• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Засгийн Газар

Өргөн барьсан

Батсуурь.Ж

Ажлын хэсэг ахалсан

Б.Саранчимэг

Батлагдсан огноо

2017.07.06

Биеийн тамир, спортын тухай

Шинэчилсэн найруулга (Нийгмийн бусад салбар, байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний бодит хандив, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг бий болгох)
Өргөн барьсан: 2016.12.28

Байр суурь

Д.Сарангэрэл: Даваа наймаалцах бол авлига

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.06/ Биеийн тамир, спортын тухай шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл асуудал хөндлөө. Биеийн тамир, спортын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд давуу тал нэлээд байна. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулаагүй үндэсний спортын харилцааг зохицуулахаар байна. Спортын холбоод, тэдний үйл ажиллагааг дэмжих зохицуулалт оруулсан нь дэмжүүштэй юм. Гэхдээ 300-400 хүний орон тоо нэмэх асуудлыг ажлын хэсэг, Засгийн газар анхаарах ёстой. 186 мянган төрийн албан хаагч байгаа учраас орон тоо нэмэх эсэхээ дахин нягтлах хэрэгтэй гэж бодож байна. Үндэсний баяр наадам болох гэж байна. Эрийн гурван наадам болно. Энэ бол бидний бахархал. Яг энэ баяр наадмын босгон дээр уг хуулийн төслийг батлах гэж байгаа, энэ хуульд үндэсний спорттой холбоотой зүйл заалт тусгагдсан учраас хэлэх зүйл байна. Ялангуяа, УИХ-ын гишүүн А.Сүхбатын хэлдгээр суманд 5 сая, аймагт 50 сая, улсын наадамд 500 сая гээд үндэсний бөхийн "гал тогоо"-нд дархан аварга байсан хүн мэдээд хэлж байна. Тиймээс бид хууль бус ажиллагаа явуулж байгааг мэдсээр байж арга хэмжээ авдаггүй. Арай дэндэж байна. Уг хуулийн төсөлд бүхэл бүтэн авлигын асуудал яригдаж байхад энэ бол даваа наймаалцах төдий гэж тайлбарлаад өнгөрөх гэж байна. Энэ бол Авлигын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой асуудал гэж бодож байна. Тиймээс үүнийг хууль санаачлагч, ажлын хэсгийнхэн эргэж харах ёстой. 5 сая, 50 сая, 500 сая чинь авлига биш гэж үү? Ард түмнээ басамжилж буй хэрэг биш гэж үү? Даваа наймаалцах гэдгийг авлига гэж ойлгон Авлигын хуультай уяж өгөх шаардлагатай. Дараагийн асуудал бол амжилт гаргаж буй мэргэжлийн холбоод, багийн спортыг дэмжье. Үүнд хуулиар давуу байдал үүсгэе гэж байгаатай санал нэг байна.

2017.07.06

Ч.Улаан: Тусгай олимпийн тамирчдад дэмжих тухай тусгагдаагүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.06/ Биеийн тамир, спортын тухай шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан хуулийн төслийг дэмжих боломжгүй гэв. Биеийн тамир, спортын хуулийг сайжруулах нь зүйтэй. Гэхдээ уг шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан зарим нэг асуудалтай санал нийлэхгүй, тодруулмаар зүйл байна. Уг хуулийн төсөл баталлаа гээд 350-400 орон тоо нэмэхээр байна. Энэ нь өнөөдрийн нөхцөл байдалтай хэр нийцэж байна уу? Хуулиар орон тоо нэмдэг хандлагыг хэвээр хадгалсаар байх уу? Энэ тал дээр Засгийн газар ямар байр суурьтай байна? Хүн төрөлхтөн дөрвөн олимптой гэж бахархаж ярьдаг. Энэ бүхний уламжлал болгон хадгалахыг хичээдэг, хичээсээр ирсэн. Мэдээж олимп, параолимпийн наадам бол амжилтын төлөө өрсөлдөөн байх. Нөгөө хоёр олимп бол хүмүүнлэг талын олимп юм. Харамсалтай энэ хоёр олимпийн талаар энэ хуулийн төсөлд нэг ч үг, өгүүлбэр алга. Энэ асуудлыг төр анхаарлынхаа гадна орхиж байгаа юм байна гэж ойлголоо. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын талаар гэсэн хэсэг оруулж, гурван заалт тусгасан байна. Энэ бол хангалттай биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие бялдрыг хөгжүүлэх, тэднийг спортоор хичээлүүлэхийн тулд мэргэжлийн байгууллага анхаарч ажиллах ёстой байх. Тиймээс уг хуулийн төслийг дэмжихгүй. Ажлын хэсэг: Сум бүр орон тооны арга зүйчтэй байхаар хуулийн төсөлд тусгасан. Гэхдээ энэ заалт 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих учраас эдийн засгийн нөхцөл байдал, ОУВС-тай тохирсон зүйлд нөлөөхгүй гэж бодож байна. Суманд биеийн тамирыг хариуцсан мэргэжилтэн байхгүй учраас нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ орон тоог бий болгох нь зүйтэй гэж үзсэн. Уг хуулийн төсөлд олимп, параолимпийн талаар тусгасан нь олон улсын хэмжээний наадам учраас оруулсан. Тусгай олимпийн тухайд эрх авдаггүй учраас тусгайлан заалт оруулаагүй. Засгийн газрын зүгээс тусгай олимпт оролцогчдод мөнгөн дэмжлэг үзүүлж ирсэн.

