Засгийн газар 100 хоногт бал сараа тэмдэглэж, бялуу хуваарилахаас өөр ажил хийгээгүй
УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-Ирэх оны төсвийн төслийг Засгийн газар өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан танай намын бүлгээс төсвийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сөрөг хүчин өргөн барьсан төсвийн төсөлд ямар дүгнэлт өгч байгаа вэ?
Улс орны хөгжлийг шинэ шатанд гаргах асуудал, мөн өнөөгийн нөхцөл байдлыг зөв оношилж, зөв эмчилгээ хийх, зөв гаргалгаа гаргах чиглэлд учир дутагдалтай хандсан төсөв оруулж ирсэн гэж харж байгаа. Ялангуяа хасаж болох асуудал дээрээ хасаагүй атлаа хамгийн буруу чиглэлд хасалт хийсэн. Хамгийн гол нь эдийн засгийг хөгжүүлэх хамгийн чухал салбар буюу бизнес эрхлэгчдийгээ дэмжсэн, тэдэн рүү чиглэсэн бодитой алхмуудаа төлөвлөж чадаагүй байна гэж дүгнэж байна.
-Бизнес эрхлэгчдийг дэмжих гэдэг дээр асууя. Төсөв хэлэлцэж байгаатай зэрэгцэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Уг хуулийн төслөөр тодорхой дөрвөн салбарт нэг хувийн татвар ногдуулах тухай ярьж байгаа?
Ямар ч ач холбогдолгүй арга хэмжээ болгочихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь санал гараад манай намын нэртэй явж байх үед нийт жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 90 хувийн татварын хөнгөлөлт очих ёстой.
Татварыг бол мэдээж жигд, адилхан төлнө. Энэ нь шударга ёсонд нийцнэ. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл учраас татварын буцаалт 90 хувьд нь ногдоод маш том дэмжлэг болох ёстой байсан юм. Эдийн засгийн нөхцөл байдлыг харсан ч энэ нь компаниудаа өөд нь татах боломж байлаа.
Гэвч үүнийг эрх баригчид өөрийн намын улс төр болгож авахдаа шууд нэг хувийн татвар болгон өөрчлөөд мөрийн хөтөлбөртөө тусгачихсан. Нэг хувийн татварын хувьд өмнөхтэй агаар нэг асуудал л даа. Гэвч хуулийн төслөө оруулж ирэхдээ дөрөвхөн салбараа ялгаад, цөөн хэдхэн аж ахуйн хамаарах асуудал болгосон. Яг хэрэгжээд эхлэх юм бол аюул болно.
Нэг хувийн татвар төлөх, 10 хувийн татвар төлөх хоёр бол асар том ялгаатай. Ингэхээр эдийн засаг маань өөрөө жижигрэнэ гэсэн үг шүү дээ. Дээрээс нь авлига, хээл хахууль замбараагаа алдана. 10 хувийн татвар төлөхөөс зайлсхийж нэг даргад хэдэн төгрөг өгөөд нэг хувийн татварт ороод л явна.
Мэдээж түүнийг нэг байцаагч, эсвэл нэг дарга л шийднэ шүү дээ. Түүнээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн орлогоос нь тооцож тодорхойлно гэснийг "ашгаас нь" гэчихсэн. Ингэхээр том компаниуд бүгдээрээ үүн рүү орчихно. Тиймээс эзнээ, хаягаа олоогүй эдийн засгаа сөхрүүлэх арга хэмжээ болно гэсэн үг.
УИХ дээрх хэлэлцүүлгийг харахаар өөрсдийн найз нөхөд, хамаатан садныхныхаа үйл ажиллагаа явуулж, бизнес эрхэлдэг зарим нэг салбарыг нэмээд байгаа ш дээ. Үүнийг харахаар эдийн засгийг дэмжих төрийн бодлого маань өөрөө эргээд эдийн засгаа боомилох бодлого болоод явчихаж байгаа байхгүй юу. Энэ мэтчилэнгээр төсөв дээр зөв бодлогуудаа тусгаж чадаагүйд их харамсаж байна.
-Ашиг сонирхлыг зөрчилтэй гэж та хэллээ. Дөрвөн салбар маань нэмэгдсэн гэсэн үг үү. Дөрвөн салбар биш есөн салбарт нэг хувийн татвар үйлчилнэ гэсэн яриа үнэн юм уу?
