АТГ-ын даргын томилгоог өнөөдөр хэлэлцэхгүй
Хууль зүйн байнгын хорооны хурал үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дэмжсэн.
Харин яг одоо хэлэлцэх асуудлын хуваарт багтсан Прокурорын байгууллагын тухай шинэчилсэн найруулгын төсөл, холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт танхимд орж ирэн, АТГ-ын даргын томилгоог яаралтай хийх ёстойг санууллаа. Тэрээр "АТГ-ын даргын томилгоог хэлэлцээд өгөөч. ХЗБХ хууль зөрчөөд удлаа. Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар завсарлага авахыг хүссэн боловч завсарлага өгөөгүй. Гэтэл Ардчилсан намынхан АТГ-ын даргын асуудлаар хууль зөрчиж завсарлага авсан. Одоо завсарлага авсан тав хоногийн хугацаа дуусчихаад байхад асуудлаа хэлэлцэхгүй байна. Нэртэйгээр нь Ардчилсан нам хууль зөрчиж болно гэдэг хуулийн төсөл боловсруулаад баталчихаач" гэлээ.
Үүний хариуд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат "Та ингэж хэллээ гээд хууль зөрчсөн болчихгүй. Хэлдэг газраа хэлээд яв. Хууль зүйн байнгын хороо эхлэхээс өмнө цагтаа орж ирээд асуудлаа тавих ёстой байсан. Өөрөө хоцорч орж ирчихээд албан тушаал яриад байх юм. Өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргын асуудлыг хэлэлцэхгүй" гэлээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.