Иргэдээ бодоогүй шийдвэр гаргалаа гэв
2016.08.25

Иргэдээ бодоогүй шийдвэр гаргалаа гэв

Засгийн газраас Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан.

Энэхүү хуулийн төсөлтэй холбоотой цалингаа хасуулж, төлөх татвар нь нэмэгдэх асуудлаар иргэд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд гомдол ихээр гаргах болжээ.

Иймээс ч Монголын үйлдвэрчний эвлэлүүд 2016 оны төсвийн тодотголоор хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлуудыг хүрсэн түвшингээс дордуулсан Төсвийн тодотголын төслийг дахин боловсруулж хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Засгийн газраас шаардаж байна.

Тодруулбал, төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг гурав дахин бууруулах, бүтцийн өөрчлөлт нэрийн доор мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголон халах саналуудыг Сангийн яам гаргаж, алдагдалд орсон төсвөө тодотгохоор болсон юм.

Мөн эдийн засгийн хямрал ард иргэдэд хүндээр тусч буй ийм үед татварын хөнгөлөлтөөр иргэдээ дэмжихийн оронд Засгийн газар Нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан болон ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэмэх болсон нь буруу гэж МҮЭ-үүд эсэргүүцэж байна.

Тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлж, хүүхдүүдийг ялгаварлан үзэж хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 орчимд хувьд өгөх нь иргэдээ ялгаварласан үйлдэл гэлээ.

Иймээс МҮЭ-ийн холбоо иргэдийнхээ нийгмийн хамгаалал, амьжиргаа, хөдөлмөрийн харилцааны асуудлуудыг нийгмийн түншлэл-гэрээ хэлэлцээрийн зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэх саналыг дахин Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын байнгын хороодод хүргүүлжээ.