Сонгогчидтойгоо “үлдсэн” эрхэм гишүүн
2012.01.25

Сонгогчидтойгоо “үлдсэн” эрхэм гишүүн

Энэ удаагийн “76:?” буландаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг онцолж байна. Тэрбээр 2008 онд МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшигч, ялалт байгуулсан. Төрийн албанд 20 жил зүтгэж, Эрчим хүч, Сангийн яам, БСШУЯ гээд гурван том салбарт ажиллаж, нөр их туршлага хуримтлуулсан түүнийг УИХ дотроо өргөн мэдлэгтэй гишүүн гэдэг юм билээ.

Амлалт

2008 оны УИХ-ын сонгуульд оролцсон нэр дэвшигчид хувийн зүгээс олон зүйл амлаагүй. Ерөнхийдөө намын мөрийн хөтөлбөрийг барьж сонгуульд оролцож байсан. Ц.Даваасүрэн гишүүн ч гэсэн намын мөрийн хөтөлбөрийг гол болгож, УИХ-ын сонгуульд өрсөлдсөн юм. Гэхдээ улс эх орны хэмжээнд олон ажил хийж хэрэгжүүлэхээ тойргийнхондоо илэрхийлсэн байдаг. Мөн хувийн зүгээс иргэдийн хүсэлт, сонирхлын дагуу аймаг орон нутагт хэрэгтэй ажил хийхээ амласан байдаг. Амлалтаа биелүүлэхийн төлөө
ажилласан, 100 хувь биелүүлсэн гэдгээ ч эрхэм гишүүн олон жишээгээр батлан хэлдэг. Ард иргэд ч тэгж үнэлдэг юм билээ. Ц.Даваасүрэн гишүүн зөвхөн сонгогдсон тойрогтоо ажиллана гэж жижиг сэтгэдэггүй. Улс орны хэмжээний томоохон асуудлуудыг шийдэхийн тулд ажилладаг түшээ. Улс орны асуудлууд шийдэгдэн гэдэг цаашлаад аймаг, сум, баг, иргэний асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Наад захын жишээ гэхэд, тэрбээр 20 гаруй жил ажилласан гурван салбарынхаа хүрээнд олон зүйлийг хийсэн байдаг. Тэрбээр Сангийн яаманд хамгийн олон жил ажилласан байдаг. Энэ хүрээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төсвийн хуулийн шинэчлэлт, төлөвлөлт, тэр дундаа төрийн сангийн шинэчлэлийн хүрээнд тодорхой ажил хийсэн. Төсвийн хууль шинэчлэгдэж гарсан. Хуучин төсвийн төлөвлөлт саналын цуглуулга маягаар явдаг байсан. Тиймээс шинэ хуулиндаа нэгдсэн төлөвлөлттэй байж, урт, дунд хугацаанд төлөвлөж, тэр төлөвлөгөөнийхөө дагуу төсвөө боловсруулдаг байх асуудлыг шинэ хуульд оруулж өгсөн.  Түүнээс гадна хэрэгтэй, хэрэггүй их, дээд сургуулиудын тоог цөөрүүлэх асуудлыг шийдвэртэй ярьж, эрхзүйн зохицуулалтыг нь хийж ирсэн. Энэ хүрээнд мэргэжлийн боловсрол,  сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг дэм­жихээ илэрхийлж байсан. Тиймдээ мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийг гаргаж, тухайн чиглэлийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулж өгсөн байгаа. Мөн салбарынхныхаа захиасыг марталгүй соёлынхондоо агент­лаг­ийг байгуулж өгсөн гавъяатай. Үүнд нь салбарынхан нь талархдаг юм байна лээ. Түүнээс гадна эрчим хүчний салбарт томоохон өөрчлөлт авчрах, шинэ эх үүсвэртэй болох асуудлыг үргэлж хөндөж ярьж байгаа. Зарим нэг талаар бүтэмжтэй болж буй зүйл ч бий. Цахилгааны үнийг хөнгөрүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж, үр дүнд ч хүрсэн.