УИХ-ын гишүүд өөр өөрсдийн ашиг сонирхолтой, өөр өөрийн хамаардаг салбаруудыг нэмчихэж байгаа юм. Шударга бус байгаа биз. Батлагдахдаа шударга биш, дараа нь хэрэгжихдээ шударга биш. Тэгэхээр үр дүн нь шударга биш болно шүү дээ. Монгол Улсын эдийн засагт шударга зүйл гэж байхгүй болчих гээд байна.
10 хувийн татварын хөнгөлөлт өнгөрсөн нэлээд хэдэн жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн. Энэ том ололт дээрээ баталгаажуулж татварын бодлого барихын оронд бүр эсрэгээрээ ухарлаа. Ухрах ухрахдаа ажлын байр нэмэгдүүлж, ашиг олоход биш татвар төлдөггүй аж ахуйн нэгж болгон ухрааж байна.
2000 онд ногоон гэрэл, улаан гэрэл гэж ангилаад компаниудаа хувааж байсан. Түүний дараа ногоон гэрлийн компани гэдэг нэрийдлээр Монгол Улсын аюулгүй байдал гэхчилэн бүх зүйл алдагдсан ш дээ. Шударга ёс алдагдаж, бүх компаниуд дампуурсан. Аймшигтай үр дүн гарсан.
-Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагнахдаа өөр зүйл ярьсан. Бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого явуулна гэж. Ер нь 100 хоногт Засгийн газар хэрхэн ажилласан гэж та харж байна вэ?
100 хоногт Засгийн газар ажлаа хийгээгүй. Зөвхөн бал сараа тэмдэглээд, бялуу хуваарилаад, албан тушаалаа хөөцөлдөөд, төрийн нийт албан байгууллагуудынхаа үйл ажиллагааг зогсонги байдалд оруулсан. Ингэснээр цаашдын хувь заяагаа тодорхойлох хамгийн чухал 100 хоногоо алдчихсан юм. Тайлангаа тавьсан. Гэвч хийсэн ажил байхгүй байна. Өргөн барьж байгаа төсөв нь авах юм байхгүй, маш муу.
Ер нь өргөн барьж байгаа хуулийн төслүүд бүгд хүчингүй. Нэг ёсондоо хүүхдийн тоглоом болчихож байгаа юм. Яагаад гэхээр, өнгөрсөн 100 хоногт ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх үү, үгүй юү, Хятадаас зээл авах уу, үгүй юү гэдгээ шийдээгүй. Уг нь энэ бүх зүйлээ шийдсэний дараа төсвийн төслөө өргөн барих ёстой юм.
Шийдчихээд, “Бидний өмнө хоёр сонголт байгаа. Хятадын зээлийг авбал төсвөө ингэж батална. Бололцоогүй гэвэл ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэхээр ийм, ийм тохиролцоо хийнэ” гээд УИХ-аар хэлэлцүүлж, шийдүүлэх ёстой байхгүй юу. Гэтэл одоо ямар ч тодорхойгүй атлаа “Ямар нэгэн юм баталчихъя, юу ч байж болно.
Тэртээ тэргүй оны эцэст бүх зүйл орвонгоороо эргэнэ” гэдэг байдлаар асуудалд хандаж байна. Засгийн газар маш хариуцлагагүй ажиллаж байна. Тэгээд ямар ч ач холбогдолгүй хуулийн төсөл оруулж ирэн, хэлэлцүүлж УИХ-ын цагийг үрж байна. Бодит байдал гэвэл энэ. Ийм нөхцөл байдалд оруулсан Засгийн газар хариуцлага хүлээх ёстой.
-Тэгэхээр “Стэнд бай” хөтөлбөр, эсвэл зээл авсан тохиолдолд төсөвт тодотгол хийнэ гэсэн үг үү?
Тийм. Хамгийн гол нь өнөөгийн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа хийж байсан ажлыг зүгээр л үргэлжлүүлээд явах байсан юм. Гэвч өмнөх бүх зүйл буруу байсан, худлаа байсан гээд бүгдийг нь зогсоогоод, олон улсад Монгол Улс дампуурсан гээд зарлачихсан. Ингэснээр эдийн засгийн хямралд Монгол Улсыг хүчээр оруулчихсан. Түлхээд оруулчихсан ш дээ.
Гарц алга. Нэг бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана, эсвэл Хятадаас зээл авна. Ингээд энэ шилжилтийн үеийг давна. Үүнийгээ бодитой хэлэх ёстой байсан юм. Тэгэхгүй бүх яамны нэрийг өөрчлөөд, албан тушаал ярьсаар байгаад хамгийн үнэтэй цаг хугацааг алдчихлаа.
