Б.Бат-Эрдэнэ: Урт нэртэй хуулийг цуцлах гэж улайрсан гишүүдийн цаана гадаадынхны лобби байгааг үгүйсгэхгүй
2011.02.16

Б.Бат-Эрдэнэ: Урт нэртэй хуулийг цуцлах гэж улайрсан гишүүдийн цаана гадаадынхны лобби байгааг үгүйсгэхгүй

Гол, мөрөн, байгаль орчныг хамгаалах тухай урт нэртэй хуулийг УИХ батлаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй байна хэмээн шүүмжилж, хуулийг хэрэгжүүлэхийг зарим гишүүн шаардаж байгаа. Гэтэл үүний эсрэгээр хуулийг өөрчлөх ёстой гэж мэтгэлцэх гишүүд ч цөөнгүй. Урт нэртэй хуулийг өөрчлөх үү, эсвэл энэ хэвээр хэрэгжүүлэх нь зөв үү хэмээн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Урт нэртэй хуулиас болоод уул уурхайн салбарт багагүй маргаан дэгдлээ. Ялангуяа нөхөн төлбөр олгоогүй хэрнээ компаниудын тусгай эрхийг нь хүчингүй болгох гэж байгаа нь төр хувийн хэвшлийнхний эрхэнд бүдүүлгээр халдаж байна гэсэн шүүмжлэл их байна...?

- Урт нэртэй хууль хэрэгжсэнээр Монгол Улсын хэмжээнд уул уурхайг бүхэлд нь зогсоочих юм шиг тайлбарлаад байгаа. Тийм биш. Харин монгол хүн амьдрах чухал нөхцөл болсон, байгаль орчны тэнцвэртэй нөхцөлийг хангах газруудад байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох юм. Ингэж зогсоохоос өөр арга алга байна. Өнөөдөр байгаль орчны бохирдол, доройтол, химийн хортой бодис ашиглаж байгаа байдал хэрээс хэтэрлээ. Нэг голын эрэг дээр алт ухлаа гэхэд тэр голоос ундаалдаг хэчнээн олон хүн, мал  хохирох вэ. Тийм учраас төрийн зоригтой бодлого гаргаж хийх ёстой л ажил.

Харин нөхөн төлбөр,лиценз цуцлах зэргийг ийм яаруу ярих учиргүй юм. Компаниуд Монгол Улсад мөрдөгдөж байгаа  хуулиуд дэр дундаа Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг хэр хэрэгжүүлж ажилласан бэ гэдгийг нь шалгаж байж шийдэх ёстой. Бид хуулиа буруу ойлгуулж, буруу тайлбарласнаас үүдээд нийгэмд ч өөр ойлголт, сөрөг үзэгдлүүд бий болж эхэллээ. Төрөөс нөхөн төлбөр олгох чимээнээр маш олон аж ахуйн нэгж, тэр дундаа үйл ажиллагаа нь аль эрт зогссон компаниуд хүртэл нөхөн төлбөр авна гээд явж байна. Тэгэхээр ийм эх толгой нь олдохгүй асуудлуудаа цэгцэлж, нэг мөр болго гэсэн шаардлагыг бид тавьсан юм.

-Энэ хуулийг хэрэгжүүллээ гэхэд компаниудад олгох мөнгө найман их наяд болж байгаа. Нөхөн олговорт олгох мөнгийг хаанаас яаж бүрдүүлэх вэ?

