Л.Болд гишүүн яармагийн иргэдэд ажлаа тайлагналаа
2016.05.24

Л.Болд гишүүн яармагийн иргэдэд ажлаа тайлагналаа

Эрх баригч Ардчилсан намын зүгээс нийслэл хотод хийсэн ажлынхаа үр дүнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайнтай, муутай олон нэр зүүсэн.

Ямар ч Засгийн газар, хотын удирдлагын өөрчилж чадаагүй олон өөрчлөлтийг гаргаж чадсан гэж зарим нь үзэж байхад үүнтэй санал нийлэхгүй өөр нэгэн ч байх. Саяхан нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хурлынхаа хаалт дээр ”Амины орон сууцтай, агаар нь цэвэр Улаанбаатар хотыг бий болгохын тулд бид олон чухал шийдвэр гаргажээ. Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлт хийх байршлуудыг тогтоон, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Гэр хорооллыг орон сууц болгон дахин төлөвлөх ажлын хүрээнд нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд 588 айлын орон сууц, 2015 онд 1656 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.

Гэр хорооллын иргэд хэсэг бүлгээрээ нэгдэж, хашааны газартаа өөрсдөө төлөвлөлт хийх шинэ журмыг ч бид бас баталлаа. Гэр хорооллын есөн нэгж талбарт иргэд хашааны газраа өөрсдийн хүслээр төлөвлөн, инженерийн дэд бүтцэд холбогдсон тохилог сууцтай болох ажил хэдийн эхэлжээ” хэмээсэн ба үүний талаар ч иргэд янз бүрээр санаа бодлоо илэрхийлж байв.
Улаанбаатар хотын Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар барилгажуулах хөтөлбөр 2013 оноос эхлэн хэрэгжиж байгаа боловч уг төсөл нь хэт том, иргэдэд гэхээс илүү барилгын компаниудад илүү ашигтай, иргэд компаниуд орон нутгийн удирдлага хоорондын ойлголцлын асуудал асар ярвигтай, төсвийн дарамт ихтэйгээс шалтгаалан удаашралтай, зогсонги байдалтай явагдаж байгаа нь бодит үнэн. 
Тэгвэл хэвлэлээр яриад, бичээд байгаа шиг байдал ямар байгааг сурвалжлахаар манай сурвалжлах баг өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэлийн захын хороодод ажиллаж, гэр хорооллын иргэдийн санал бодлыг нь сонссон юм. Тухайлбал нийслэлийн Хан-Уул дүүргийн IV, V, VI, VIII хороод буюу Яармагийн оршин суугчдын санаа бодлыг сонслоо.

Яармагийн иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд сэтгэл өндөр байгааг олонтаа дурдаж, дүүрэгт нь, хороонд нь сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа бүтээн байгуулалтыг талархан хүлээж авч байгаагаа ярьж байв. Үүний зэрэгцээ Яармагийн иргэд огт өөр зүйл ярьж эхэлсэн нь бидний анхаарлыг татсан билээ. Тэд дахин төлөвлөлтөөс ч илүү оршин суугчдад өгөөжтэй, иргэдийн санаа бодол, санаачлагаас шалтгаалах бүтээн байгуулалтыг сонирхон судалж эхэлсэн болохыг бид сурвалжлагынхаа явцад мэдэж авсан. Учир юун гэвээс УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилсан “Гэр хорооллыг хөгжүүлэх тухай” хуулийн төсөлд иргэд анхаарлаа хэдийнэ хандуулж эхэлжээ. 
Уг төслөөс хамгийн их хожих сонирхлын бүлэг нь иргэд байх гэнэ. Тухайлбал заавал нийслэл, дүүргийн удирдлагуудаас эс шалтгаалан иргэд хэсэг бүлгээрээ нэгдэж, төсөл төлөвлөгөө зохион, зарим нь үйлдвэр, үйлчилгээний жижиг төв бүхий амины орон сууц бүхий хотхон, эсхүл орон сууцны хороолол бариулах, өөр бусад нь илүүдэл талбайгаа зарж борлуулах, түрээслэх зорилгоор өөр өөрсдийн санаачилгаараа яаж ч ирээдүйгээ өөрчилж болох боломжийг хуульчилж өгөхийг хүсэж байгаа юм.

Биднийг сурвалжлагаар явж байхад УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн дөрвөн жилд хийж гүйцэтгэсэн ажлаа иргэдэд тайлагнан Яармагийн хороодоор явж байгаатай тааралдсан юм.

