Ц.Даваасүрэн: Хүүгээ төрөхөд Тожин ногоон морио Сүхбаатар аймгаас авч байлаа
2011.07.10

Ц.Даваасүрэн: Хүүгээ төрөхөд Тожин ногоон морио Сүхбаатар аймгаас авч байлаа

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, ИхМонгол Улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгал ялсны 90 жилийн ой, Үндэсний ихбаяр цэнгэл наадам эхлэхэд ганцхан хоног үлдлээ. Монгол зон олны сэтгэл наадмын тухай гэгээн бодол тээж буй энэ цаг дор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй хурдан морьдынх талаар хөөрөлдлөө.

-Юуны өмнө танд баярын мэнд хүргэе. Дөрвөн их ой давхацсан наадам эхлэхэд ганцхан хоног үлдлээ. Өнөө жилийн наадмын өнгийг та хэрхэн тодорхойлж байна вэ?


-Тэгш ой тохиож байгаа болохоор бөхчүүд, харваачид, уяачид маань бэлтгэлээ урьд урьдынхаасаа илүү сайн базаасан, наадамчдыг уухайлуулсан олон сайхан үйл явдлуудаар бэлэг барьсан сайхан наадам болно  байх. Ялангуяа бороо хуртай, зуншлага сайтай байгаа учраас морьд хурдан байх биз ээ.

-УИХ-д олон уяач гишүүн байдгийн нэгяах аргагүй та. Тэгэхээр энэ жил хэдэн насны морь сойж байна?

-Олон ой давхацсан онцлог жил учраас зургаан насны морь барьж сойсон. Сунгааны байдлаас морьдоо харж байгаад уяа сойлго нь эвэлсэн морьдоо л төрийнхөө наадамд уралдуулна даа.

-Бага, дунд сунгаанд хурдан хүлгүүд тань хэрхэн хурдлав. Ямар мориндоо найдлага тавьж байна вэ?

-Шүдлэн, соёолон насны морьд маань хурдан байгаа. Найдвар тавиад л байна.

-Хурдан хүлгүүдийн тань уяа сойлгыг ямар хүн тааруулж байна?

-Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сумъяасүрэн гэдэг уяач эвлүүлж байна. Сумъяасүрэн уяачийн хувьд улс бүсийн наадмаас айраг, түрүү хүртэж байсан эрдэмтэй хүн.

-Хамгийн анхны айраг түрүү авсан тухайгаа дурсаач. Хамгийн анхны юмгэдэг сэтгэлд хоногшсон байдаг шүү дээ?

-2003 онд Ардын хувьсгалын 82 жилийн ойгоор анх удаа улсынхаа наадамд битүү азаргаайрагдуулж байлаа. Тод манлай уяач Сандуйжав гуай уясан юм. Хожим бодох нь ээ,тухайн үед морь маань айрагдахад маш том хувь заяа тохиож байгааг би сайн ухаараагүй санагддаг. Дараа жил хар морь маань дахин айрагдахад морь айрагдуулах амархан юм байна гээд ойлгочихсон. Харин сүүлийн хэдэн жил төрийнхөө наадмаас айраг авалгүй буцсаны дараа тухайн үед ямар их аз надад тохиосныг хожуу ухаарсан шүү. Би малын дэргэд өссөн ч хурдан морь унаж байгаагүй. Ээжийн маань аав морь уядаг хүн байсан. Намайг төрөхөд бурхан болсон байсан учраас багаасаа хурдан моринд шохоорхож явсангүй. Харин өвөөгийн маань хүсэл санамсаргүй тохиолдлоор хожим надад биелсэн юм. Өөрөөр хэлбэл, би туйлаас хүсэж, мөрөөдөж морь уяж айрагдуулаагүй учраас том аз надад тохиож байгааг ухаараагүй явж билээ. Одоо бол нутгийн маань уул ус, өвгөдийн маань хайр хишиг надад тохиосон хэрэг гэж хүндэтгэлтэй ханддаг болсон доо.

-Тожин ногоон мориныхоо тухай дурсаач. Дуу хүртэл төрсөн байдаг шүү дээ?