-Нөхөн олговрыг бүрэн төлсөн тохиолдолд лицензийг цуцална. Нөхөн олговор олгоогүй байхад лиценз цуцлахгүй. Тийм учраас энэ хуульд Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах хуулиудыг компаниуд хэр биелүүлснээс хамаарч нөхөн олговор олгох тухай ярих ёс-той. Хуулиа биелүүлсэн эсэхийг нь шалгаагүй байж шууд нөхөн олговор олгоно гээд хий хоосон дүн тавьчхаад байгаа юм. Нөхөн олговор олгоно гэдэг нь хүссэн болгонд нь мөнгө өгнө гэсэн үг биш. Тухайн аж ахуйн нэгж Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, Татварын тухай хуулийг биелүүлж чадсан юм уу гээд бүгдийг нь нягтлах ёстой. Манай уул уурхайн компаниуд тэр дундаа алтны компаниуд хуулийг тун хангалтгүй хэрэгжүүлдэг. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 68 хувийн татварыг тэглэсэн. Гэтэл Монголын ард түмний баялаг, алт эрдэнэс гадагш урсдаг байдал хэвээр л байна. Ингээд дүгнээд үзэхээр төр компаниудад мөнгө төлөх биш харин ч эргээд тухайн компаниудаас их хэмжээний мөнгө авах юм. Тэгэхээр хамгийн гол нь хуулиудаа биелүүлж, нөхөн сэргээлт хийж чадаж уу гэдгийг нь шалгах ёстой.

-Урт нэртэй хуулийг батлаад жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч нэр бүхий гишүүд хуулийг цуцлах саналыг өргөн бариад байна. Харин цөөнгүй гишүүд гарын үсэг зурж, энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой гэсэн шаардлагыг Засгийн газарт тавиад байгаа. Дөнгөж жил гаруй хугацаанд хэрэгжиж байгаа энэ хуулийг цуцлахаар хуулийн төсөл оруулж ирснийг та юу гэж үзэж байна вэ?

-Урт нэртэй хуулийг цуцлах энэ бүх явуулгын цаана Америк, Английн том том компаниудын эрх ашиг байгааг үгүйсгэхгүй. Тухайлбал, Бороо гоулд"-ын алтыг авсан " Центерра гоулд" компанийн захирал нэг жилийн өмнө зурагтаар "Бид Гол мөрний эхийг хамгаалах энэ урт нэртэй хууль хүчингүй болно гэдэгт итгэлтэй байна. Энэ асуудлыг бид ярьчихсан байгаа" гэж ярьж байсан. Үнэхээр түүний ярьсан нь биеллээ олж, УИХ-ын НЭр бүхий гишүүд шинэ хууль санаачлаад, Засгийн газар дэмжээд оруулаад ирлээ.Уг нь шинээр хууль санаачилж байгаа гиш үүд тухай н үед урт нэртэй хуулийг батлах үед дэмжсэн санал өгч байсан хүмүүс. Татгалзсан хүн ганц ч байхгүй. Тэгэхээр энэ бол цаанаасаа зохион байгуулагдсан, ашиг сонирхол, лобби, үүрэг даалгавраар хийгдэж байгаа нь ч тодорхой байна.