Нөгөөтэйгүүр, институцийн чадамжийг хадгалж байгаа хүмүүс дээрээ тулгуурлан ажлаа хийх ёстой биз дээ. Одоо харин тийм чадамжтай хүн алга. Яагаад гэхээр, шинээр албан тушаалд очсон хүмүүс ажлаа мэдэхгүй шүү дээ. Хамгийн эмгэнэлтэй нөхцөл байдал бол энэ. Одоо ОУВС-тай тохирох тал дээр ажиллаж байх шиг байна. Гэвч тохиролцох, ажлаа мэргэжлийн төвшинд ойлгуулдаг, байр сууриа хамгаалдаг хүмүүс байхгүй байна.
-ОУВС-ийн хөтөлбөр, эсвэл Хятадаас зээл авах асуудал хамгийн чухал зүйл юм байна?
Тийм. Одоо хэлэлцэж байгаа хуулийн төслүүд бол хоёрдугаар зэргийн асуудал болчихоод байна. ОУВС-гийн хөтөлбөр, эсвэл Хятадаас зээл авах нь тодорхой болоогүй байхад ямар ч хуулийн төсөл хэлэлцэж баталсан хүчингүй гэсэн үг. Ийм хүүхдийн тоглоомыг хийгээд сууж байж болохгүй.
-"Стэнд бай" хөтөлбөрт хамрагдах нь бараг тодорхой юм биш үү. Гэхдээ мөнгө нь энэ онд багтаж орж ирэхгүй гэж судлаачид яриад байгаа?
100 хоног алдсаны гор ингэж гарч ирж байна.
-Хятадаас зээл авах тухай яриад байгаа. Тэгвэл валютын ханш ийм савлагаатай, эдийн засаг нь хямарсан улсад бага хүүтэй, урт хугацааны хөнгөлөлттэй зээл өгөх болов уу. Зээл өглөө гэхэд цаана нь ямар нөхцөл, ямар болзол яригдах бол?
Яг өөрийн тань асууж байгааг би асуугаад байгаа. Гэвч ямар ч хариулт өгөхгүй байна. Тийм болохоор ямар асуудал цаана нь байгаа вэ гэдэг дээр хардаад байгаа юм. Нэг бол маш хүнд барьцаа нөхцөлтэй, баталгаа шаардсан улс төрийн зээл байх болно. Эсвэл юу ч байхгүй. Тэгэхээр бүр хэцүү нөхцөл байдалд орно. Болохоо байсан маш хүнд нөхцөл байдалд орсон үед л санхүүжилт хийгдэнэ шүү дээ.
-Та улс төрд олон жил байсан хүн. Тодорхой таамаг байгаа байх. Ямар хардалт гэдэг дээр тодруулж болох уу?
Зээл дээр ямар дэнчин тавьдаг гэхээр, газар нутаг, эдийн засгийн чухал салбарууд, уул уурхай, баялаг. ЗХУ-ын их өрийг мэднэ. Зээлийг дагаж ажиллах хүчин, цэргийн бааз, тоног төхөөрөмж, тэгээд Монголын бүх баялгийг өөрсдийнхөө тогтоосон үнээр, ямар ч өрсөлдөөнгүйгээр, олон улсын зах зээлийг хааж хураан авдаг. Ийм л нөхцөлөөр орж ирдэг ш дээ. Угаасаа эзэн нь юм аа мэддэг биз дээ. Эзэн бол өөрийнхөө эрх ашгийг л бодно. Хүний эрх ашгийг боддог улс гэж байхгүй шүү дээ.
-Зээл авах нь гарц мөн үү?
Одоо бол зээлээр л явна. Гол нь хөрөнгө оруулалтыг татах бааз суурийг бэлдэх ёстой. Өнгөрсөн хугацаанд эрх барьж байхдаа тодорхой зээл авч ирсэн. Үүнийг дагаад Оюутолгойн хөрөнгө оруулалт ороод ирлээ. Түүнийгээ цааш хөгжүүлээд, бүтцийн өөрчлөлт хийгээд, эдийн засгаа нэг салбараас шалтгаалахгүйгээр аваад явах чиглэлд тодорхой алдаа дутагдал гаргасан нь үнэн байх.
