Хамгийн их төсөв зарцуулах эрх бүхий 4 сайд
Монгол Улсын Засгийн газрын сайдууд
2016.10.04

Хамгийн их төсөв зарцуулах эрх бүхий 4 сайд

Засгийн газар ажлаа хугацаанд нь амжуулж, УИХ-ын намрын чуулган нээлтээ хийхийн өмнөх ажлын сүүлийн өдөр буюу өнгөрөгч Баасан гарагт "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай" хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. 

2017 оны төсвийн жилийн төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4 их 203 тэрбум 741,2 сая төгрөг байхаар тусгажээ.

Мөн оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 6 их 760 тэрбум 622.5 сая төгрөг байна гэж Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд заасан байна. 

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд тусгасан төсвийн орлого, зарлагын харьцаа

Төсвийн алдагдлыг ирэх жилд 2,6 их наяд орчим байна гэж тооцоолсон хуулийн төсөлд хэд хэдэн тоо анхаарал татаж байна.  Тухайлбал, Монгол Улсын шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бусад төсвийн ерөнхийлөн захирагч нартай харьцуулахад харьцангуй бага орлого төвлөрүүлэх нь. Гэтэл зардал нь тийм ч бага биш. Магадгүй ажил үүргийн онцлогоос хамаардаг байж болох.

Сайд нарын тухайд, Сангийн сайдын төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвөөс харахад Монгол Улсын мөнгө хөрөнгөний оролт, гаралтыг "атгаж" байна гэхэд болно.  Үүний дараа төсөв зарцуулах эрхээрээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд орж байна. Түүний орлогын даалгавар харьцангуй бага дүнтэй атлаа зарцуулах эрх чамгүй. Энэ тоо нь Монгол Улс боловсрол, соёл, ШУ, спортдоо ирэх жил багагүй мөнгө хөрөнгө оруулахыг илтгэнэ.

Н.Номтойбаярын тэргүүлдэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэргүүтэй харьяа байгууллагууд 78 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх даалгавартай. Харин 1 их наяд төгрөг зарцуулах эрхтэй байхаар төсөлд тусгажээ. Эндээс үзэхэд Засгийн газар ирэх жилд хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгааллын салбараа орхигдуулахгүй нь бололтой.

Зарцуулах эрхийн хувьд дээр дурдсан сайдуудын 50 хувьтай тэнцэх мөнгөн дүн боловч бусад сайдуудаа бодвол чамлахааргүй төсөв Эрүүл мэндийн сайдад хуваарилагджээ. Байнгын шүүмжлэл дагуулдаг энэ салбарт төсөвлөсөн 654 тэрбум төгрөгийг оновчтой зарцуулбал тулгамдсан асуудлууд бага боловч цэгцрэх байх шүү, А.Цогцэцэг сайд аа.  

Хүснэгтэд 7 дугаарт тэмдэглэгдсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад харьцангуй бага мөнгө зарцуулах эрх өгсөн ч түүнээс даруй 12 дахин их орлого төвлөрүүлэх болж байна.  

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төвлөрүүлэх орлогын хэмжээ, төсөв зарцуулах эрх

Төсвийн зарцуулалт

Эдгээр зарлагаас онцолж болохоор нэг зарцуулалт нь Засгийн газрын 2017 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2 их наяд 823 тэрбум 401.1 сая төгрөг байхаар хуулийн төсөлд тусгаад байна. Мөн барилга, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд нийт 547 тэрбум 325 сая төгрөг зарцуулахаар ирэх оны төсвийн төсөлд тусгажээ. 

- Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 259 тэрбум 126.4 сая. төг

- Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 115 тэрбум 405.4 сая.төг

- Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 172 тэрбум 794.9 сая.төг

- Төсвийн тогтворжуулалтын санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 12 тэрбум 492.9 сая.төг

- Ирээдүйн өв санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 208 тэрбум 120.0 сая.төг

- 2017 оны төсвийн жилд Ирээдүйн өв сангийн эх үүсвэрээс улсын төсөвт олгох шилжүүлгийн хэмжээг 160 сая.төг

- 2017 оны төсвийн жилд Ирээдүйн өв сангийн эх үүсвэрээс улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээг 48 тэрбум 120 сая төг

- Засгийн газрын 2017 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2 их 823 тэрбум 401.1 сая төг

Эх сурвалж: "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай" хуулийн төсөл