2012.11.28

Урт нэртэй хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг хуралдав

Өнөөдөр 13.00 цагаас УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо Урт нэртэй хуулийн хяналтыг сайжруулах ажлын хэсэг хуралдлаа. Тус хуралдаанаар ажлын хэсгийнхний дүгнэлтийг сонсч, тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд хуулийн хэрэгжилт маш хангалтгүй байсныг хэлсэн юм.

Ажлын хэсэг өнгөрсөн зуны нэг сар Өвөрхангай аймгаас эхлэн хуулийн хэрэгжилтийг хянаж шалгажээ. БОХХАА байнгын хорооны дарга Г.Баярсайхан: “Ажлын хэсгийн тогтоолд маш чухал зүйлс орж байгаа. Сая бид том нуугдмал хэлбэрт орсон зөрчлийг илрүүлсэн.

Нөхөн сэргээлт гэсэн нэрийн доор хандив өгчихөөд зүгээр явах тохиолдол их байна” гэсэн юм. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хоёр жилийн өмнө батлагдсан ч өнөөдрийг хүртэл тун тааруу хэрэгжилттэй байна.

Хурлын үеэр найруулгын хувьд анхаарах зүйл байгааг Д.Дэмбэрэл гишүүн хэлж байлаа. Түүнчлэн тус тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэх үедээ Байгаль орчны сайд, Уул уурхайн сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарыг заавал байлцуулах ёстой хэмээн горимын санал хэллээ.

Хуралдаан түр завсарлаж үдээс хойш 16.00 цагаас болгон хойшлуулсан юм.