Ц.Даваасүрэнг Байнгын хорооныхон нь 100 хувь дэмжлээ
УИХ-ын Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр боллоо.
Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хаягжилтын нэгдсэн тогтолцоо, иргэний ухаалаг үнэмлэх төслийн тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийхээр байсан ч МАХН-ын бүлэг уг асуудлыг өөрийн хурлаараа хэлэлцэх шийдтэйгээр долоо хоногийн завсарлага авав.
Дараа нь Төсвийн байнгын хорооны хурал үргэлжлэн хуралдаж, төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсэн бөгөөд төсвийн тогтолцоог боловсронгуй болгох, дунд, урт хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах чиглэлд Байнгын хороо санал дүгнэлтээ гаргалаа.
Төсвийн тогтвортой байдлыг болон төсвийн харилцааг зохицуулж байгаа хуулиудын уялдааг хангах, төсвийн харилцааг зохицуулах эрх зүйн нэгдмэл орчинг бүрдүүлэх чиглэлээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас тус тус боловсруулж, 2009 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Түүнчлэн Хүний хөгжил сангийн төсөв батлагдсантай холбогдуулан уг сангаас иргэн бүрт хишиг, хувь хүртээх тооцоо, саналыг боловсруулж, 2009 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхийг даалгахаар болсон.
Дэлхийд зэс үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудын дунд хугацааны үнийн төсөөлөлд үндэслэн төсвийн орлогыг тооцох журмыг 2010 оноос эхлэн хэрэгжүүлэхийг чухалчилсан.
Засаг захиргаа, төрийн байгууллагын бүтцийг сайжруулж, төсвийн зардлын үр ашгийг дээшлүүлэх нь чухал гэсэн.
Түүнчлэн нийгмийн даатгалын шинэчлэл хийх, сангийн тогтвортой байдлыг хангах, сангийн санхүүгийн удирдлагын зохистой бүтцийг бий болгох, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар гишүүд анхаарч саналаа хэлж байлаа.
Жил бүрийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд үнэлгээ, дүгнэлт хийж, төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө танилцуулж байх саналыг УИХ-ын гишүүн О.Чулуунбат гаргасан бөгөөд үндсэн саналаар санал хураахад хугацааны хувьд дэмжлэг авсангүй, харин “нэгдүгээр сарын 30-наар” санал хураахад олонхи нь дэмжиж, УИХ-д танилцуулахаар тогтсон.
Төсвийн байнгын хорооны дараагийн хэлэлцсэн асуудал нь Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан танилцуулсан явдал байв. Ингээд Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн, Ц.Даваасүрэнг 100 хувийн саналаар дэмжсэн юм.