2010.12.03

Д.Очирбат: Түр штабынхан намын гишүүдийг ингэж доромжилж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Очирбатыг "Ярилцах танхим"-даа урилаа. 

-Саяхан танай Чингэлтэй дүүргийн 106 дугаар үүрийнхэн МАХН-ын түр штабыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн дүүргийн нөхөн сонгуульд үүрийн гишүүд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярьн дэмжсэн боловч гишүүдийн саналыг xapгалзаж үзээгүй. Ер нь анхан шатныхаа гишүүдийн үгийг сонсдоггүй гэж гомдоллож байна. Та үүрийн гишүүдтэйгээ ер нь уулзсан уу?

-Би  үүрийн  гишүүдтэйгээ уулзаж чадаагүй л байна. Намрын чуулган завсарлахаар үүрүүдийнхээ гишүүдтэй уулзъя гэж бодож байгаа. Үүрийн гишүүдийн тухайд хэвлэлээс л мэдээлэл авлаа. Өнөөдрийн яриад байгаа МАХН Ардын нам хэмээх хуучин нэрээ сэргээсэн нь буруу, зөв гэдэг асуудал аль хэдийнэ нэг мөр шийдэгдсэн. Зарим хүмүүс л намын гишүүдийн санаа бодлыг өөрчлөх ухуулга хийх гэсэн "тоглолт" гэж ойлгож, харж сууна. МАХН-ын гишүүн бол одоо Монгол Ардын намын гишүүн гэсэн үг. МАХН-ын түр штаб гээд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс хэзээ ч МАХН гэсэн нэрийн товчлолыг ашиглах боломжгүй. Бид их хурлаараа бүгд хэлэлцээд хуучин нэрээ сэргээхээр шийдсэн. МАХН байж байгаад хүссэн, хүсээгүй ч Монгол Ардын нам болчихсон. Өөрөө өргөдлөө өгөөд, хяналтын хороогоор шийдүүлээгүй тохиолдолд намын гишүүн хэвээр л байна.

-Чингэлтэй дүүргийн намын үүрийнхний хэлснээр "Манай нам хөл толгой нь мэдэгдэхгүй болчихлоо. Хэн чухам манай намын дарга юм бэ" гэсэн. Мөн үүнийг тодруулахын тулд Н.Энхбаяртай уулзсан гэдгээ хэлж байсан л даа?

-Намын гишүүд аль намд байгаагаа, намын дарга хэн гэдгийг мэдэхгүй байна гэж байхгүй. Дүүргийн даргаар ажиллаж байсан хүний хувьд Чингэлтэй дүүргийнхээ намын үүрийн гишүүд, сайн дураар ажиллаж байсан бүх хүнийг ерөнхийд нь гадарлаж байгаа. Ийм яриа гаргаж байгаа нь түр штабынхны л хийж байгаа хутгуур. Түүнээс биш манай дүүргийн намын гишүүдийг хэн намын дарга гэдгийг мэдэхгүй "тэнэг" гэж доромжилж болохгүй. Хэн нэгэн хүний явуулж буй хутгуураар л ийм зүйл болж байгаа.
-Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Чингэлтэй дүүргийн анхан шатныхантай уулзахаасаа өмнө тантай уулзав уу?
-Уулзсан. Би Н.Энхбаярыг Ерөнхийлөгч, намын дарга байх үед нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга байсан. Би одоо хувь хүнтэй нь холбож яримааргүй байна. Ардын намыг хүнд хэцүү байх үед удирдан зохион байгуулж намын даргаар ажиллаж байсан хүн намаа хагалан, бутаргах ажил явуулж байна гэдэгт л итгэхгүй байгаа. Наагуур нь худал мэдээлэл зөөж гүйлгээд ийм үйл ажиллагаа зохион байгуулдаг хэсэг хүмүүс байдаг байх.

-МАХН-ын түр штабынхан тодруулж хэлбэл Ц.Шинэбаяр гишүүний хэлж байгаагаар Монгол Ардын намд элсээгүй. Тиймээс өргөдөл өгч гарах шаардлага байхгүй. Харин ч их хурлын төлөөлөгч, гишүүд өөрсдөө Г.Баасан ламын намд дагаар орсон хүмүүс гэж ярьж байсан?

