УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Төрөөс мөнгөний бодлогын талаар2017 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр ипотекийн зээл, валютын ханш, валютын нөөцийн хомсдол гэсэн асуудлуудад ач холбогдол өгч, Монголбанкны ерөнхийлөгчөөс хэд хэдэн асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Валютын ханшаа чанга барих хэрэгтэй байна Нэгд, хямралыг илааршуулах асуудал бол төв банктай их холбоотой. Энэ бол том хариуцлага. Одоо бол өнгөрснийг тайлбарлаад сууж болох боловч цаашид Монголбанкны Ерөнхийлөгчийн хариуцах ажил гэдэг нь улам тодорхой болно. Ханшийн бодлогын тухайд, чөлөөтэй байна, эдийн засгийн зарчмаар явна гэдэг. Монголбанкны гурван үндсэн чиглэлийн нэг нь валютын ханшийг тогтвортой барих шүү дээ. Импортын хэрэглээ өндөртэй манай улсын хувьд валютын ханшаа чанга барих хэрэгтэй. Төв банкнаас тийм л зорилт тавих хэрэгтэй. Ингэж байж л бодит үр дүнд хүрнэ. 2012 онд 1300-тай байсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2300-д хүрээд байна. Нэг ам.доллар тутамд 1000 төгрөгөөр өссөн байна. Импортын бараа бүтээгдэхүүн бүр ам.доллар тутамд 1000 төгрөгөөр өсөхөөр өмнө нь байсан үнээсээ бараг 2 дахин нэмэгдсэн байна. Хүн амын худалдан авах чадвар, бүх эдийн засагт сөргөөр нөлөөлсөн зүйл бол валютын ханш. Энэ нөхцөлд Монголбанк валютын ханшийг тогтворжуулах үүднээс ямар бодлого оруулж ирэв? Зах зээлийн үл үзэгдэгч гар гээд хариуцах эзэнгүй оруулж ирэв үү? Экспортын хэмжээ 2008, 2009 онтой харьцуулахад 2,6 дахин өссөн байна. Экспортын хэмжээ өссөн хэрнээ валютын нөөц нэмэгдээгүй байгааг юу гэж ойлгох вэ? Хоёрт, ипотекийн зээлийг улс төрийн өнцгөөс тайлбарлаад байна. Ипотекийн зээлийг санхүүжүүлэх валютын нөөц байна уу? Хэрэв энэ байдлаар цааш явбал орж ирсэн мөнгөө барилгын салбарт угаагаад л байх болно. Тиймээс барилгын салбар, импортын бараа бүтээгдэхүүнд тодорхой хязгаарлалт тавих хэрэгтэй. 3 их наядын төгрөгийн ихэнх хэсгийг барилгын салбар руу хөрөнгө оруулсан. Ипотекийн зээлийн тухай ард түмэндээ үнэнийг хэлэх хэрэгтэй. Хадаасаа хүртэл гаднаас авч байгаагаа бодоод ипотекийн зээлд дэвшил гаргахгүй бол хямралаас гарахгүй. Энэ асуудалд Монголбанкны ерөнхийлөгч санхүүч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ? Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Ипотекийн зээлийг зах зээлийн зарчмаар явуулна Төв банкны тухай хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах ёстой гэж заасан. Төгрөгийн тогтвортой байдал гэдгийг цаана ханшийн тогтвортой байдал хамаарах учраас төгрөгийн ханшийн өөрчлөлт ямар байгаа нь Монголбанкинд ямар ч холбоогүй гэж өөрсдөөсөө ерөөсөө холдуулаагүй. Энэ бол Монголбанкны хариуцах ёстой гол ажлын нэг. Төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд урьд нь маш их хэмжээний интервенци хийсэн байна. Төсвийн сахилга бат өнгөрсөн 4 жилд хариуцлагагүй явж иржээ. Монгол Улс маш олон төсөвтэй байсан. УИХ-аас баталдаг албан ёсны төсөв, Монголбанкнаас санхүүжүүлдэг Монголбанкны төсөв. Ц.