“Эх орон-36” хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөр эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр баталсан билээ.
Үүний дэд хөтөлбөр нь “Эх орон -36” хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөр байсан юм. Тус хөтөлбөрийг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан, одоогийн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар санаачлан хэрэгжүүлсэн түүхтэй.
Өнөөдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 17-нд “Эх орон-36” хөтөлбөр дахин эхэллээ. Тус хөтөлбөрт Баянгол дүүргийн ЕБС-ийн 160 сурагч хамрагдаж, Хилийн цэргийн 0164-р ангид суралцахаар ирцгээсэн юм.
УИХ-ын гишүүн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
- “Эх орон-36” хөтөлбөрийн гол зорилго бол эрсдлийг даван туулах чадвартай байхад хүүхэд залуусыг бие бялдар болон сэтгэл санааны бэлтгэлтэй болгох, эх орноо батлан хамгаалахад бэлэн байх чадварыг суулгахад мөн ямар ч үед ойр тойрны найз нөхөд, иргэддээ тусламж үзүүлж чаддаг байхад сургадаг онцлогтой. Өнөөдөр энэ хөтөлбөр Баянгол дүүргийн хүүхэд залууст хүрч, дахин хэрэгжиж байгаад баяртай байна”
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа:
-“Олон эцэг эхчүүд хүүхдүүдээ хүмүүжилтэй болгомоор байна, тэсвэр хатуужилтай болгомоор байна гэдэг. Ер нь манай хүүхдүүд эх орон ч үзэлтэй байх, эрүүл чийрэг бие бялдартай байх, аливаа бэрхшээлийг даван туулдаг байхад энэ хөтөлбөр маш чухал үүрэгтэй. Тийм учраас бид энэ хөтөлбөрийг дахин эхлүүлж, хүүхдүүддээ эх орон ч уур амьсгалыг мэдрүүлэх зорилгоор өнөөдөр Хилийн цэргийн 0164-р ангид сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэ хөтөлбөр хүүхдүүдийн ирээдүйд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Эх орон 36 хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүд Хилийн цэргийн 0164-р ангид Өсвөрийн энхийг сахиулагч, өсвөрийн аврагч, өсвөрийн хилчин, өсвөрийн жагсаалч, өсвөрийн хиймч гэсэн 5 үндсэн хичээлд суралцана.