-Би хүүтэй болохыг бэлэгшээж анхны хүүгээ хэвлийд байхад нь Сүхбаатар аймгаас азарган үрээ авчруулсан юм. Түүнээс нэг сарын дараа билүү дээ, ажил хөөцөлдөөд нэг дээлтэй хүн ороод ирсэн нь Тод манлай уяач Сандуйжав гуай байсан. Ажлын ширээн дээр байсан морины маань зургийг сонирхоод аятайхан үрээ юм. Ажил бүтээж өгсөн дүүдээ морийг нь уяж өгнө гээд л гараад явсан. Ингэж уяач нь өөрөө ороод ирсэн юм. Морь ч айрагдсан, хүү ч төрсөн түүхтэй. Үнэн дээ, миний биш хүүгийн маань морь байгаа биз. Хэн ч харсан хайр хүрмээр хурдан, сайхан амьтан даа. Улсад аман хүзүүдсэн жилийнхээ өвөл "Дүнжингаравын хурд"-д 150 азарга уралдахад тасархай түрүүлж ирсэн. Тухайн үед би туршлагагүй уяач байсан учраас ганцхан жил уралдуулаад хөлгүй болгочихсон юм. Морины маань тухай "Тожин ногоон торойгоод ирлээ, Тоосны үзүүрийг хөтлөөд ирлээ..." гэсэн сайхан дуу бий. Үгийг нь яруу найрагч, зохиолч Лхагвасүрэн, аяыг нь хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Цэвээнравдан зохиосон юм.

-Сүхбаатар аймгийн хэний угшилтай адуу вэ. Сүхбаатар чхурдны өлгий гэдэг шүү дээ?

-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дугарсүрэн гэдэг хүний унаган адуу. Тэр буурлын насаараа цуглуулсан хурдан   хүлгүүдийн   хайр хишгийг нь хүртчихсэн хүн дээ, би.

-Та Хөвсгөл аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн. Хотгойдод хурд төрүүлэх  талаар ямар ажил хийж байна?

-Төрийнхөө  наадамд аймгаасаа  анхдагч болж морио айрагдуулан, төв асрын өмнө морио цоллуулж нутгийнхаа нэрийг гаргах хувь заяа  тохиосонд  баярлаж явдаг. Үүнийг маань үнэлж нутгийн уяачид намайг холбооныхоо тэргүүнээр сонгосон гэж боддог. Манай аймаг Тэсийн унага буюу ардын дуунд мөнхөрсөн хотгойдын унага төрүүлсэн хурдны өлгий нутаг  шүү дээ.Тиймээс хотгойдын унага гэдэг хурдны угшлаа хадгалж,улам сайжруулах нь бидний нэг гол зорилго. Газар,газрын хурдны угшилтай хольж сайжруулах ажлыг нутгийнхаа уяачидтайгаа хамтран явуулж байгаа. Холбооноос сум бүртээ Сүхбаатар угшилтай азарган үрээ, мөн амжилт сайтай байгаа уяачдадаа хурдан угшлын азарган үрээ өгөх ажлыг хийж байна. Ирэх жилээс цөм сүрэг бий болгох зорилгоор сум бүрээс угшил сайтай хоёр гүү авчруулж араб азарга, тойруулга гаралтай азарганд гишгүүлж төл авахаар зэхсэн. Уяачид ч өөрсдөө адуугаа сайжруулах тал дээр ихээхэн анхаарч байгаа. Жилээс жилд уяачдын маань амжилт сайжирч байна.

-Хотгойдын хурд I, IIуралдааныг та амжилттай зохион байгуулсан. Үүний ачаар Хөвсгөлд адууны цус сэлбэх ажил  сайн хийгдсэн байх?

-Нутгийнхаа уяачдын холбооны тэргүүн болоод Хангайн бүсийн даншиг наадмыг нутагтаа хийнэ гэсэн амлалтаа нөхдийнхөө дэмжлэгтэйгээр биелүүлсэндээ баяртай явдаг. Хотгойдын унаганы өлгий «утаг учраас Хотгойдын хурд гэж Монголын уяач түмний мэдэх нэрээр нэрлэсэн.  Энэ хурд манай нутгийн уяачдад олон сургамжтай зүйлийг хэлж өгсөн байх гэж боддог. Анхны хурдад 17 аймгийн уяачид ирж оролцсон нь манай улсын түүхэнд байгаагүй олон уяач цуглуулсан.Тэр бүхнээс манай уяачид өөрийнхөө ур чадвар,морьдынхоо баримжааг харж авсан нь маш сургамжтай зүйл болсон. Өөрөөр хэлбэл, бид хотгортоо хоорондоо уралддаг байсан бол өнөөдрийн амжилтыг гаргахгүй байсан. Хотгойдын хурд II даншигт манай уяачид өмнө авсан айраг, түрүүгээ хоёр дахин нэмэгдүүлж чадсан нь энэ наадмын ач тус гэж боддог.

