Эдгээр өдрүүдэд согтуу жолооч нараас болж нас барагсдын тоо гуч орчим хувиар нэмэгддэг. Энэ жилийн баярын өдрүүдэд гэхэд л 3271 хүн гэмтэж, 397 хүн нас барж, 110,099 хүн баривчлагдсан байна. Түүнчлэн 3104 зам тээврийн осол гарч, замын шалган нэвтрүүлэх зурваст 5772 автомашин саатуулагдаж, 16346 согтуу жолооч үнэмлэхээ хураалгажээ.
Уг нь Тайландын автозамын чанар нь хөрш орнуудтай харьцуулахад чанартай, сайн гэж үнэлэгддэг. Гэхдээ энэ нь хурд хэтрүүлэх нэг шалтгаан болсон тул хөдөө орон нутаг руу зорчих зам айдас хүргэм хурдны зам болон хувирчээ.
Тайландын зам байнгын ачааалал ихтэй байдаг. Энэ нь тус улсын хөрөнгө чинээнээс гадна олон нийтийн тээврийн хэрэгслийн хангамж муутай холбоотой. Тайландын замаар машин гэхээсээ илүү моторт дугуй, мотоцикл хөлөглөсөн хүмүүс олноор зорчдог. Энэ хэрээрээ нийт осол аваарын 75 хувийг мотоцикл хөлөглөсөн хүмүүс эзэлдэг. Тэдний тал нь л зориулалтын малгай өмсдөг. Жолоочийн ард суух зорчигч малгай өмсөх нь бүр л ховор үзэгдэл.
Хот доторх хурдны дээд хязгаар 80 километр байдаг тул жолооч нар голдуу давхидаг. Иймд хөдөө орон нутгуудад тус хязгаарыг бууруулах арга хэмжээг авч эхлээд байна.
Тайланд улсын автозамын соёл тун сул. Автозамын хяналтын камерын тоо олширч, осол аваарыг бүртгэх боломж сайжирсан боловч зөрчил гаргасныхаа төлөө торгууль төлдөг жолооч бас л цөөн байдаг. Засгийн газар хууль дүрмийг сайн сахиулж чаддаггүй тул жолооч нар жолооны үнэмлэхээ барагтаа л бол хураалгадаггүй.
Харин Тайландын эрх баригчид энэ асуудалтай хатуу тэмцэхээр шийдэв бололтой. Учир нь автозамын аюулгүй байдлын тухай шинэчилсэн хууль гаргахаар ид ажиллаж байна. Шинэ хуулийн дагуу согтуугаар авто тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарыг хорих, саатуулах арга хэмжээг авахаар төлөвлөж байна.
Тайландын Засгийн газраас шинэ хуулийг ямар нэгэн арын хаалгагүй, хүчээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Учир нь баян, нэр нөлөөтэй хүмүүс осол гаргаад ял шийтгэл хүлээлгүй, хэргийн газрыг орхих явдал олон гарч байсан. Энэ нь баян л бол хуулийг уландаа гишгэж болно гэсэн сөрөг суртлыг олонд түгээж байгаа учраас хууль, дүрмийн хэрэгжилтийг чангатгахаар Засгийн газар эрс шийдсэн бололтой.