Д.Тэрбишдавга гишүүн ОХУ-ын Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзав.
2016.09.16

Д.Тэрбишдавга гишүүн ОХУ-ын Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг өнөөдөр /2016.09.15/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва эртний найрсаг харилцаатай Монгол, Оросын ард түмнүүд энэхүү найрсаг, найрамдалт харилцаагаа ямагт хүндэтгэж ирсэнд баяртай байдаг гэлээ.

Тэрээр энэ онд тохиож буй Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд энэ оны 4 дүгээр сард ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал чухал ач холбогдолтой болсон.

Тус айлчлалын хүрээнд Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрийг байгуулсан. Энэхүү хөтөлбөрт хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны ойрын 5 жилийн хугацааны чиг хандлагыг тодорхойлсон бүх салбарыг хамарсан заалтууд тусгагдсан байгаа.

Бид энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргахаар ажиллаж байгаа бөгөөд цаашид хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллах нь чухал юм. Үүнд Элчин сайд таныг дэмжиж ажиллахыг хүсч байна гэлээ.

Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн даргаар ажиллаж байсанд Элчин сайд И.К.Азизов талархал илэрхийлэв.

Түүнчлэн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн үр өгөөжтэй олон шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Мөн тэд уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, улс төр, эдийн засгийн асуудлаар санал солилцов