-Хамгийн үнэн зүйл нь МАХН хуучин нэрээ сэргээгээд Монгол Ардын нам болсон. Г.Баасан ламынх бол сүүлийн үеийн нам. Монгол Ардын нам бол 1921 онд байгуулагдсан анхны нам. Харин Ардчиллын үед Г.Баасан Ардын намын нэрийг сэргээсэн хүн. Тэгэхээр Г.Баасан ламын нам болох учиргүй. Ардын намынхан намаасаа гараад энэ хүний намд дагаар орж байна гэх тайлбар тавиад байгааг ойлгохгүй байна. Энэ бол хувь хүний өөрийнх нь тайлбар байх. Ингэж хүний сэтгэхүй дээр "тоглоод" байгаа юм.

-Ц.Шинэбаяр гишүүн МАХН-даа үлдэнэ гэдгээ намынхаа их хурлын дараа зарласан. Харин хувь улстөрчийнх нь хувьд Ц.Шинэбаяр гишүүний энэ үйлдлийг та юу гэж үзэж байна вэ?

-Улс төрд байгаа, улс төрд орж ирсэн хүн тодорхой мэдээлэлтэй, мэдлэг мэдээллийнхээ түвшинд аливаа асуудлыг бодож, дүгнэж байж аливаа зүйлд хандах ёстой. Монгол Ардын нам дотроо МАХН гэдэг үгийн товчлолыг давхар ашиглана гээд байгааг би сайн ойлгохгүй байгаа.

-Сонгууль дөхсөн энэ үед намын дотоод асуудал ингэж хурцадвал мэдээж сөрөг үр дагавар авчирч болзошгүй байх?

-Мэдээж нөлөөлнө. Ардчилсан нам, Иргэний зориг нам, Ногоон намынхан чинь хоорондоо үзээд, дотроо тулалддаг байсан. Гэтэл одоо Монгол Ардын намын гишүүдийн дунд үл ойлголцол үүсээд, нам дотор нам байгаа юм шиг, хэсэг бүлэг нөхдүүд нам байгуулж гарах гээд байгаа юм шиг үйл явдал, дүр төрх л харагдаад байна. Энэ бүх процесс Монгол Ардын намын хүчийг сулруулах, эв нэгдлийг сарниулах гэсэн л хэрэг. Энэ их бужигнаан, төөрөгдөлд сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

-Эмч хүний хувьд танаас эрүүл мэндийн салбарын тухай асуумаар байна. Саяхан нийслэлд хүүхдийн эмнэлэг барих шаардлагагүй хэмээн салбарын сайд нь хэлж байсан. Гэтэл бодит байдал дээр нийслэлд эмнэлэг тэр дундаа хүүхдийн эмнэлгээр гачигдаж байгааг хэн бүхэн л мэдэж байгаа шүү дээ?

-Бүх дүүргүүд дээр төрөх эмнэлэг байх ёстой. Уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт урьд өмнө сонсогдож байгаагүйгээр ихэслээ. Стратегийн ач холбогдолтой орд газрууд шинээр нээгдэж байна. Энэ орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбар руу татах хэрэгтэй. Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө анхаарах ёстой. Харин Ерөнхий сайд С.Батболдын толгойлж буй Засгийн газар Монгол Ардын намын тунхаг бичигтээ Монгол Улсынхаа иргэнийг  эрүүл  мэндийн  даатгал үзлэгт хамруулах шийдвэр гаргасан. Өрхийн орлого багатай, ядуу, малчин 400 гаруй мянган иргэний өнөөдөр эрүүл мэндийн даатгалд иж бүрэн хамруулах мөнгийг төсөвтөө суулгасан. Ингэснээр эрүүл мэндийн салбарт маш том хөрөнгө оруулсан. Нийт 9.7 тэрбум төгрөгийг даатгалд хамрагдаагүй иргэдээ хамруулахын тулд төсөвлөсөн.

-УИХ-ын чуулганаар Эрүүл мэндийн хууль, Даатгалын тухай хуулийг хэлэлцэж байгаа. Энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт шинэчлэлт хийж чадах уу?