 

Энэ мэтээр улс орны хэмжээнд хийхээр амласан амлалтуудаа биелүүлж яваа зангарагтай ги­шүүн. Хувийн зүгээс бол мөнгө өгнө, баян болгоно гэж амлаагүй. Харин дулааны станц барих, зам, гүүр барьж байгуулах, сургууль цэцэрлэг барих гээд дэд бүтцийн асуудал шийдэх ажлуудыг хийхээ амласан юм билээ. Тэр бүх амлалт нь биелсэн.  Бүх хийсэн ажлыг нь дурьдвал цаг, цаас хүрэхгүй. Зөвхөн дорвитой, том ажлуудаас нь дурьдвал Мөрөн хотыг дулааны станцтай болгох гэж байна. Одоо баригдаж байгаа. Энэ станц баригдсанаар олон асуудлыг шийдэх юм. Хөвсгөл аймагт Монгол Улсын ойн нөөцийн 30 хувь нь байдаг. Зөвхөн Мөрөн сумын иргэд гэхэд жилд 10 мянган машин мод түлдэг. Тиймээс орон сууцжуулах ёстой юм. Нэг үгээр хэлбэл, том хотжилтыг бий болгох хэрэгтэй. Үүний гол суурь нь дулааны  станц. Одоо баригдаж байгаа дулааны  станц ашиглалтад орчихвол орон сууцжуулах ажил эрчимтэй өрнөх учиртай. Ингэснээр Монгол Улсын дөрөв дэх том хот бий болох аж. Цаашлаад байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл багасна. Мөн Мөрөн хот төдийгүй Хөвсгөл аймгийн замын асуудлыг цогцоор нь шийдэхээр ажиллаж байгаа. Одоогоор Уньт-Мөрөнгийн чиглэлийн зам ашиглалтад орсон. Хатгал-Мөрөнгийн замын хөрөнгийн асуудлыг шийдсэн. Гүйцэтгэгч компаниас шалтгаалж ажил нь бага зэрэг удааширч байгаа аж. Мөн хоёр шинэ замын хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн байгаа юм билээ. Тодруулбал, Мөрөн-Тэрхийн цагаан нуур, Хатгалаас Ханх сум хүртэлх хатуу хучилттай замын ажил ирэх хавраас ажил нь эхлэх байх. Эдгээр замууд аялал жуулчлалыг хөгжүүлэх учиртай. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан таван том гүүрийг барьсан, заримынх нь засварлах, барих хөрөнгийг шийдсэн байгаа. Дээрээс нь нисэх онгоцны буудлын өргөтгөл баригдаж байгаа. Хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн салбар бол боловсрол. Ямар нэг байдлаар хөрөнгө хийгдээгүй орхигдсон газар, сум байхгүй. Мөрөн хотод  шинээр  940 хүүхдийн сургууль ашиглалтад орсон. Одоо  640 хүүхэд суралцах сургууль удахгүй ашиглалтад орно. Мөн Багш, хүүхдийн ордон, Бөхийн өргөө  ашиглалтад орсон байгаа. Энэ бол Ц.Даваасүрэн гишүүний мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан том ажлын нэг байсан юм. Өөр нэг том ажил бол Мөрөн сумын нэгдсэн эмнэлгийн хөрөнгийн асуудлыг иж бүрэн шийдэж өгсөн. Энэ мэтээр улсын болон тойргийн хүрээнээд амласан амлалтаа 100 хувь биелүүлсэн байгаа юм. Энэ ажлууд ерөнхийдөө мөрийн хөтөлбөрт тусгасан ажлууд. Гэтэл мөрийн хөтөлбөрт тусгаагүй байж хувийн зүгээс багагүй ажил хийж гүйцэтгэсэн юм билээ. Энэ хүрээнд Мөрөнгийн хүрээг сэргээж, дугана барьж, бурхан багшийн сэрэг дүрийг боржин чулуугаар барьж байгуулж, цогцолбор бий болгосон. Мөн аймгийн төвийн гэр хорооллын айлуудад худгаас шугам татаж, гэрээсээ крант онгойлгоод, усаа авах боломжийг бүрдүүлж байгаа аж. Одоогоор 7, 8 гудмын айлуудыг энэ маягаар усаар хангах ажлыг хийж байна.

