Их хурал, Засгийн газарт дахин мэдэгдэл хүргүүллээ
2016.10.26

Их хурал, Засгийн газарт дахин мэдэгдэл хүргүүллээ

МҮЭХ-ноос зээл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хүн амын цалин, орлогыг бууруулах бус нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байхыг дахин сануулж өнөөдөр мэдэгдэл хүргүүллээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтлэв.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД ЗАСГИЙН ГАЗАРТ МЭДЭГДЭЛ

МҮЭ-ийн холбоо нь улс орны эдийн засгийн хүндрэл их хэмжээний гадаад зээлийн өр төлбөрийг барагдуулах, улсын төсвийг эрүүлжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, гадаад дотоод орчноос эрэлхийлж буй арга замыг бодит нөхцөл байдлыг харгалзан дэмжин ажиллаж байгаа болно.

Олон Улсын банк санхүүгийн байгууллагууд, ОУВС болон зарим улс оронтой хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зээл, хөтөлбөр нь эдийн засгийн хүндрэлээс гарах арга замын нэг боловч 2016 оны УИХ-ын сонгуулиар эрх баригчдын зүгээс ард түмэнд өгсөн амлалт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж, иргэдийн аж амьдралыг дордуулах ёсгүй гэж үзэж байна.

Аливаа зээл, хөтөлбөр, үйл ажиллагааг хүн амын цалин, орлогыг бууруулах бус нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн цалин орлого, аж байдлыг сайжруулах хатуу нөхцөл болзолтой хэрэгжүүлэх ёстой гэж иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг төлөөлөн МҮЭ-ийн холбооноос мэдэгдэж байна.

МҮЭ-ийн холбоо нь улс орон, иргэд, хөдөлмөрчдийн эрх ашигт нийцсэн аливаа үйл ажиллагааг ямагт дэмжин, нягт хамтран ажиллах болно.

            Сайн үйлс дэлгэрэх болтугай.

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО