Г.Баярсайхан: “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмыг баталвал олон гол горхи ширгэнэ
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-2013 оны улсын төсөвт тодотгол хийхээр боллоо. Тодотголыг ямар байдлаар хийвэл зүгээр гэж та үзэж байна вэ?
-Эдийн засгийн хямрал нийгмийг эрүүлжүүлж, улстөрчдийг бодитойгоор сэтгэхэд хэрэг болж байна. Засгийн газар айлын эрх хүүхэд шиг цамаан зан гаргаж, баруун солгойгүй мөнгө цацаж байлаа. Төсөвт гишүүд бодитой хандах нь зүйтэй байх. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, хэт өөдрөг төсөөлөл хийгээд хэрэггүй.
Дэлхийн эдийн засгийн байдал, нүүрсний зах зээлээ харж байгаад ул суурьтай төсвөө хийх шаардлагатай гэж үзэж байна. Төрийн өмчийн олон байгууллагыг хувьчлах хэрэгтэй. Үүнийг төсөв ярихаас өмнө хийх нь зүгээр байсан. Энэ газруудын төсөв, улсад их хэмжээний ачаа үүрүүлж байна. Ихэнх нь авлига, хээл хахууль уул уурхай болж хувирчихаж. Монгол Улсыг авлигаар хойш татаж буй ганц зүйл нь улсын үйлдвэрийн газрууд шүү дээ.
Тиймээс уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс бусдыг нь хувьчлах ёстой. Төсвийн тодотгол хийхдээ эрүүл мэнд, сургууль, цэцэрлэгийн барилгыг танаж болохгүй. Мөн усан бассейн, номын сангийн барилгын төсвийг хасах шаардлагагүй.
-Төсвийн тодотголын дараа Монгол Улсын ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Авлигажсан төсөв болох нь гэсэн шүүмжлэл их байна лээ?
-Авлигажсан төсөв гэж яригдаад байгаа. Энэ яах аргагүй үнэн. Тухайн салбар хариуцсан сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар барилга барьж буй компанитай тохироод “Танайх ирэх онд төсвөө нэмээд ороод ир. Би батлаад өгье” гэдэг. Тэгээд мөнгөө хувааж авдаг. Үүнийг бүгд мэдэж байгаа. Тиймээс нэн түрүүнд хариуцлагын асуудал ярих ёстой. Тендерт шалгараад товлосон хугацаандаа бариагүй барилгын компанийг хэрхэхийг шийдэх ёстой.
Дэлхийн зах зээлийн хямрал зэргээс үл хамаарсан хүчин зүйл байсан бол асуудлыг уян хатан авч үзэх хэрэгтэй юм. Мөн он дамжсан сургууль, цэцэрлэгийн барилгыг энэ удаадаа үргэлжлүүлэхээс өөр аргагүй. Төсвийн тодотгол ирэх оны төсвийн төсөлтэй уялдах ёстой. Наад захын жишээ хэлэхэд, валютын ханшыг зах зээлийн ханшаар тооцох хэрэгтэй. Хамгийн муу боломжит хувилбараар л тооцож хиймээр байгаа юм.
-“Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас хуулийн төсөл боловсруулаад байгаа. Уг хуулийн төсөл багагүй хэл ам дагуулж байна. Энэ асуудалд та Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?
-“Урт нэртэй” хуульд өөрчлөлт орохгүй. Харин дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хоёр байдлаар харах ёстой. Эхлээд эдийн засагт нөлөөлөх цар хүрээ, хэдий хэмжээний алт оруулж ирэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Уул уурхайн яамныхан жилд 38 тонн алт Монголбанкинд тушаана гэж тооцоолсон байна лээ. Эдийн засаг хүндэрсэн үед энэ нэмэр болно. Алтаа валют болгоод Төв банкныхаа нөөцийг нэмэгдүүлэх боломж бий. Харин байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхгүй. Маш олон гол горхи ширгэнэ. Нөхөн сэргээлтийг зохих журам стандартын дагуу хийсэн компани байгаа.
Энэ хуулийг баталсан тохиолдолд би нэг л зүйлээс болгоомжилж байна. Нөхөн сэргээлтийн барьцаа болгож 50 хувийг нь дансанд байршуулж үлдсэнийг нь биет бус хэлбэрээр байхаар болгосон нь хэр оновчтой байх юм. Мөнгөө байршуулсан ч нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийх эсэх нь баталгаатай бус. Тухайлбал, Байнгын хорооны шугамаар Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн алтны уурхайд очиж ажиллалаа. Тэр үед бид хууль бусаар алт угааж байсан тоног төхөөрөмжүүдийг лацадсан.