Даваасүрэн гишүүн 3 их наяд төгрөг гээд байна. Монголбанкнаас гаргасан нийт санхүүжилтийн хэмжээ нь 7 их наяд төгрөг. Түүний 3 их наяд төгрөг нь зөвхөн барилгын салбарт бий. Хөгжлийн банкны төсөв саяхны шалгалтаар 6 их наяд төгрөгийн зээл гаргасан тогтоогдсон. Векслелиэр санхүүжүүлэх гэсэн нэрийн дор маш их төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхээр болсон. Тэр нь 2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Концессийн гэрээ гэдэг бол замбараагаа алдсан. Энэ мэт төсвийн сахилга бат алдагдаж, эдийн засагт асар их хэмжээний мөнгө оруулсан. Тэр мөнгөө буцаж татахын тулд валютын нөөцөөрөө интервенци хийсний улмаас Монгол Улс валютын нөөцийн хомсдолд орчихоод байна. Тиймээс төсвийн сахилга батыг чангаруулах, төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог хангах явдал бол маш чухал зорилт болж байна. Ипотекийн зээлийг санхүү талаас нь ойлгож, харж байгаа. 7 их наяд төгрөгийн 3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн барилгын салбарыг дэмжинэ гэдэг бол санхүүгийн зөв бодлого биш байж. Өнөөдөр борлуулагдаагүй 30-40 мянган айлын орон сууц эзнээ хүлээгээд байж байна. Энэ нь бас санхүүгийн зөв зүйтэй бодлого явуулж чадаагүй уршиг ингэж гарч байна. Тийм учраас улс төрийн агуулга, санхүүгийн талын ач холбогдлыг ч Монголбанк харгалзан үзэж байна. Ипотекийн хөтөлбөрийг зах зээлийн зарчимд шилжүүлэхийн тулд Дэлхийн банкнаас техникийн туслалцаа хүсч байна. Ингэж олон улсын нилээд том банк, санхүүгийн байгууллагын шинжээчдийн туслалцаатайгаар ипотекийн зээлийг зах зээлийн горимд оруулахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ипотекийн зээлийн талаар зөв байр суурь баримтлах гэж байгаа юм байна. Хэлэлцүүлгийн явцад барилгын салбарт бид дотооддоо хэдэн хувийг үйлдвэрлэдэг болсон гэдгийг тодруулах хэрэгтэй байна. Миний бодлоор арматур, цемент л тодорхой хувиар үйлдвэрлэж байгаа байх. Ипотекийн зээл гаргах хэрээр хичнээн валют гадагш урсаж байгааг тооцсоны үндсэн дээр мөнгөний бодлогоо хэлэлцмээр байна. Бодохгүйгээр кнопоо дараад суухаар валютын нөөцийн хомсдолд орж, Хятадын барилгын салбарын түүхий эдэд валютаа зориулаад байна. Энэ байдлаа өөрчлөөгүй цагт бид хэзээ ч хямралаас гарахгүй. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Барилгын салбарт импортын бүтээгдэхүүн 40 хувийг эзэлж байна.