-Төрийн өмчийн компаниудыг хувьчлах асуудал байна. Тодорхой нэр бүхий компаниуд нэмэгдэж орж ирсэн гэсэн?
1990 оных шиг хувьчлал, хувьчлал, хувьчлал гэдэг чиглэлд явах ёстой. Үүнд буруу зүйл байхгүй.
-Хэмнэх, танах асуудлыг их ярьж байгаа. Чуулганы хуралдаан дээр нэр бүхий гишүүн “Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хүчингүй болгосноор таван тэрбум төгрөг хэмнэж байгаа атлаа дэд сайд нарын унаа, томилолт зэрэг асуудалд дөрвөн тэрбум төгрөг хэмнэж байгаа” гэж хэлсэн. Энэ үнэн юм уу?
Хүүхэд харах үйлчилгээний хуулийг хүчингүй болгож 10 тэрбум төгрөг хэмнэсэн гээд байгаа. Дэд сайд нарын цалин, томилолт зэрэгт 4-5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Нөгөө талд нийслэлээс нохойнд спираль тавина гээд таван тэрбум төгрөг зарахаа алдлаа ш дээ. Хүүхдэд мөнгө байхгүй, нохойнд мөнгө байна. Тэгэхээр энэ бол улс төрийн шийдвэр байгаа биз дээ. Зөвхөн улс төрийн өнцгөөс асуудалд хандан хүүхдийг хараа хяналтгүй байдалд оруулж байна. Олон мянган эцэг, эх эсэргүүцэж байгаа.
Тэд асуудлаа нааштайгаар шийдүүлэх байх. Хүүхдийн мөнгө, оюутны мөнгө хасах нь буруу. Гэтэл нөгөө талдаа бүтэн их наяд төгрөгийн хөрөнгийн зардал явж байх жишээтэй. Ийм хүнд үед нийгэмдээ цохилт өгч болдоггүй юм. Ахмадад зориулсан хамтын тэтгэвэр зэрэг шударга зүйлүүдээ хэрэгжүүлэхгүй байна. Насаар нь ялгаварлаж болохгүй шүү дээ. Гэх мэтчилэн маш буруу шийдвэрүүд яваад байна.
Мөн агаарын бохирдлыг бууруулна гээд таван тэрбум төгрөг суулгачихсан. Энэ бол зүгээр л мөнгө угааж байгаа хэлбэр. Оюутны зээл гэхэд банкуудад баталгааг нь өгчихөд хэрэгжүүлээд явна. Яагаад гэвэл, цаана нь эзэнтэй юм. Бүх оюутнуудад өгөх ёстой. Тэгэхгүйгээр нэг хэсгийг нь ялгаад, төсөв дээрээ 90 тэрбумын ачаалал үүсгэчихэж байгаа юм.
Хүүхдэд өгөх дэмжлэг байхгүй байж ноос, ноолуур, улаан буудай зэрэгт дэмжлэг үзүүлнэ гээд 60 орчим тэрбум төгрөг оруулчихсан. Тэгэхээр энэ мэтчилэн бодлогын алдаануудаа засахгүй бол одоо өргөн барьсан төсөв бол яав ч зөв төсөв болж чадахгүй болчихоод байна.
-Яг таны ярьж байгаагийн эсрэг ярих хүмүүс олонхи болчихоод байна. Эдийн засгийн хямрал, валютын ханшийн өсөлт зэрэг нь “Сайн” гэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, мөнгө хэвлэснээс болсон гээд байгаа?
Эдийн засгийг том машин, механизм болгоод явж байсан зүйл. Өнгөрсөн дөрвөн жилд бид бүгдээрээ хамтарч засаг барьсан. Энэ бүхнээс хожиж байгаа нь бүх намын л харьяалалтай хүмүүс байгаа ш дээ. Гэтэл өөрсдөө явж байсан машины моторт зориудаар хор хийж “цохиулчихаад”, одоо болохоор урагшаа хараад явж байна. Үүнийг ард түмэн хэзээ ч хүлээж авахгүй.
Бие бие рүүгээ хуруу заадаг асуудал бол шийдэл биш шүү дээ. Юуг ч, ямар ч өнцгөөс тайлбарлаж хэн нэгэн рүү чихээд явж болно. Гэхдээ энэ бол аливаа засгийн хийдэг ажил биш. Ачаагаа үүрээд явах ёстой. Түүнд ямар ч үндэслэл байхгүй гэдэг нь ойлгомжтой. Хэдэн ч зүйлээр баталж болно.