн голыг урсгачихаад бусад голыг ингэж
урсгая гэж яримаар байна.
-Төр компаниудаас буцааж авсан газар нутгаа хэзээ ашиглах юм бол?
-Хураасан газар нутгаа огт ашиглахгүй гэж хуульчилсан шүү дээ. Хэзээ монголчууд
бүгдээрээ ядуурна, тэр хүртэл ашиглахгүй байх. Дэлхий дээр хууль мөрддөг,
хуулиа зөрчдөг хоёр янзын улсууд байна. Хууль мөрддөг улсууд нь хөгжчихөж.
Хууль мөрддөггүй Африк, Латин Америкийн улсууд хөгжихгүй байна. Урт нэртэй энэ
хууль манай улсыг хууль мөрддөггүй улс руу хөтөлж байна. Нөхөн төлбөр олгож
байж лиценз цуцална гэсэн хуультай байж нэг ч төгрөг өгөлгүй “Лицензийг чинь
цуцаллаа шүү” гэж зарлаж байгаа нь хуулийг гууль болгож байна. Нэг хэсэг нөхөд
“Тэр хууль чинь ямар хамаатай юм. Би эх нутгаа хамгаалж байна” гэж мэдэгдээд
тэр нь хүмүүст таалагдаад байна. Тэр нь хүн бүр хуулиа өөрсдөө зохио гэсэн
дохиог өгч байна. Хууль мөрдөхгүй болохоор Монгол Улс Африктай л адил болно. Монголчуудыг ийм болгох бодлого хаанаас гарсныг л унших ёстой.
-Та хууль тогтоогчийн хувьд энэ алдааг засах боломжийг олж харж байна уу?
-Намайг ингэж ярихаар “Дарга нар хуулиа яагаад мөрддөггүй юм” гэж асуух нь тодорхой. Монголын хууль гурав хоногийн дотор мөрддөг байхдаа давуу байдалтай байсан. Одоо бол хуулийг гууль болгохын төлөө бүх хүн хичээл зүтгэл гаргаж байна. Энэ байдал даамжирвал НҮБ-ын тусламжийн будаа горьдсон л ард түмэн болно.
-Урт нэртэй хуулийг өөрчлөх яриа УИХ-ын түвшинд гарч эхэлсэн гэх сураг байсан?
-Одоохондоо энэ тухай ярьж байгаа хүн алга. Энэ хуулийг янзалж болно. УИХ-ын
нэг, хоёр гишүүн асуудал болгохоос илүү тойрч суугаад яриад учраа ололцох нь
зөв. Дараа нь эрх зүйн орчноо өөрчилж болно. Уул уурхай гэдэг нэг төрлийн л
бизнес гэдгийг ойлгох цаг болсон. Ашиглаж байгаа газар нь ард түмний өмч учраас
ашигтай, ашиггүй ажилласнаас нь үл хамаарч онцгой татвар авдаг. Энэ татвар бага
байгаа бол үүнийгээ л ярих ёстой. Өөрөөр төр оролцоод, ашиглуулахгүй энэ тэр
гэж ярьдгаа болих хэрэгтэй. Монголын газар нутгийн 20 гаруй хувийн 100 метр
хүртэлх гүнийг судалсан байдаг. Цаашдаа 200 метрийн дор ямар баялаг байгааг
мэдмээр байна шүү дээ.