Урт нэртэй хууль гэнэт хэрэгжиж эхлэв
2012.06.07

Урт нэртэй хууль гэнэт хэрэгжиж эхлэв

2012 оны 6-р сар 6 “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам”-ын дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах, нөхөх олговор тооцох тухай мэдэгдлийг 2011 оны 10 дугаар сарын 10-нд өдөр тутмын сонин болон вэб сайтад байрлуулж олны хүртээл болгосон. Уг журам батлагдсанаас хойш хилийн заагт хамрагдсан 161 ашиглалтын тусгай эзэмшигчдийн 124 нь 243 тэрбум 285 сая төгрөгийн нөхөх олговор авах хүсэлтээ ирүүлээд байгаа юм. 

Харин хуулийн хилийн заагт давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаа явуулах хүсэлтээ гаргасан аж ахуйн нэгжүүд нөхөх олговроос татгалзан ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг нь салбарын яамнаас журмын дагуу бүрдүүлж өгчээ. Нийт 29 аж ахуйн нэгжийн 36 тусгай зөвшөөрөлтэй газар ийнхүү хилийн заагт хамрагдаагүй хэсэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бол журмын дагуу 90 хоногийн дотор хүсэлтээ ирүүлээгүй 41-н тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийг нөхөх олговор өгөлгүйгээр цуцалж байна. 

Ийнхүү Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр 41 тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүйгээр тусгай зөвшөөрлийг бүрэн цуцалсан, 33 тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тусгай зөвшөөрлийн давхцалтай хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 333 тоот тушаалаар тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн цуцалсан 18 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуульд заасан бусад шалтгааны улмаас (тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй...гэх мэт) тус тус цуцлаад байна.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 2011 оны 6 сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсан 242 ашиглалтын тусгай зөвшөөрлийн 92 нь бүхэлдээ болон хэсэгчлэн цуцлагдаад байна.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.