Монголын авто замчдын холбоо, ХБНГУ-ын Саксон Анхалт муж улсын инженерийн танхимын хамтын ажиллагаа
2016.10.10

Монголын авто замчдын холбоо, ХБНГУ-ын Саксон Анхалт муж улсын инженерийн танхимын хамтын ажиллагаа

2015 оны 10-р сарын 2-ны өдөр Монголын Авто замчдын холбоо, ХБНГУ-ын Саксон-Анхалт муж улсын инженерийн танхимтай Монгол улсын авто замын салбарт Герман улсын техник, технологийн солилцоог гүнзгийрүүлэх, тус салбарын боловсон хүчинг шинээр бэлтгэх, авто замын инженер, техникийн болон мэргэжилтэй ажилтны ур чадварыг дээшлүүлэх, Герман  улсад урт, богино хугацааны сургалт, дадлагад хамруулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурсан.

Энэхүү санамж бичгийн хүрээнд  ХБНГУ-ын Магдебург хотод Саксон-Анхалт муж улсын инженерийн танхимтай хамтран  2016 оны 1 сарын 9-16 өдрүүдэд Бетон замын засвар арчлалтын чиглэлээр сургалт зохион байгуулагдан авто замын салбарын төлөөлөгчид оролцсон. Мөн 2016 оны 3 сарын 16-17 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “ Road expo Mongolia 2016” олон улсын үзэсгэлэн бага хуралд Саксон-Анхалт муж улсын инженерийн танхимын гүйцэтгэх захирал ноён Др. Райнэр Бергэр “Төслийн хэрэгжилтийн үйл явцыг тоон системд шилжүүлэх нь”, “Авто зам болон инженерийн байгууламжийн ажлын чанарын баталгаа хангах” сэдвүүдээр  илтгэл тавин оролцсон.

Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, гүйцэтгэх захирал А.Уранчимэг нар 2016 оны 6 дугаар сарын 6 -11–ний өдрүүдэд  Саксон-Анхалт муж улсын Инженерүүдийн танхимын урилгаар тус танхимын 25 жилийн ойн арга хэмжээнд оролцсон.

6 сарын 7

Саксон-Анхалт муж улсын Инженерүүдийн танхим

Тус арга хэмжээний үеэр Монголын авто замчдын холбооны үйл ажиллагааг танилцуулах, 2 талын хамтын ажиллагааны талаар тусгайлсан уулзалтууд зохион байгуулсан.

Уулзалтын үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Тээвэр, цахим дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Райнер  Бомба, МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа нар уулзан Германы сүүлийн үеийн шинэ техник, технологийг Монгол улсад нэвтрүүлэх, ИТА харилцан туршлага судлах, сургалтын чиглэлээр хамтран ажиллахад Холбооны Тээвэр, цахим дэд бүтцийн яамны зүгээс дэмжлэг үзүүлэх бөгөөд “Road expo Mongolia -2017“ олон улсын үзэсгэлэн, бага хурлыг Герман улстай хамтран зохион байгуулж Германы авто замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулах бусад чиглэлээр дэмжлэг үзүүлэх талаар ярилцан санал солилцсон.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын институтын захирал Ханнес Кристиан Блүмэтэй уулзан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн цахим сургалтыг хамтран зохион байгуулж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ олгохоор боллоо. Уг сургалтын материалыг монгол хэл дээр хөрвүүлэн цахимаар явуулах юм. Мөн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн цахим сургалтыг зохион байгуулах нэг мэргэжилтэнг Герман улсад дадлагажуулан бэлтгэж өгөхөөр болсон.

6 сарын 8

Саксон-Анхалт муж улсын Боловсролын яам

Мөн энэ үеэр Саксон-Анхалт муж улсын Боловсролын яаманд зочлон, Боловсролын  сайд Марко Туллнэртэй уулзан МСҮТ-д оюутан суралцуулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ур чадварын далагажигч ажилтанг 1-2 жилийн хугацаатайгаар ажиллуулах  чиглэлээр санал солилцсон .

Мөн энэ үеэр Саксон-Анхалт муж улсын Инженерүүдийн танхим Монголын авто замчдын холбоо хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах төлөвлөгөөг баталсан.

Үйлдвэрлэл дундын  мэргэжлийн сургалтын төв

Саксон-Анхалт муж улсын Үйлдвэрлэл дундын мэргэжлийн сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцан цаашид авто замын салбарын мэргэжилтэн бэлтгэх урт, богино хугацааны сургалтуудыг хамтран зохион байгуулах талаар тус сургуулийн захирал ноён Боктой тохиролцсон

6 сарын 9

Герман дах Монгол Улсын ЭСЯ-нд Саксон-Анхалт муж улсын Инженерүүдийн танхимын ерөнхийлөгч Иорг Херманн, гүйцэтгэх захирал Райнер Бергер нартай зочлон элчин сайд Ц.Болортой уулзан Саксон- Анхалт муж улсын Инженерүүдийн танхим, Монголын  авто замын холбооны хамтарсан төслүүдийг танилцуулан, 2017 оны 3 сарын 16, 17 –ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Road expo Mongolia -2017“-г Герман улстай хамтран зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах талаар ярилцан санал солилцсон билээ.

Энэ үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Тээвэр, цахим дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Райнер  Бомба Холбооны авто замын тээврийн судалгааны нийгэмлэгээс 2016 оны 9 дүгээр сарын  28-30 өдрүүдэд зохион байгуулагдах “Германы авто зам, тээврийн конгресст” монголын авто замчдын холбооны төлөөлөгчдийг Зам, тээврийн сайдын хамт хүрэлцэн ирж оролцохыг урьсан.