-Та хууль санаачилсан гишүүдийн нэгийн хувьд хуулийн хэрэгжилтэд хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Хууль огт хэрэгжихгүй байна гэж хэлэхгүй. Хамгийн наад зах нь гол мөрний урсац бүрэлдэх газар, усан сан бүхий газар, энгийн хамгаалалтын газар гэж юу вэ гээд бүх ойлголтуудаа тодорхой болголоо. Хэдийгээр энэ бүхэн хангалттай биш ч гэсэн зарим гишүүдийн үзэж байгаачлан цуцлах шалтгаан биш.Шинээр санаачилж байгаа хууль нь "Өмнө нь олгогдсон хайгуул ашиглалтын зөвшөөрлүүдийг хөндөхөө больё. Хайгуул, ашиглалтын зөвшөөрөлтэй компаниуд нь хайгуулаа хийгээд, ашиглалтаа дуусгаг. Дараа нь дахиж хилийн зааг дээр хайгуул, ашиглалтын зөвшөөрөл олгохгүй" гэсэн гоё тодот-голтой. Хүмүүс ч "Дахиад тусгай зөвшөөрөл олгохгүй гэхээр бас учиртай юм байна шүү" гэж ойлгохоор. Гэтэл яг бодит байдал дээр хилийн зааг дотор дахиж зөвшөөрөл олгоё ч гэсэн зай байхгүй. 1000 гаруй лиценз олгочихсон шүү дээ. Тийм учраас үндсэндээ гол мөрний ойн сан бүхий газар, байгаль орч-ны хамгийн тэнцвэртэй байдлыг хадгалдаг газраа бид ухаад л дуусгах нь. Уг нь Засгийн газар хийе гэж хичээвэл Ашигт малтмалын тухай хуулийн 38.9-д заасны дагуу байгаль орчныг хамгаалах хөрөнгийг тухайн орон нутгийн дэргэдэх тусгай санд төвлөрүүлээд шийдэх боломжтой. Гэтэл Засгийн газар юу ч хийхгүй байна. Харин ч хонинд орсон чоно гэдэг шиг энэ хугацаанд амжиж яаж хурдан алтыг нь авах вэ гэсэн уралдаан л бүтэн жилийн хугацаанд явлаа. Байгаль орчин сүйдэж байгаа энэ байдлыг хязгаарлах, шаардлагатай хөрөнгө мөнгийг төвлөрүүлэх, нөхөн сэргээлт хийх зохицуулалтыг яаралтай хийх цаг болсон. Засгийн газар үүнийг хэрэгжүүлэхийн төлөө хуруугаа битгий хэл хумсаа ч хөдөлгөхгүй байгаа нь дургүйд хүчгүй гэдэгтэй адил байна. Хийхгүй хүнд шалтаг олддог, хийе гэвэл арга нь олддог гэдэг шүү дээ.

-Аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг нь цуцалчихвал 10-20 мянган хүн ажилгүй болно гэж "айлгаж" байгаа. Ажлын байр яаж нэмэгдүүлэх нь толгойн өвчин болоод байгаа энэ үед 1700 тусгай зөвшөөрлийг цуцална гэдэг ажилгүйдлийг нэмэх эрсдэлтэй биш үү?

-10-20 мянган хүн ажилгүй болно гэдэг хөөрөгдсөн тоо. Яг бодит байдал дээр 1000-2000 хүний асуудал л бий.Эдгээрийг зохицуулах бүрэн боломжтой.Говийн бүсүүдэд гарч байгаа том том төслүүд дээр ажиллуулж болно. Тухайлбал, Мянганы замын болоод төмөр замын төслүүд, том том уурхай гээд олон салбарт ажиллуулж болно. Мөн Монголын хөрөнгө оруулалттай компаниудыг ч өөр талбарт шилжүүлэх бололцоо бүрэн байгаа. Тэгээд ч хэсэгчилсэн давхцалтай цуцлагдахаар 300-аад  л зөвшөөрөл байгаагаас биш 1700 тусгай зөвшөөрөл бүгд цуцлагдахгүй. Энэ бол хүмүүсийн анхаарлыг татах гэсэн бас нэг арга болохоос бодит тоо биш.

Дээр хэлсэнчлэн энэ хуулийг гадны,томоохон, хөрөнгө мөнгөтэй компаниуд цуцлуулж, өөр шинэ хууль батлуулахын тулд хүчтэй лоббидож байгаа. Ингэхийн тулд өөрсдөө харагдахгүй, урдаа өөр нэгнийг бамбай болгон харагдуулдаг технологийг ашиглаж байна. Жишээ нь " Гачуурт центра гоулд", "Бороо гоулд центра гоулд" гэдэг компаниуд  алтны жижиг компаниудыг өмнөө бариад энэ олон хүмүүс ажилгүй боллоо гээд байгаа юм. Гэтэл тэр жижиг компаниуд гар аргаар алт олборлодог, нинжа нарыг урдаа бариад  явж байна.Өөрөөр хэлбэл,том багын ялгаа байгаагаас биш яг ижил технологиор ажиллаж байгаа хэрэг. Харамсалтай нь энэ бүх лоббины цаана хуулийг хүчингүй болгох сонирхолтой цөөхөн хэдэн компаниудын эрх ашиг л бий.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.