2017.07.06

Б.Жавхлан: Шигшээ баггүй спортыг төр дэмжих хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.06/ Биеийн тамир, спортын тухай шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан хуулийн төслийг дэмжиж үг хэлээд тодорхой санал дэвшүүллээ. Уг хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байна. Гэхдээ маш тодорхой нэг санал байна. Уг хуулийн төсөл батлагдахтай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Хөнгөлөлт үзүүлэхдээ спортын төрлүүдээ ганцаарчилсан болон багийн гэж ялгалгүйгээр 10 сая төгрөгийн босго тавьжээ. Ингэж болохгүй. 10 сая төгрөг гэдэг бол багийн спортод хангалттай дэмжлэг болж чадахгүй. Түүнчлэн багийн спортыг дотор нь албан ёсны шигшээ багтай, шигшээ баггүй гэж хоёр хуваах хэрэгтэй гэж үзэж байна. Багийн спортын төрөлд шигшээ баггүй хэд хэдэн спорт бий. Шигшээ багийн спорт нь шигшээ баггүй спортоосоо хавгүй илүү амжилт үзүүлж байна. Манай хоккейн баг гурван ч том тэмцээнд оролцсоноос хоёр медаль хүртлээ. Сүүлийн хэдэн жил тогтмол амжилт үзүүлж байна. Гэтэл улсын шигшээ баггүй. Төрөөс, төсвөөс ямар ч дэмжлэг байхгүй. Энэ спортод дуртай хувь хүн, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр л явж байна. Шигшээ баггүй спортын төрлүүдийг дэмжихээ орхигдуулж болохгүй. Тиймээс Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулах өөрчлөлт оруулах асуудлыг дахин УИХ-аар хэлэлцэж, шигшээ баггүй спортыг төрлийг дэмжих талаар зохицуулалт оруулахгүй юм бол эдгээр спорт цаашид хөгжих боломжгүй болно. Энэ талаар салбарын яам ямар бодлого барьж байна? Ажлын хэсэг: Багийн спортыг дэмжих ёстой гэдэгтэй салбарын яам санал нэг байгаа. 10 сая төгрөгийн босгыг Сангийн яамны саналаар хуулийн төсөлд тусгаж өгсөн. Гэхдээ уг хуулийн төслийн Засгийн газрын эрх дотор үндэсний болон багийн спортыг дэмжих хөтөлбөр батлах тухай оруулсан юм. Уг хөтөлбөрийг баталсны дараа энэ хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой гэж бодож байна.

