БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ноён Кристиан Глассыг хүлээн авч уулзлаа
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр ХБНГУ-ын ЭСЯ-ны Хөгжлийн асуудал хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс,ХБНГУ-ын Сэргээн босголтын банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Перг Георгиев нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол, Германы Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээр өнгөрсөн сарын сүүлээр Берлин хотноо амжилттай болсонд баяртай байгаагаа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалтын эхэнд тэмдэглэв.
Уг хэлэлцээрийн үр дүнд Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” /KfW /төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Мөн Биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн гол экосистемийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн хоёрдугаар шатанд дэмжлэг үзүүлэхээр болсонд баяртай байгаагаа БОАЖ-ын сайд илэрхийллээ.
Түүнчлэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” төслийн хоёр, гуравдугаар үе шатыг Монгол орны баруун болон говийн бүсэд хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа саналаа уламжлав. Ингэснээр уг төсөл Монгол орны бүх бүс нутгийг хамран хэрэгжих ажээ.
Төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхдээ олон улсад мөрдөгдөж буй шинэлэг арга, хэлбэрүүдийг авч хэрэгжүүлэхийн чухлыг ч онцлов. Тухайлбал, төслийн хүрээнд олон улсын байгууллага, доноруудын оролцуулсан Итгэлцийн сан байгуулах хэрэгтэй хэмээн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэллээ.
Биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн гол экосистемийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн 2-р шатанд ойн үрийн менежментийг сайжруулж, ойн үрийн аж ахуйн цогц төв байгуулах саналыг салбарын сайд тавилаа.
Мөн генетик нөөцийн эрх зүйн орчныг бүрдүүлэх холбогдох судалгаа тооцоо хийх мэдээллийн сан бүрдүүлэхээр төлөвлөөд байгаагаа уламжлав.
Уг төслийн эхний шатанд Ойн үрийн тухай хуулийн төслийг боловсруулсан ба ирэх онд УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ. Ойн салбарын мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр төслийн хүрээнд хамтран ажиллах саналтай байгаагаа мөн уламжлав.
ХБНГУ-ын ЭСЯ-ны Хөгжлийн асуудал хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс хүлээн авч уулзаж буй БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд талархал илэрхийлж, тус улсын Засгийн газар хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаагийн нэг илэрхийлэл нь Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” /KfW /төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон юм гэв.
Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежмэнтийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой уг төслийн хүрээнд аялал жуулчлалын үйл ажиллагааг чухалчилж үздэгээ ноён Кристиан Гласс хэллээ.
Тэрбээр Хан Хэнтий, Отгонтэнгэр, Тэрэлжид очиж үзээд дээрх төслийн хүрээнд үнэхээр л зөв зүйл хийж байна гэдгээ мэдэрсэн гэнэ.
Тусгай хамгаалалттай газар нутагт хөгжүүлж буй аялал жуулчлалын орлогоос орон нутгийн ард иргэдэд шууд өгөөж өгч байхын чухлыг ч тэмдэглэлээ. Ноён Кристиан Гласс тухайн улсын эдийн засаг хүнд байсан ч тусгай хамгаалалттай газар нутгийн хамгааллыг орхигдуулж болохгүй, энэ бол ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт юм гэв.
Тэрбээр мөн Монгол, Германы Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж буйг тэмдэглэлээ. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Х.Батжаргал оролцлоо