2017.01.30

Х.Нямбаатар: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн концепцыг өөрчлөх цаг нь болсон

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын өнгөрсөн баасан гаригт хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуулийн хүрээнд зохицуулах харилцаа, хүлээлгэх хариуцлагтай холбоотой хэд хэдэн санал хэлсэн юм. Тэрээр, 

"Төслийн 13.1.3-т Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулагдаагүй үндэсний спортын бусад тэмцээн наадмыг энэ хуулиар зохицуулна гэсэн зохицуулалт байна. Үндэсний их баяр наадмын тухай хуулиараа баяр наадамтай холбоотой харилцаагаа зохицуулаад харин энэ хуулиараа үндэсний спорт тал уугаа зохицуулалтыг оруулж ирвэл яасан юм бэ?

Зөрчлийн тухай хууль дээр энэ төрлийн 3 төрлийн зөрчлийг зохицуулахаар оруулж ирсэн. Тиймээс ажлын хэсэг дээрээ яриад үндэсний спортын төрөл, харилцаагаа энэ хуулиараа зохицуулаад, хүлээлгэх хариуцлагыг нь зөрчлийн хууль дээрээ байгаа заалт дээрээ нэмэх нь зүйтэй. Одоо УИХ дээр хэлэлцэгдэж байгаа эрүүгийн хууль дээр мөн эрүүгийн хариуцлагатай  холбоотой тодорхой заалт оруул ирмээр байна. Найраа, наймаа хийдэг сүлжээг таслан зогсоох шаардлагатай. 

Ерөнхийдөө Үндэсний их баяр наадмын тухай хуулийн концепцыг өөрчлөх цаг нь болсон. Нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачлахаар ярилцаж байгаа" гэв.