2017.07.06

Б.Бат-Эрдэнэ: Хүмүүжил, ёс суртахуун, үнэт зүйлийг төлөвшүүлэхэд анхаарах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэд хэдэн асуудал тодруулсан юм. Манай биеийн тамир, спортын салбар 2003 онд бие даасан хуультай болсон. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийг 2001 оноос эхлэн боловсруулж, миний бие ажлын хэсэгт нь орж ажилласан юм. Олон улсын жишигт нийцсэн хуулийн төсөл боловсруулж, батлуулснаар ямар үр дүн авчирдгийг Биеийн тамир, спортын тухай хууль бэлхнээ нотолж харуулсан. Салбарын хуультай болсноос хойших 14 жилийн хугацаанд Монголчууд бидний хүсэн хүлээсэн Олимпийн аварга төрөн гарсан байдаг. Манай улс төдийлөн амжилт гаргаад байдаггүй багийн спортын төрөлд тодорхой амжилт гаргасан. Тухайн үед хуулийн төслийг боловсруулахдаа нэр хүндтэй хуульчидтай хамтран ажиллаж, олон улсын суурь судалгаануудыг харьцуулахад аль ч улсад биеийн тамир, спортын салбар пирамидын тогтолцоогоор хөгжиж ирсэн байдаг. Хамгийн оройд нь спортын олон төрөлд амжилт үзүүлсэн тамирчид, пирамидын суурийг бүрдүүлж буй олон нийт биеийн тамираар хичээллэж байдаг. Тухайлбал, жүдо бөхийн төрөлд Олимпийн аварга төрлөө гэхэд олон нийт уг спортыг сонирхон судалж, хүүхэд, залуучууд хичээллэдэг шүү дээ. Мөн түүнчлэн тамирчдын ёс зүй ч үүнд нөлөөлнө. Тамирчдыг ёс зүйтэй байхыг дорно дахины улс орнууд шаарддаг. Энэ мэтчилэн маш олон талыг харгалзан үзсэний үндсэн дээр Биеийн тамир, спортын тухай хуулийг боловсруулж байсан. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг судалж үзээд энэ талын зохицуулалт бүрхэг байна уу гэж харлаа. Биеийн тамир, спортын үйл ажиллагаа бол хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэхтэй холбогддог. Нөгөө талаас оюун санааг хөгжүүлэх, ялангуяа хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшил, ёс суртахуун, үнэт зүйлийг бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Өндөр амжилт үзүүлж буй, пирамидын оргилд хүрсэн тамирчдыг дэмжих зохицуулалт сул байна уу даа гэж бодож байна. 2003 онд Биеийн тамир, спортын тухай хууль төсөвт дарамт учруулахаар байсан бол батлагдахгүй байх байсан. Хуулийн төслийн 7,2,4 дахь хэсэгт сумдад биеийн тамирын арга зүйчийг ажиллуулна гэж заасан нь орон тооны ажилтан уу эсвэл 2003 онд батлагдаж байсантай адил орон тооны бус арга зүйчийг ажиллуулах гэж байна уу? Биеийн тамир, спортын удирдлагын тогтолцоо, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг аль нэг яамны харьяанд байлгахаар уг хуулийн төсөлд тусгасан уу эсвэл Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалуулж байна уу? Биеийн тамир, спортын асуудал гэдэг бол улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй бүх салбар уялдааг хангахыг шаарддаг. Тиймээс энэ асуудлыг шууд Ерөнхий сайдын удирдлагад байхаар авч үзсэн үү, ямар зохицуулалт хийсэн бэ гэдгийг хэлж өгөөч.

2017.06.30

Ё.Баатарбилэг: Хувийн спорт клуб, үндэсний спорт, нийтийн бие тамирыг дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах боломж бий юу?

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар /2017.01.24/ Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэд хэдэн зарчмын санал дэвшүүлсэн юм. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "Хуулийн төслийн үзэл баримтлал өөрчлөгдөөгүй, хуулийн үзэл санаанд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх арга механизмыг өөрчилсөн гэж ажлын хэсэг тайлбарлалаа. Гэхдээ өмнөх хуулийн үзэл санааг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, үндэсний шигшээ багийн тамирчдаас бусад тамирчдын нийгмийн асуудлыг шийдэх гэдэг дээр өөрийн саналаа хэлье. Хувийн спорт клубуудад хичээллэдэг тамирчдын нийгмийн асуудлыг төр үүрэхэд хүндрэлтэй байх. Харин хувийн спорт клуб ажиллуулах эрх зүйн орчин, клуб ажиллуулах зөвшөөрөл, тэдгээрийн нийгмийн хариуцлагын хүрээн дэх асуудлыг уг хуулийн төсөлд тусгаж болох эсэхийг судалж үзэх хэрэгтэй. Хувийн спорт клубууд олимп, тив, дэлхийн медальтай тамирчдыг бэлтгэн гаргаж, улс эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн бол тухайн клубын тамирчныг насан туршид нь биш ч гэсэн тодорхой хугацаанд нийгмийн баталгааг нь хангах ёстой гэдгийг клубын хөрөнгө оруулагчдад даалгах эрх төрд бий гэж бодож байна. Үндэсний спортыг Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулдаг байх. Гэхдээ үндэсний спорт ч гэсэн биеийн тамир, спортод хамаарах учраас үндэсний спортын тамирчдын асуудлыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй болов уу. Үндэсний их баяр наадмын тухай хуульд тамирчдын эрх үүрэг, нийгмийн баталгаа зэрэг асуудал нарийвчлан тусгагдаагүй байдаг. Нийтийн биеийн тамир гэдэг бол тогтсон нэршил, ойлголт гэж ойлгож байна. Тиймээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд идэвх, чармайлт гарган оролцож буй хувийн хэвшлийг дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах боломж бий юу? гэсэн зарчмын саналууд байна."