Амжилт

Ц.Даваасүрэн гишүүн бүүрэн эрхийнхээ хугацаанд сонгогч­дын­хоо төлөөлөл байхын төл­өө зүтгэж ирсэн. Түүнээс биш эдийн засгийн сонирхолтой бүлэг­­лэлүүдийг эрх ашгийг хан­гаж явахыг хүсээгүй. Мэдээж нийтлэг ашиг сонирхлыг хангана гэдэг амаргүй байх. Гэхдээ л сонгогч түмнийхээ өмнө нэр хүндтэй байж үлдэх нь түүнд илүү эрхэм байсан. Тиймээс тэдний төлөөл нь байж, үүргээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадсан нь жинхэнэ амжилт байлаа. Мөн уул уурхайн салбарын орлогоос нэг хэсэг нь баяжих биш нийтээрээ ашиг шимийг нь хүртэх тал дээр байр сууриа илэрхийлж, ажиллаж ирсэн. Оюутолгойн гэрээ ашиггүй боллоо, үүнийг засах хэрэгтэй гэсэн саналыг нэр бүхий зургаан гишүүн өгсөн байдаг. Түүний нэг нь Ц.Давааүрэн гишүүн. Өнөөдөр Монгол Улс байгалийн баялагаараа дэлхийд эхний 10-т багтаж байгаа. Цаашид олон том ордуудыг ашиглах байх. Тиймээс энэ ажлын эхлэл болсон Оюутолгойн гэрээгээ сайн хийх ёстой юм. Энэ тал дээр нэлээд анхаарч ажилласан гишүүн бол Ц.Даваасүрэн. Тодорхой хэмжээний амжилт гарсан. Энэ бол маш том амжилт. Мөн тэрбээр урт нэртэй хуулийг санаачилсан. Энэ хууль бол хөдөө орон нутагт маш хэрэгтэй. Нөгөө талаар “Монгол мал” хөтөлбөрийг санаачилсан хүний нэг нь тэр. Өнөөдөр бид уул уурхайн баялагаараа амьдарч байгаа хэдий ч нэг л өдөр дуусна. Энэ бол шавхагдах баялаг. Тэр үед бид өндөр хөгжилтэй орнууд шиг машин техник үйлдвэрлэж, ашиг олж чадахгүй. Тэгэхээр эргээд бидэнд мал аж ахуй хэрэг болно. Тиймээс байгалийн баялагаас олж байгаа орлогоо мал аж ахуйн баялагаа олон улсын жишигт хүрэх бүтээгдэхүүн болгох талаас нь ашиглах хэрэгтэй. Тэр утгаараа “Монгол мал” хөтөлбөрийг санаачилсан гэдгийг хэнд ч ойлгогдохоор тайлбарладаг хүн. Энэ ч том амжилт.  Энэ мэт ажлуудаас нь харахад тэрбээр улс орны эрх ашгийг хамарсан ажил хийж байсан нь тодорхой байгаа юм.  Тэрбээр Хөвсгөл аймгийн сумдад  сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж өгсөн. Өөрсдөө сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, хэдэн хүнийг ажлын байраар хангахад нэмэр болох үүднээс ийм тоног төхөөрөмж өгсөн байх. Хүнд зүгээр мөнгө биш хийх ажлын байр бэлтгэж өгнө гэдэг өөрөө том сэтгэхүй, амжилт юм. Мөн өнгөрсөн хугацаанд 10 орчим хууль санаачилж, ажлын хэсэг ахалсан байна. Мөн тэрбээр төсвийн байнгын хорооны даргаар хоёр жил ажилласан. Хэдийгээр Ц.Даваасүрэн гишүүн намын удирдлагаа шүүмжилдэг ч намын нөхдийнхөө дунд нэр хүндтэй, өөрийн гэсэн байр суурьтай гишүүн гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Тэрбээр албан тушаалтай байхдаа амаа үдүүлж дуугаа хураагаагүй. Өөрийнхөөрөө байж хэлэх үгээ хэлээд явж байсан улстөрч. Үүнийг харуулахуйц нэгэн шагнал хүртсэн нь ТВ9, Зууны мэдээ сонины олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар “Эх оронч төрийн түшээ”-гээр хоёр дахь удаагаа сонгогдсон явдал.