Гэтэл түүний дараа орон нутгийн эрх баригчид лацыг нь аваад алт угаалгасан байна лээ. Хууль тогтоох дээд байгууллага, орон нутгийн эрх баригчид хоорондоо зөрчилдөж байна. Ийм тохиолдолд яах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Хуулиа хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж буй ч биелэгдэх эсэх нь эргэлзээтэй байна.
-Гол горхи ширгэх аюултай юм бол дагаж мөрдөх журмын тухай хуульд заавал өөрчлөлт оруулах шаардлагагүй биз дээ?
Байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд 600 гаруй тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн асуудал яригдана.
-Байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд 600 гаруй тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн асуудал яригдаж байгаа юм. Энэ мөнгийг компаниуд төрд өгөхөд хүндрэлтэй. Тиймээс компаниудаас өөрсдөөс нь мөнгө гаргуулж, нөхөн сэргээлт хийлгэе гэсэн зарчим хуулийн төсөлд явж буй юм. Энэ байж болох зүйл. Гэхдээ сөрөг үр дагавар тодорхой хугацаанд гарна. Үүнд л санаа зовж байна. Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулахын тулд ийм хэлбэрээр гарц эрэлхийлэх нь хэр оновчтой юм бол. Ний нуугүй хэлэхэд Өлтийн уурхайд “Урт нэртэй” хууль хүчгүйдээд байна. Монгол Улсын Их хурал ч хүчгүйдэх шинжтэй.
-Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төсөлд өсөн нэмэгдэх рояалтиг 2.5 хувь болгосон нь байгалийн баялгаа үнэгүй ашиглуулснаас ялгаагүй зүйл боллоо хэмээн үзэх хүн олон байна. Хөрөнгө оруулалт татах гэж байна гээд баялгаа үнэгүйдүүлэх нь сайн зүйл биш байх?
-Хүмүүс асуудлыг бэлчээрийнхээ хэрээр харж, сэтгэх байх. Хэт явцуу хүрээнд асуудлыг харж болохгүй л дээ. Хэдийгээр 2.5 хувиар буулт хийж буй ч Оюу толгойн 1800 тонн алт хэдэн зуу дахин өссөн мөнгө болж Монголбанкинд очно. Татвар тодорхой хэмжээгээр буурсан ч тэр алтны үр шим нь монголчуудад ирнэ шүү дээ. “Бага чулуугаар том чулууг доргио” гэдэг үг байдаг.
Тэр зарчмаар л хандсан байна. Өсөн нэмэгдэх рояалтиг таван хувиар нь байлгаж, Оюу толгойн бүх алтыг Хятад руу гаргаад үз. Тэгвэл алинд нь ашигтай байх вэ. Үүнийг бодох хэрэгтэй. Уул уурхайн салбарыг илүү либериал болгох хэрэгтэй. Стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа газрын ховор элемент, коксжих нүүрс зэрэгт анхаарах ёстой. Энэ салбарыг нээлттэй болгож байж бид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ.
-Ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Мөнгөний бодлого хэр чамбай боловсруулагдсан бол?
-Монголбанкны удирдлагууд УИХ-аас томилогддог, хараат бус байгууллага. Засгийн газрын харьяа байгууллага шиг ажиллаж болохгүй, бие даасан бодлогоо хэрэгжүүлээд явах учиртай. Харин “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг би дэмжиж байгаа. Зарим улс гүрэн ийм бодлого хэрэгжүүлдэг.
Ялангуяа хямрал, хүндрэлтэй буй ийм үед хэрэгжүүлдэг юм. Харин уг хөтөлбөрийг байнга хэрэгжүүлбэл төр хувийн хэвшлийн зарим компанийг дэмжсэн хэрэг болно. Тэгэхээр тодорхой хугацаанд хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Манайх энэ хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон.
Хэрэв уг хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй байсан бол эдийн засаг одоогийнхоосоо дордох байсан. Хөдөө аж ахуй, барилгын салбараа дэмжээгүй бол одоо бий болоод буй ажлын байрууд бий болохгүй шүү дээ. Гэхдээ энэ хөтөлбөр эдийн засгийг өсгөх, хөгжүүлэх сонгодог арга биш гэдгийг хэлмээр байна. Цаашид бүх зүйл чөлөөт өрсөлдөөн дунд явагдах ёстой.