2016 оны 10 дугаар сарын 20-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Төрөөс мөнгөний бодлогын 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд үг хэллээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Эдийн засаг хүнд үед төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж байна. ДНБ-ий бодит төсөөлөлд 1,3 хувь байгаа нь төдийлөн өсөхгүй 3 хувь болно гэж байна. Төсвийн алдагдал 2,6 их наяд төгрөгт хүрсэн. ДНБ-ий 9,9 хувьд хүрээд байна. Төлбөрийн тэнцэл 490 орчим сая ам.долларын алдагдалтай байна. Нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар, Монголбанкны өр 1,8 тэрбум ам.доллар, Засгийн газрын өр нь 4,7 тэрбум ам.доллар, хувийн хэвшлийн өр 17 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 88 хувьтай тэнцэх хэмжээнд байгаа энэ хязгаарлагдмал нөхцөл төрөөс мөнгөний бодлогоо хэлэлцэж байна. Төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэх асуудал удааширч байгаа нь урьдчилан тооцоолоогүй тоонууд гарч ирээд байгаатай холбоотой. Санаа зовоож байгаа асуудал бол чанаргүй зээлийн хэмжээ. Энэ мэт олон том асуудлыг иж бүрнээр нь авч үзсэний үндсэн дээр УИХ-ын эрхэм гишүүд 2017 оны төсөв, мөнгөний бодлогыг хооронд уяж, хүндрэлээс гарах арга замаа харилцан авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Одоо болохоор Олон улсын валютын санг хүлээгээд байгаа юм шиг, УИХ-д оруулж ирсэн мөнгөний бодлого өөрчлөгдөх ч юм шиг нөхцөл үүсээд байна. Магадгүй одоо энэ чигээр нь батлачихаад олон улсын зээл тусламж орж ирэхээр ямар салбарт хөрөнгө оруулах вэ гэдгээ том зургаар нь харах хэрэгтэй байна. Мөнгөний бодлогын хүрээнд төр засаг, хувийн хэвшил хооронд хэлэлцүүлэг өрнүүлж байж хамтаараа нэг ойлголцолд хүрэх ёстой. Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч төрөөс мөнгөний бодлогын баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж байна."
Төрөөс мөнгөний бодлогын 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асуулаа. "Сүүлийн жилүүдэд зээлийн чанарын асуудал яригдаж байна. Чанаргүй зээлийн хэмжээнээс харахад тун таагүй дүр зураг ажиглагдаж байна. Чанаргүй зээлийн 24 хувийг уул уурхай, 16,9 хувийг боловсруулах салбар, 14,5 хувийг бөөний болон жижиглэн худалдаа, барилгын салбар 10,4 хувийг эзэлж байна. Чанаргүй зээлийн нийт 60 хувийг том ААН-үүдэд ногдож байна. Тиймээс санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанкнаас мөнгөний бодлогын баримт бичгүүдээ ямар ямар шийдэл, алхмууд тусгасан бэ? Уламжлалт байдлаар хүүгээ өсгөөд, банкуудаа шалгаад явах юм уу? Казакстан, АНУ-д чанаргүй зээлийг багцалж зардаг арга хэмжээнүүд авч байсан. Эсвэл гадаадын арилжааны банкууд оруулж ирж санхүүгийн салбараа либералчлах, арилжааны банкуудад тавигдах шаардлагуудаа өндөрсгөөд өөр хооронд нь нэгтгэх гэх зэргээр ямар арга хэмжээнүүдийг бодлогын чанартай авах вэ? Өнөөдөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн 2020 онд гарна гэж суух нь утгагүй байх л даа. Үр дүн нь хурдан хугацаанд гарах арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхгүй юм бол төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал гэж байгаа дээрээ нэмээд санхүүгийн салбараа хүнд байдалд оруулчихвал эдийн засгийн хүндрэл улам л гүнзгийрнэ. Хоёрт, төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах талаар шат шатандаа ярьж байна. Гэхдээ мөнгөний бодлогын хүрээнд оруулж ирж буй тоонууд хоорондоо зөрөөд байна. Төсөв, мөнгөний бодлогоо уялдуулах зорилгоор Сангийн яамтай хамтран ямар арга хэмжээ авч байна вэ? Төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр тал харилцан ярилцаж, авч хэрэгжүүлж буй ямар арга хэмжээ байна вэ? Гуравт, валютын ханшийн асуудал байна. Олон хүчин зүйлээс хамаардаг. Гэхдээ Монголбанк валютын ханшийг зах зээлийн нөхцөлтэй уялдан тогтвортой барих чиглэлд үүрэг хүлээдэг. Тиймээс валютын ханшийг тогтворжуулах чиглэлээр ямар бодлого баримтлах вэ? Ханшийн зах зээлийг нээлттэй болгоно гэж хэд хэдэн заалт орсон байна. Энэ талаар тодруулаач? Ер нь Монголбанкны алдагдал энэ жил хэдэн төгрөгт хүрээд байна? Арилжааны банкуудын өөрсдийн хөрөнгийн өгөөж өндөр байна. Нийт санхүүгийн салбарынхаа 95,6 хувийг эзэлж байна."