Ц.Даваасүрэн: Жинхэнэ дарангуйллын зан авир гаргаж байна
2011.01.24

Ц.Даваасүрэн: Жинхэнэ дарангуйллын зан авир гаргаж байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нарт хандан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн зан суртахууны талаар хөндсөн байна. Үүнд "Сүүлийн үед манай намын дотоод амьдралд буй болсон намын хувь заяанд хохирол учруулж болзошгүй зарим асуудлын талаар бидний нөхөд МАН-ын дарга С.Батболдод ил захидал хүргүүлсэн билээ.

 

Гэтэл намын журмын нөхөд маань юу хэлэв, яах ёстой вэ. Нам маань ямар нөхцөл байдалд орчхоод байна гэдэг үнэлэлт, дүгнэлт хийж ярилцахын оронд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй нөхөд намынхаа эв нэгдэл, нэгдмэл байдлын төлөө үг хэлсэн биднийг доромжилж, гүтгэлгийн компанит ажлыг эхлүүлсэнд сэтгэл гүнээ эмзэглэж

байна. Зөвхөн удирдлагаас үүдэлтэй, арай ч дээ гэмээр үйлдэл, үйл ажиллагаа МАН-д газар авч байна.Төрийн ордонд хэн дуртай нь ороод байдаггүй, УИХ-ын гишүүдтэй уулзах нь чөлөөтэй ч хэн дуртай нь халдах ёсгүйг хуульчлан баталгаажуулсан байдаг. Гэтэл УИХ-ын албан ёсны бүтэц болох МАН-ын бүлгийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх орж ирж, УИХ-ын гишүүдэд хэлэх хэлэхгүй үг хэлж, ална, тооцоо хийнэ гэх мэтээр дайрч давшлан доромжилдог боллоо.

Зөвхөн хамгийн сүүлийн жишээ гэхэд, энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр болсон МАН-ын бүлгийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва бидэн рүү дайрч "Ална", "..П.. нарууд аа", "залуучуудаа босгож, та нартай тооцоо хийнэ" гэж хашгирч, заналхийлсэн нь хэрээс хэтэрсэн үйлдэл юм.

 

Ер нь Хүрэлсүх өөртэй нь санал бодол зөрж, үг хэлсэн бүгдийг цохиж зодно, ална хядна гэсэн занал хийллийг нэг биш удаа хийж байна. Монгол Улсад эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаа өнөө үед Хүрэлсүхийн бусадтай тооцоо хийхээр заналхийлж буй үйлдэл нь гэмт хэрэг болж хувирах вий гэдэгт болгоомжилж байна. Бүр нарийвчлан авч үзвэл У.Хүрэлсүхийн удаа дараагийн ноцтой үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Тухайлбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181-р зүйл ("Танхайрах")-ийн "Олон нийтийг үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, энэ хэргийг догшин авирлаж үйлдсэн", Эрүүгийн хуулийн 81-р зүйл (Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах")-ийн "Төр, нийгмийн зүтгэлтний улс төрийн үйл ажиллагаанд нь саад учруулах зорилгоор алах", Эрүүгийн хуулийн 91-р зүйл ("Хүнийг санаатай алах")-ийн "Хүнийг танхай сэдэлтээр санаатай алахыг завдах", Эрүүгийн хуулийн 134-р зүйл ("Иргэнийг үзэл бодлоор нь мөрдөн мөшгөх") гэх мэт гэмт хэргийн шинжийг агуулж буйг холбогдох байгууллагууд анхааралдаа авах биз ээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь ийнхүү УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж, удаа дараа танхайрч, гэмт хэрэг өдөөж байхад түүнийг таслан зогсоох арга хэмжээ авахын оронд МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр "хэрүүл бол байдаг л зүйл" гэсэн мэдээлэл өгч байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагааг өөгшүүлж, ужигруулсан алхам гэж хэлэхээс өөр аргагүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 29-р зүйлийн 2-т Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэсэн байтал хэн дуртай нь халдаж буйг юу гэж үзэх вэ? УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр У.Хүрэлсүхийн танхайрч байх үед МАН-ын Ёс зүйн хорооны дарга н.Цагаанхүү УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын биед халдаж, түлхэн, чи юу юм бэ гэж хэл амаар доромжилж. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг хаалгаар хүчээр түлхэн гаргаж байсныг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан УИХ-ын гишүүний халдашгүй байдалд бүдүүлгээр халдсан хууль бус үйлдэл" гэжээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ямар арга хэмжээ авахыг шаардаж байгаа юмбэ?

-Намын нэр хүнд, нэгдэл нягтралыг хангаж ажиллахын оронд хууль зөрчиж, УИХ-ын гишүүнд халдсан ноцтой үйлдлийг удаа дараа гаргаж буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл, Хяналтын хорооны хурлаар яаралтай авч хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгч, намын нийт хамт олонд мэдээлэх, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааныг хуулийн хүрээнд зөв зохистой явуулдаг журам тогтоох, энэ талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлага хүргүүлээд байна.

-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх албан тушаалын шантааж хийх гэж захидал бичсэн хэмээн та дөрвийг буруутган эсрэг тэмцэхээ илэрхийлжээ?

-Бидний тавьсан асуудал тэр хүний ярьж байгаа хоёрын хооронд мөн ч хол зөрүү байна аа даа. Уг нь бид дөрөв намын эв нэгдлийн талаар намын царгад хандаж ил захидал бичсэн юм. Гэтэл дундуур нь орж, "Лхүмбийн хэрэг* гэдэг шиг шантаажийн хэрэг гэдэг зохиомол зүйл гаргаж ирээд цайрах нь. Муухай үнэр шүү. Жинхэнэ дарангуйллын зан авир. Гэхдээ одоогийн ардчилсан нийгэмд санасан ч сачий нь хүрэхгүй л дээ. Гүтгэ гүтгэ, гүтгэх тусам би бүдгэрэхгүй.

-Сонгуульд нэр дэвшүүлэхгүй, намыг бутаргах гэсэн эсэргүү нөхөд гээд дайралт хийх юм биш үү?

-Миний хувьд ард иргэдийнхээ төлөөлөл болж, мандатыг нь авсан хүн. Тэдний захиж, хэлж байгааг илэрхийлж чадахгүй юм бол гутамшиг гэж бодогдож байна. Тэгээд ч надад эмээх зүйл алга. Миний тухай хар баримттай алга дарам цаас ч олдохгүй. Тиймээс дарамталж чадахгүй. Ер нь эргэх нэг өдөр байдлыг Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын түүх үгүйлнэ дээ. Өлийн даваан дээр уулзалдаж л таарна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.