Л.Болд: Хятадаас зээл авахаар шийдсэн юм уу?
2016.10.20

Л.Болд: Хятадаас зээл авахаар шийдсэн юм уу?

Чуулганы хуралдаан түр завсарласан ч өнөөдрөөс үргэлжлэн хуралдаж байна. Яг одоо "Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай" асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр асуулт асуусан гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Л.Болд юм. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

"Монголбанкны өргөн барьсан бодлогын баримт бичигт хоёр чиглэлийн асуудал байна. Нэг бол олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд гаргах, арилжааны зээл авах эсвэл олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах, донор орнуудын тусламжаар эдийн засгийн хүндрэлээс гарах гэж байна. Үүнээс хоёр дахь арга замыг илүүд үзээд байх шиг. Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх даалгаврыг Засгийн газар Монголбанкинд өгсөн. Олон улсын санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр эдийн засгийн хүндрэлийг даван туулах, банкны системийн эрсдэл даах чадварыг сайжруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж оруулж ирсэн. Дэлхийн банк, Олон улсын валютын сантай хамтран ажиллах тухай асуудал яригдах юм шиг байна. Энэ яриа хэлэлцээр, хамтын ажиллагаанд Засгийн газар бэлэн байгаа юу? Олон улсын валютын сангийн тусламжийг авснаар ямар эрсдэл үүрэх вэ гэдгийг УИХ-ын гишүүдэд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Тэгж байж бид тодорхой шийдвэр гаргамаар байна.

Нөгөө талаас, олон улсын санхүүгийн зах зээлээс гэхээс илүү урд хөршөөс 4-5 тэрбум ам.долларын зээл авна гэж яриад байна. Гадаадын хэвлэлээр энэ талаар маш тодорхой мэдээлэл яваад байдаг. Яг УИХ, байнгын хорооны гишүүдэд албан ёсоор өгсөн мэдээлэл байхгүй.  УИХ-ын даргын хэвлэлд өгсөн ярилцлагаас өөр мэдээлэл алга. Тийм учраас одоо УИХ-ын чуулганы танхимд энэ асуудалд тодорхой хариу өгөөч?

Үнэхээр БНХАУ-аас 4-5 тэрбум ам.долларын зээл авахаар шийдэж байгаа юм уу? Ямар нөхцөлтэй зээл авах гэж байгаа вэ? Гол нь барьцаа, баталгаа гэж юу байгаа вэ? Эдгээр асуудлыг тодорхой болгохгүйгээр Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах чиглэлийг батлах боломжгүй байна.

Дээр нь Эрдэнэтийн асуудлыг ярих ёстой. Цаашдын гадаадын хөрөнгө оруулалт, улсын төсөв, татварт Эрдэнэтийн орлогыг тооцохгүйгээр улс орны эдийн засгийг ярих боломжгүй. Эрдэнэтийн талаар бодитой мэдээлэл өгөөч. Сонгууль дууссан. Ард түмэн жинхэнэ үнэнийг мэдэх хэрэгтэй байна." гэсэн асуулт асуусан юм. 

Хариу болгож, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Олон улсын валютын сантай хамтран ажиллах ажлын явц, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ярилаа. Эрдэнэттэй холбоотой мэдээлэл албан ёсоор Монголбанкинд ирээгүй байна. Эрдэнэтийн 49 хувийг ямар эх үүсвэрээс төлсөн бэ гэсэн асуулга хэд хэдэн УИХ-ын гишүүдээс ирсэн гэдгийг хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Болдын асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн үргэлжлүүлэн хариулсан. 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Олон улсын валютын сангийнхан Монгол Улсад ажиллана гэдгийг хэлээд тус ажлын хэсэг 11 дүгээр сарын төгсгөл, 12 дугаар сарын эхээр хариу ирүүлэх байх гэсэн юм. Одоогоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн дагуу төсөл хөтөлбөрөө санхүүжүүлнэ гэлээ. 

Үүний дараа Л.Болд нэмэлт 1 минут авч, Эрдэнэтийн асуудлаар сонгуулийн шоу хийж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Үүний хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өглөө.