Тэрбээр дээр дурдсан “Гэр хорооллыг хөгжүүлэх тухай” хуулийн төслийн санаачлагч бөгөөд 2015 оноос эхлэн дотоод, гадаадын туршлага судлан Монголын хөрсөнд таарч тохирох, иргэдийн эрх ашигт бүрэн нийцсэн шийдлүүдийг төсөлдөө шингээж ирсэн байна. Түүнийг дагалдан Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч С.Баасандолгор, дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, төлөөлөгч Э.Түвшин, Г.Энхбилэг нар иргэдтэй уулзаж санаа бодлыг нь сонсож байв. 
Хан-Уул дүүргийн VI хорооны иргэн Г.Жамбалсүрэн “Надад нэг санал байна. Энэхүү хуулиа хурдан боловсруулаад инженерийн шугам, дэд бүтцийн асуудлыг хурдан шийдэж өгвөл сайн байна. Хашаандаа инженерийн шугам оруулчихвал олон сая төгрөгийн байр бидэнд хэрэг байхгүй. Өөрсдөө хашаандаа дулаан, бохир, цэвэр усаа оруулаад тохитой амьдрах боломж байна” гэсэн бол VI хорооны иргэн н.Юра “Би 68 настай Яармагтаа 56 жилийг өнгөрөөсөн. Тэр үед манай дэнж ногоон дэнж байсан. Одоо бол ногоон дэнж маань битүү гэр, байшин, барилга болсон байна.



Тэр үеийнхээс амьдарч байгаа орчин маань өдөр, шөнө шиг ялгаатай болсон. Тэр үед шөнө орой харанхуй болохоор хүүхдүүдээ автобусны буудлаас тосч авдаг байсан одоо бол хүүхдүүд маань гэрэлтэй гудамжаар ирдэг болсон. Авто зам шулуун, дардан техник хэрэгсэл явахад боломжтой болсон байна”, VI хорооны иргэн н.Дуламсүрэн “Дассан сурсан газар орчноо ийм сайхан болохыг харчихвал ч мань мэт санаа амар нүд аних нь байна шүү”, IV хорооны иргэн н.Балдан “Нэг санал хэлэх гэсэн юм. Яармаг орчмыг инженерийн шугамд холбоод өгөх хэрэгтэй байна. Бид яагаад энэхүү асуудлыг хүсээд байна гэхээр олон жил нэг довон дээр суурьшсан болохоор бохир дүүрээд өөрчлөж ухах газар алга.

Өндөр байшингаар газраа сольё гэхээр дараагийн үедээ өв уламжлан үлдээх хөрөнгөгүй болох гэдэг үнэн. Хойч үедээ хоёр өрөө байр үлдээх чухал биш байна.

Таны энэхүү хуулийн төслийг дэмжиж байна” гэх мэтээр санал, сэтгэгдлээ илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн Л.Болд “Гэр хорооллын хөгжлийн талаар гадаад дотоодын туршлага судласаны үндсэн дээр энэ хуулийн төслийг гаргасан. Иргэн бүр газар өмчлөх хуультай холбоотой иргэдэд өмчлөгдсөн газар дээрээ иргэн төвтэй хөгжлийг бий болгох гол үзэл санаан дээр хуулийн төслийг боловсруулсан. Ер нь байранд орохоо шийдэх үү аль эсвэл өөрийнхөө газар дээр хөгжлийг авчрах уу гэдэг сонголтыг шийдэж ажил хэрэг болгох эрх зүйн зохицуулалт, санхүүгийн бүх бололцоог энэ хуулиар бий болгох юм. 

Төр захиргаа үүргээ хүлээнэ, иргэд цаана нь байгаа учир баталгааг нь өгнө.


Гэр хороолол бол шинэчлэл, уламжлалаа хамтад нь багтаасан жинхэнэ Монгол хүний амьдрах орчин. Гэр хорооллоос амьдарч эхэлсэн хүн Монгол эх нутгаа хайрладаг, Монгол хэл, соёлоо хайрладаг хүн болон Монгол гэдэг орчноо хэзээ ч алдахгүй өсч бойждог. Ийм байдлаар өнөөдрийн хөгжлийг өөрсдийнхөө хороолол дээр Монгол Улс даяараа үлгэр жишээ болоход Яармагийн хувьд бэлэн байна. Төр захиргаа үүргээ хүлээнэ, иргэд цаана нь байгаа учир баталгааг нь өгнө.

Төр захиргааны баталгаа байгаа учир банк, санхүүгийн байгууллага, олон улсын санхүүгийн байгууллага ямарч асуудалгүйгээр санхүүжилтийг нь шийднэ” хэмээн ярьж байв.

Яармагийн гэр хороолол нь инженерийн байгууламж, дэд бүтцийн асуудал шийдэгдэж дууссан одоо хашаа, гудамж бүрт хоолой татаж оруулах л дутуу байгаа аж. 
Яг энэ нөхцөлд дээр дурдсан хуулийн төсөл батлагдсан тохиолдолд Яармаг орчим жинхэнэ иргэдийн санаа бодлыг сонсож дахин төлөвлөлт хийсэн, тэдэнд ашигтай, жишиг хороолол болж хувирах боломжтой юм байна. Ер нь хуулийн төсөл батлагдсанаар ганц Яармаг гэлтгүй бүх орон даяар гэр хороололд оршин суудаг иргэд ганц барилгын компаниас үл шалтгаалан амьдрах орчноо өөрчлөх томоохон боломжтой болох аж.