-Энэ хууль бол эрүүл мэндийн салбарын үндсэн чиглэлийг хангах гол хууль. Уг хуулиар миний бодлоор эрүүл мэндийн даатгалыг бие даасан болгох, аль нэг сайдын харьяанд байлгахаас татгалзах, эрүүл мэндийн даатгалын тусдаа агентлаг бий болгох хэрэгтэй. Удирдах зөвлөлтэй. Тэндээсээ бүх шийдвэрээ гаргаж байдаг. Иргэд чанартай тусламж, үйлчилгээг худалдан авах. эрхийг нээж өгөх ёстой. Аль ч даатгалын байгууллага хэдий сайн ажиллана төдий чинээ бие даасан агентлагаас мөнгө авна. Энэ нь өрсөлдөөнийг бий болгож байгаа хэрэг. Эрүүл мэндийн цогц шинэчлэлийн асуудлыг Монгол Ардын нам Удирдах зөвлөлийн хурлаараа тогтоол гаргаж, ярьж байсан. Одоо ч тэр үзэл, ойлголт хэвээрээ байгаа. Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийн асуудалд хэд, хэдэн зүйл хамаарагдаж байна. Хөндөгдөөгүй, хуучин тогтолцоогоороо явж байгаа энэ салбарын санхүүжилт, хүний нөөц, барилга байгууламж, бүтцийнх нь асуудлыг шийдвэл цогц шийдэл болно. Үүгээрээ уг салбарын цогц шинэчлэлтийг   хийе   гэж    байгаа. Миний түрүүн хэлсэн иргэд чанартай эрүүл мэндийн үйлчилгээг худалдан авна гэдэг маань санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа юм. Одоо бол төсөв гээд л Эрүүл мэндийн сайдад өгчихдөг. Тэр мөнгө нь хүнд бус барилга, байгууламжид л очиж байна.

-Иргэдийн зүгээс эмнэлгийн ажилтан ажилчдыг хүнд сурталтай, үйлчилгээ үзүүлэхдээ муу зэргээр шүүмжилдэг. Салбарын хувьд, сайдын хувьд ч тэр асуудал их гардаг?

-Эрүүл мэндийн салбарыг төр засаг, үе үеийн энэ салбарыг толгойлж байсан хүмүүс хоноцын сэтгэлээр ханддаг байсан нь нууц биш. Энэ салбарынхан цалгар, назгай, хариуцлагагүй ханддаг тал бий. Үүнийг өөрчлөхийн тулд мэргэжилтнээ сургаж, ажиллах орчныг нь бүрдүүлж, цалинг нь нэмсний дараа хариуцлагын тогтолцоог нь сайжруулах хэрэгтэй. Ингэвэл иргэдийн бухимдал байхгүй болно. Уг асуудалд сайдад нь ч албан хаагчдад ч буруу бий. Тухайн салбарыг сайн мэдэхгүй сайд дөрвөн жилийн хугацаанд салбарынхаа үйл ажиллагааг арайхийж ойлгож эхэлж байтал улс төрийн томилгоо гээд сольчихдог. Гэтэл дараагийн сайд гарч ирээд өмнөхийнхөө энэ үйлдлийг давтдаг. Тэгэхээр эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг үе уламжлагдаж ирсэн хүмүүсээр удирдуулах хэрэгтэй. Нэг хүн гарч ирээд энэ Л.Гүндалай юу хийж байсан юм. Би өөрөөр бүхнийг хийнэ гэж түрүү, түрүүчийн удирдлагуудынхаа хийсэн зүйлийг үгүйсгэж байдаг. Ийм явдлаас болж нийт салбар уналтад орж, үнэгүйдэж байна.

-Эрүүл мэндийн салбар улс төржөөд байна уу гэж харагдаад байдаг. Жишээ нь саяхан нэгдүгээр эмнэлгийн захирлын суудлаас болж хэсэг бужигналаа?

-Энэ салбар өөрөө улстөрждөггүй салбар. Салбарын дарга, удирдлагууд улс төржиж болохгүй. Зөвхөн эмч хүн эрүүл мэндийн салбарыг удирдана гэж байхгүй. Харин эдийн засаг, эрүүл мэнд, удирдан чиглүүлэх гээд бүх талын мэдлэгтэй хүн байх ёстой гэж үздэг.

-Дөрөвдүгээр эмнэлэг барихаар болсон. Харин уг асуудал ойрд нам жим болчихлоо?

-Дөрөвдүгээр эмнэлэг битгий хэл өрхийн эмнэлэг, төрөх эмнэлэг ч барьж чадахгүй байна. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл гэхэд л одоо зориулалтын бус байранд байгаа. Энэ асуудлыг шийдүүлэхээр С.Ламбаад бичиг өгч. дүүргийн эрүүл мэндийн нэгдлийг зориулалтын байранд оруулах асуудлыг хоёр жил хөөцөлдлөө. Ганц ийм асуудлыг л шийдэж чадахгүй өнөөг хүрлээ. Парламентад эмч мэргэжилтэй гурван гишүүн бий. Энэ нь өөрөө цөөнх болоод байгаа юм. Парламентад хэдий их эмч нар орж ирнэ төдий чинээ эрүүл мэндийн салбар илүү хөгжих боломж нээгдэнэ.