Алдаа

Тэр намчирхаад, амбиц хөөгөөд байдаг хүн биш бололтой. Энэ нь Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өөрийн намын болон АН-ын гишүүдтэй хамтарч, УИХ-ын даргад өргөн барьснаас нь харагдаж байгаа юм.  Гэхдээ энэ нэг талаараа түүний алдаа. Манайх шиг даргад долигнодог бохир улс төртэй улсад. Уг нь намчирхаж, даргадаа зусардах нь  сонгогчдын эрх ашигт нийцэхгүй, төрийн төлөөлөл УИХ-ын гишүүн хүнд байж болохгүй зүйл. Хэдийгээр улс орон, нийтийн эрх ашгийн үүднээс гишүүнийхээ үүргийг биелүүлж байгаа өнөөдөртөө ийм хүнийг дарга “таалахгүй”. Манайх шиг бохир улс төртэй улсад намын даргатайгаа түнжин хагарна гэдэг улстөрчийн цаашдын ирээдүйд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Ер нь улстөрч хүн бага зэрэг худлаа ярьчихдаг, амбиц хөөдөг байх хэрэгтэй юм шиг байгаа юм, өнөөдөртөө. Тэгж гэмээнэ юм юманд хүрэх боломжтой шүү дээ. Энэ бол манай улсын өнөөгийн улс төрийн тод жишээ. Нэгэнт нийтээрээ энэ жишгээр явж байхад ганц хүн зөрөөд амжилтад хүрэх  магадлал бага шүү дээ.

Тэнэглэл

“Уламжлал, шинэчлэл, ард­чилал, шударга ёс” нэртэй жигүүр тухайн үеийн МАХН-д  байсан. Ерөнхийлөгчийн сонгуул­ийн дараа үйл ажиллагаа нь эрчимжиж, намдаа шударга ёс тогтоохоор шийдсэн хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл байв, эхэндээ.  Харин жигүүр үүргээ гүйцэтгээд сүүлдээ зарим удирдлага нь албан тушаалын хойноос хэт хөөцөлдөж, нэр хүнд нь унах болсон. Өөрөөр хэлбэл жигүүрийн дарга нар ямар нэг албан тушаал аваад дуугүй болдог байв. Ямартаа л Ц.Нямдорж тэднийг харахаар дорвиндчихмаар санагддаг юм гэх вэ дээ. Ийм жишүүрийг ахлах болсон нь Ц.Даваасүрэнгийн хувьд улстөрчийн нарийн мэд­рэмж дутаж тооцоогүй хандсаных биз. Тухайн үедээ намаа нэлээд хатуу шүүмжилж, тийм өнгө аястай ярилцлага ч өгч байсан. Үүнээс болж нам нь түүнд хариуцлага хүлээлгэх гэж байгаа тухай хэвлэлээр шуугиж ч байлаа. Энэ мэт хэл аманд өртөж, жигүүр толгойлсон нь түүний тэнэглэл байсан юм.

Ирээдүй

Түүний ирээдүй тодорхой. Хөвсгөлд нэр дэвшинэ, дахиад ч ард түмнийхээ итгэлийг хүлээж, тэдний төлөөлөл болох нь ойлгомжтой. Ер нь Хөвсгөлийн ард түмэнд түүнд ам сайтай байдаг юм билээ. Рейтингээрээ ч бусад нэр дэвших хүмүүсээ өнгөлж яваа судалгаа гарсан байсан. Тиймээс хоёр дахь удаагаа төр түшилцэх нь тодорхой биз ээ. Түүнээс гадна тэрбээр ирээдүйн Сангийн сайд болох ч боломжтой. Хэрвээ нам нь сонгуульд ялалт байгуулбал шүү дээ. Сая АН хамтарсан Засгийн газраас гарахад Ц.Даваасүрэн гишүүнийг Сангийн сайд болгох тухай санал гарсан ч эрхэм гишүүн өөрөө татгалзсан байна лээ. Түүнийхээ учрыг энэ богино хугацаанд юу ч хийж чадалгүй, сонгуулийн ажилд дарагдаад өнгөрөх учраас татгалзсан хэмээн тайлбарлаж байсан. Энэ нь үнэн. Одоо тавхан сарын хугацаа үлдсэн, энэ Засгийн газар, парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байна. Тиймээс сайдын нэр зүүгээд л өнгөрнө. Үүнийг туршлагажиж байгаа улстөрчийн хувьд олж харжээ. Энэ бүх хатуу хүтүү үг, үйл явдлын дундаас Ц.Даваасүрэн сонгогчидтойгоо “үлдсэн” цөөхөн гишүүний нэг яалт ч үгүй мөн. Сонгогчид өөрсдөөсөө урвахгүй хүнийг л дахин сонгох  биз ээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.