-Таны адуун сүрэг, хурдан морьдын удам угшил хаанахых вэ. Хөвсгөлийн цагаан адуу гэж алдартай угшил байсан тухай яриа байдаг. Энэ адууны үр удам танд байдаг уу?

-Манай аймагт монгол адууны хоёр угшил байдаг.Тэсийн унага буюу хотгойдын унага, Дархдын цагаан адуу гэж. Дархдын цагаан адуу бол хурдны гэхээсээ илүү уналга, эдэлгээний зориулалттай гэж судалгааны дүгнэлт гарсан.Ууланд эмээл оволзтол зүтгэдэг хүчтэй сайхан адуу гэж хөгшчүүд ярьдаг. Тэр адууныхаа нэрээр бид холбоогоо "Дэлтэй цэнхэр" гэж нэрлэсэн. Хөвсгөлийн хойд сумдын тайгад амьдардаг хүмүүс тийм цайвар зүсмийн адуутай байсан шиг байгаа юм. Энэ адууны үр төл надад бий.

-Сайн моринд мөнгө хайрлахгүй биз. Ямар морио хамгийн үнэтэй  худалдаж  авчбайв?
 

-Анхны маань адуу хурдан азарга байсан учраас моринд нэг их мөнгө зарах шаардлага
гараагүй. Өөрөөр хэлбэл, хурдан азаргандаа сайн угшилтай гүү л хайдаг. Гүү бол үнэтэй биш шүү дээ. Мөнгө зарсан нь гэвэл Архангайн даншигт айрагдсан хонгор хязаалангаа Сүхбаатар сумын Хүрлээ гэдэг уяачаас нэг сая төгрөгөөр авч байв.

-Уяачид шинэ цагийн монгол адууг төрүүлж эхэллээ. Үүнийг зарим хүн эсэргүүцдэг. Харин таны хувьд хэрхэн хүлээж авдаг вэ?

Би дэмждэг. Тийм учраас францчуудтай хамтарч тэдний дэмжлэгтэйгээр монгол адуунд  Англо-араб азарганы хөлдөөсөн үрээс төл гаргах туршилт амжилт-тай хийсэн. Эхнийх нь охин унага гарсан. Одоо харин тэр гүүнээс гарсан төл хурдан байгаа. Хурдан адуутай байж л сайхан наадна, морин спорт хөгжинө, олон улсын түвшинд уралддаг болно. Хэдэн зуун адуу гадаадаас орж ирлээ гээд монгол адууны ген өөрчлөгдөхгүй. Гурав дахь үеэс эхлээд л монгол тал руугаа татагдаад явчихна. Чингэсийн үед гадны сайн гэсэн морьдыг авчраа байлгүй дээ. Манай байгаль орчин, цаг агаар, нутгийн адууны генийг давж гарахгүй дээ.

-Мэдээж адуунд хайртай, адуугаар гоёдог хүнд сайхан эмээл, хазаар байгаа байх. Нууц биш бол хэдэн төгрөгийн өртөгтэй эмээл, хазаар хэрэглэдэг вэ?

-Миний хувьд адуугаар гоёдоггүй.Монгол хүний хувьд адуугаа харж сэтгэлээ баясгаж,хийморь лундаагаа сэргээхийг илүү чухалчилдаг. Үнэтэй, гоё ганган эмээл, хазаартай болъё гэж шохоорхож байгаагүй юм байна. Харин сүүлийн үед ёсыг бодож гэртээ аятайхан эмээл, хазаар залъя гэж боддог болсон.

-Энэ  жил  Хөвсгөл аймгийн 80 жилийн ой тохиож буй. Нутгийнхаа ойд очно биз дээ.

-Улс хувьсгалынхаа 90 жилийн ойд морьдоо уралдуулна. Дараа нь аймгийнхаа ойд очно. Тэнд миний хэдэн морь байгаа,түүнийхээ тарыг харна. Мөн Архангайн "Тоглохын тал"-д очиж наадна гэсэн бодолтой байгаа.

-Наадмын шөнө морьдоо манаж хоноод, өглөө нь үүл харах уу. Уяачид үүл хараад тухайн өдөр ямар морь түрүүлэхийг таамагладаг шүү дээ?

-Морио маналгүй яах вэ. Уяачид ямар зан үйл хийдэг үү, яг түүнийг л хийдэг.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.