Хууль санаачлагчид сэтгүүлчдэд мэдээлэл хийв
Байгаль орчныг хамгаалах талаар төр засгийн зүгээс нэгэн чухал шийдвэр гаргасан нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг УИХ-аар баталсан явдал боллоо.
Уг хуулийг санаачилсан УИХ-ын нэр бүхий гишүүд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж хуулийн үзэл санаа, ач холбогдол, хуулийг хэрэгжүүлэхэд юунд анхаарах ёстой талаар тайлбар хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулав.
2009 оны 3 дугаар сард УИХ-д өргөн баригдсан уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсгийнхэн холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд, мэргэжлийн хүмүүстэй хамтран цаг хугацаа ихээхэн шаардсан том ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээ хэлж байлаа. Хуулийн үйлчлэлд хамрагдах бүсэд шинээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй, хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгогдсон бол хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах, ашиглалтынхыг цуцлахдаа Засгийн газраас тогтоосон журмын дагуу нөхөн олговор төлөх, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн хяналт дор явуулахаар хуульчилж өгсөн байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ярихдаа: “Сүүлийн жилүүдэд Монгол орны олон гол горхи ширгэн, ой мод сүйдэж байгаа нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахад хүргэж байна. Байгаль орчинд хохирол учруулж байгаа гол хүчин зүйлүүдийн нэг нь усны сав, ой бүхий газруудад уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаад оршиж байна. Төрийн бодлого энэ чиглэлээр алдаатай явж ирснийг засаж залруулах, бага дээр нь таслан зогсоох шаардлагатай байгаад хариулт болсон шийдвэртэй алхам нь УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр эдгээр хууль, шийдвэрийн төслүүдийг эцэслэн баталсан явдал юм.” гэлээ.
Байгаль орчныг хамгаалах эдгээр хууль, шийдвэрүүдийг амьдралд хэрэгжүүлэх гол ажил эхэлж байна, үүнд хэвлэл, мэдээллийнхэн, иргэд олон нийт хяналт тавин идэвхтэй оролцож, ирээдүй хойч үедээ байгалиа унаган дүр төрхөөр нь өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулах ёстойг хууль санаачлагчид хэлж байв.
Уг хуулийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Одхүү, Ц.Сэдванчиг, Р.Буд, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, Ш.Сайхансамбуу, Д.Энхбат нарын гишүүд санаачлан боловсруулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Батбаяр, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь, Д.Батбаяр, Н.Ганбямба, Ж.Энхбаяр нар орж ажилласан байна.