2017.01.30

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын өнгөрсөн баасан гаригт хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төслийн үзэл баримтлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь танилцууллаа. 

Биеийн тамир, спортын хөгжлийг дотоодын болон гадаадын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагатай уялдуулан эрчимжүүлэх нөхцөл бүрдүүлэх, эрх зүйн орчныг шинэчилэх шаардлага бий болж байна. Тухайлбал, Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь хөдөлгөөний хомсдол, цусны даралт ихсэлт болон зүрх судасны өвчтэй, хоёрны нэг нь илүүдэл жин, таргалалттай, хүн амын 65 хувь нь тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшингээр хангалтгүй үнэлгээтэй байгаа нь үндэсний судалгаагаар тогтоогдсон. Монгол Улсын Их Хурлаар 2003 онд батлагдсан “Биеийн тамир, спортын тухай хууль”-д 2007, 2009, 2012, 2016 онд нэмэлт, өөрчлөлт хийгдсэн.

Гэвч биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагааг дэмжих, тогтолцоог боловсронгуй болгох, чадварлаг хүний нөөц бүрдүүлэх, төрийн зарим чиг үүргийг спортын төрийн бус байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх, биеийн тамир, спортын хөгжилд нийгмийн бусад салбар, байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний бодит хандив, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай байна. Иймд “Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулж, биеийн тамир, спортын удирдах ажилтны болон спортын төрийн бус байгууллагын зөвлөгөөн, салбарын эрдэмтдийн багаар хэлэлцүүлж, ажлын хэсэг ажиллан төслийг боловсронгуй болголоо гэж салбарын сайд танилцуулгадаа дурдав. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 4 бүлэг, 28 зүйл, 83 хэсэг, 147 заалттай байхаар боловсруулсан байна.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаархи санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга танилцуулав. Тэрбээр, уг хуулийг шинэчлэн найруулснаар биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон орон нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг, оролцоог тодорхой болгох, төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, тэдний бие даасан байдлыг дэмжих, бакалаврын төгсөлтийн дараахь сургалтаар биеийн тамир, спортын мэргэжилтнийг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бий болгох, спортыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх, спортод хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, олон улсын жишгийн дагуу спортыг бизнесийн зарчмаар хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, допингийн эсрэг үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг бий болгоно гэж хууль санаачлагч үзсэн. Байнгын хороо уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн гэв.

 Хуулийн төслийг гишүүдийн 90.9 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Иймд уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.