УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2016.11.22

Ё.Баатарбилэг: Тогтоолын биелэлтийн явцыг 2016 оны намрын чуулганаар танилцуулах нь зүйтэй болов уу

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан  52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. 

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд холбогдох яам, газар болон ажлын хэсэг, дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж, тайлбар авсан юм. Тухайлахад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар энэ асуудлыг бодитойгоор шийдвэрлэхийн тулд хариуцлагын асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар тодруулсан юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

“Тодорхой эрх бүхий байгууллагад хариуцуулах, улсын тусгай хамгаалалтад авах, гэм буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр судлан, хууль, шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барина” гэсэн өгүүлбэр оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгох, авахтай холбогдсон хариуцлага, хэрэгжилтийн заалтуудын найруулгыг өөрчилж, хоёр зүйл болгохоор харагдаж байна.

Эцэст нь, хугацааны асуудлыг эргэн харах нь зүйтэй болов уу. "2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттай зохион байгуулах, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажлыг эрчимжүүлэх" гэсэн мөртлөө "тогтоолын биелэлтийг 2016 оны намрын чуулганд багтааж..." гэхээр ирэх хавар тогтоолын биелэлтийг танилцуулна гэж байна.

Үүнийг "2016 оны намрын чуулганаар тогтоолын биелэлтийг явцыг танилцуулж, биелэлтийг 2018 оны хаврын чуулганд багтааж..." гэвэл зүйтэй болов уу.