2017.01.25

Б.Саранчимэг: Олон улсад цэцэрлэгт хүрээлэн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх газрын нэг болж байна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай хэлэлцлээ. Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг санал хэлж үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Өнөөгийн нөхцөлд орчин үеийн шаардлагад нийцсэн спортыг дэмжих орчныг бүрдүүлэх хууль эрхзүйн бодлогыг бүрдүүлэх, боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа юм. Энэ хуулийн төсөлтэй танилцаад хэдэн асуудлуудыг хэлмээр байна. Би бие тамир спортыг бизнесийн зарчмаар хөгжүүлнэ гэж оруулж ирж байгаа. Хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, хандив өгсөн байгууллагуудын орлогын татвараас нь хасах нөгөөтэйгүүр монголд үйлдвэрлэдэггүй томоохон тоног төхөөрөмжийг нийлүүлсэн биеийн тамирын заал байгуулсан газруудыг гаалийн татвараас нь чөлөөлөх гэсэн заалтууд орж ирж байна. Энэнээс өөр бизнесийн зарчмаар яаж хөгжүүлье гэж бодож байна вэ? Мөн бие тамир спортын клубуудыг ТББ, ААН -ийн хэлбэрээр үйл ажиллагааг явуулна гэсэн байна. Тэгэхээр төрийн бус байгууллага гэдэг бол ашгийн бус, ААН гэхээр ашгийн байгууллага. Тэгэхээр ямар клубууд нь ТББ-ын хэмжээгээр ямар клубууд нь ААН-ын хэлбэрээр ажиллах вэ энэ талаар тодруулж хэлж өгөөч? Нөгөө талаас бие тамир спортыг хөгжүүлэх талаар ярихгүй байхын аргагүй байгаа. Өнөөдөр цэцэрлэгт хүрээлэн гэхээр л мод тариад л хашаа хашчихдаг ийм газар биш өнөөдөр экологийн боловсрол олгох байгаль орчноо хамгаалах хөрс усаа хамгаалах гээд маш их олон талын ач холбогдолтой хүрээлэн байдаг. Харин олон улсын хэмжээнд цэцэрлэгт хүрээлэнг ерөөсөө бүх нийтийн биеийн тамирийг хөгжүүлэх газар болгож байгаа. Энэ тал дээр цэцэрлэгт хүрээлэнгийн хууль эрхзүйн орчинг тусдаа хуулиар зохицуулсан байдаг. Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайд Ё.Отгонбаяр: Б.Саранчимэг гишүүний асуултад хариулъя. Спортыг бизнесийн зарчмаар хөгжүүлье гэдэг хуулийн концепц том өөрчлөлтийн нэг юм. Манай спорт өнөөг хүртэл социализмийн үеийн зарчмаар хөгжиж байгаад саяханыг хүртэл үндсэндээ ивээн тэтгэлэгийн зарчмаар явж ирсэн. Цаашдаа спорт өөрөө өөрийгөө хөгжүүлдэг нөхцлийг бүрдүүлэх зорилтыг бид үүнд тавьж байгаа. Заалтууд бол энд тэнд тарсан олон заалтууд орсон байгаа.Бие тамир, спортын байгууллагууд цаашдаа ашгийн байгууллагууд болж ажиллах эндээсээ татвар төлдөг байх, үүнд аж ахуй нэгж иргэд хандив мөнгө өгсөн тохиолдолд татвар тооцох орлогоос нь хасаж тооцох гэх мэтийн зүйлийг оруулсан. Ер нь манай спортод нилээн яригдах ёстой асуудал бол спортын байгууллагууд маань тодорхой хандивлагчийн нөлөөн дор орчхоод байгаа байдал байгаа. Бид нар энэ байгууллагуудыг хандивийн чөлөөт болгож өгснөөрөө спортын байгууллагууд олон санхүүжилтийн эх үүсгэвэртэй болоод нэг хандивлагчийн эрхшээлд байх явдал арилах юм. Мэргэжлийнхээ спортын зарчмаар хөгжихөд илүү нөлөөтэй болно.

2017.01.24