Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийг шинэчиллээ
2016.06.16

Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийг шинэчиллээ

Мэргэжлийн боловсрол, сургалтын дээд удирдлагыг хэрэгжүүлэгч Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн батлах тухай  Засгийн газрын тогтоолын төслийг  Засгийн газрын өнгөрсөн тавдугаар сарын 30-ны  хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1-д Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл нь Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоог хангаж, тогтвортой ажиллах баталгааг бүрдүүлсэн орон тооны бус байгууллага байхаар хуульчилсан.  Мөн хуульд Үндэсний зөвлөл нь Мэргэжлийн боловсрол, сургалтын дээд удирдлагыг хэрэгжүүлнэ гэсэн заалт ч бий.

Хуулийн дагуу уг зөвлөлийг 2009 онд анх байгуулж Засгийн газарт орсон өөрчлөлттэй холбоотойгоор 2012 онд шинэчилсэн. Гэвч 2014 онд  Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орж зарим яамд татан буугдаж, заримынх нь чиг үүрэг өөрчлөгдсөн, Мэргэжлийн болорвсрол сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан зэрэг шалтгааны улмаас Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн болон дүрмийг шинэчлэх зайлшгүй шаардлага байгааг Засгийн газрын хуралдааны үеэр онцолсон. Шинэчлэн баталснаар Үндэсний зөвлөлийг Хөдөлмөрийн сайд ахалж, БХБЯ, БСШУЯ, УУЯ, ЭХЯ, ХХААЯ, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, АҮЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын барилгачдын холбоо, Монголын Эрчим хүчний ассоциаци, Монголын Авто замчдын холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын мэргэжлийн сүү үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл багтаж нарийн бичгийн даргаар нь Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга ажиллахаар болжээ.    

Үндэсний зөвлөл мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хэрэгжүүлж буй Чадамжид суурилсан сургалтын тогтолцооны онцлогтой уялдуулан нийгмийн түншлэлийн оролцоог сайжруулах, ажил олгогч, мэргэжлийн зөвлөл, салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд ажил олгогчдын шаардлагад нийцсэн ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад санал зөвлөмж өгөх, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Улмаар ажил олгогч, орон нутгийн удирдлага, салбарын яамдын захиалгаар хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр суралцагч элсүүлснээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдэж, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад оруулах хувь нэмэр   дээшлэх олон сайн талтай юм.