Д.Очирбат: Хоёр намын залуучуудын дунд авто аялал зохион байгуулна
2009.03.25

Д.Очирбат: Хоёр намын залуучуудын дунд авто аялал зохион байгуулна

УИХ-ын гишүүн Д.Очирбат Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ОХУ-д айлчлаад иржээ.  Түүнтэй    уулзаж ярилцав.
-ОХУ-д ажлын айлчлал хийх үеэр ямар асуудал шийдвэрлээд ирэв?
- МАХН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын хамт ОХУ-д ажлын айлчлал хийгээд ирлээ. Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалын үеэрээ ОХУ-ын Нэгдсэн Орос намын удирдлагуудтай уулзаж, хоёр намын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хоёр талын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Үүний зэрэгцээ аль ч орны залуучууд тухайн орныхоо нүүр царай, идэвхтэй хөдөлгөгч хүч нь байдаг. Тийм учраас Нэгдсэн Орос намын залуучуудын байгууллага "Молодая Гвардия" -ийн удирдлагуудтай хамтарч ажиллахаар ярилцсан. Өнгөрөгч арваннэгдүгээр сард Нэгдсэн орос намын их хуралд УИХ-ын дэд дарга Н.Энхболд бид хоёр сууж байсан. Энэ үеэр эл намын залуучуудын байгууллагын удирдлагуудтай хамтарч ажиллах талаар эхэлж ярилцаж байсан юм. Орос, Монголын ард түмэн дээр үеэсээ ойр дотно явж ирсэн хүмүүс. Бидний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө Оросын ард түмэн байлдаж, монголчуудтай цусаараа гагнагдсан найз нөхөд, ах дүү болсон. 70 жилийн өмнө Халх голд тулалдаж явсан цөөхөн хэдэн хөгшин байна. Шинэ үеийн залуучууд бид энэ ахмадуудаа эргэн санаж, дурсан хүндэтгэх ёстой. Хойч үеийхэндээ ч хэлж үлдээх учиртай. Тийм учраас Нэгдсэн Орос намын залуучуудын байгууллагатай хамтран ажиллахаар болж, Халх голын байлдааны 70 жилийн ойн үеэр хоёр орны залуучуудын хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар боллоо.
-Тухайлбал, хоёр орны залуучууд хэрхэн хамтран ажиллах вэ?
-Эцэг өвгөдийнхөө тулалдаж, цусаа урсгаж, ясаа тавьсан түүхэн, дурсгалт газруудаар хамтарч аялах залуучуудын авто аялал болно. Нөгөө талаас өдөр ирэх тусам цөөрч байгаа ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх зорилготой. Нэр нь тодроогүй баатруудын нэгийнх нь ч гэсэн нэрийг тодорхойлж, хүндэтгэл үзүүлж, ар гэрийнхэнтэй нь холбож өгөх ажлыг хийнэ. Халх голын ойтой холбогдуулж Засгийн газраас ажлын хэсэг гарч байгаа. Үүнд залуучуудын байгууллага түлхүү оролцож, үе тэнгийнхнийгээ уриалсан. Хойд хилээс Халхын гол хүртэлх авто аялал ирэх наймдугаар сард болно. Эрхүү, Новосибирскийн залуучууд наашаа явах аяллын хөдөлгөөн өрнүүлж байна. Заавал МАХН-ын дэргэдэх байгууллага МАСЗХ гэж явцууралгүй тэр аялалд оролцох Монголын шилдэг залуучуудыг шалгаруулж авна. Цагаан сараар дүүргийнхээ 94 настай Лагцаг гуайтай золгож, хүндэтгэл үзүүлсэн. Лагцаг гуай өөрийгөө дайнд оролцож явсан гэж зарлаагүй ч дайны ар талын фронтод сувилагч, тогоочийг нь хийгээд явж байсан гавъяатай хүн. Энэ мэтээр даруухан амьдарч яваа гавъяатай хүмүүсийн зэрэгцээ Халх голын холбогдолтой түүхэн баримтыг манай "Үнэн" сонины уншигчид дэлгэхийг үгүйсгэх аргагүй шүү дээ.
-УИХ алдагдлыг 5.4 хувьтай байхаар төсвийг тодотголоо. Энэ тухай Таны байр суурийг сонирхоё?
-Засгийн газраас анх оруулж ирсэн бүтцийн өөрчлӨлтийн буюу 283 нийгмийн ажилтан, дэд сайд, орлогч нарыг байхгүй болгох саналд хамгийн эсрэг байр суурьтай байсан хүн бол би. Эдийн засгийн байдал ийм үед нэг ч гэсэн хүн цалинтай байх хэрэгтэй. Цаашид ч мөн адил орон тоо хасах асуудал байх ёсгүй. Ер нь хямралыг давж, цаг сайхан болоход Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулж, данхайсан том бүтцийг цэгцлэх зайлшгүй шаардлага бий. Сангийн яам гэсэн данхайсан том аппараттай. Түүнээс л бүгд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, орон нутагт эрх мэдэл алга. Нийслэлийн Засаг даргад сургууль, цэцэрлэг, гүүр барих хөрөнгө мөнгөний ямар ч мэдэл алга шүү дээ.