2016 оны Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.05.10/ хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцлээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 158 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 18.4 хувь буюу 29 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 72.3 хувь буюу 119 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 9.3 хувь буюу 10 арга хэмжээ тусгагджээ.
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт 2016 оны жилийн эцсийн байдлаар 61.2 хувьтай гарсан аж.
Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны эрхлэх хүрээний яамд болох БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ-ны Үндсэн чиглэлд тусгасан арга хэмжээний хэрэгжилт 67.9 хувьтай гарчээ.
2016 оны Үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Гантулга, Ц.Цогзолмаа, С.Чинзориг нар асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Багануур дүүрэгт байгуулах их, дээд сургуулиудын хотхоны дэд бүтцийг байгуулах ажлын биелэлт 10 гаруй хувьтай гэж гарсан байна. Гэтэл нийслэлд их, дээд сургуулиуд барилгаа өргөтгөөд, эхнээсээ ашиглалтад орж байна. Ер нь бүх их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх боломж бий юу хэмээн лавласан.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Их, дээд сургуулиудын хотхоныг байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын даалгавар гарч, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргах зарим ажил хийгдэж эхэлсэн ч санхүүжилт олгогдоогүйгээс ажил үндсэндээ зогссон гэж хариуллаа. Түүний хэлснээр, эмнэлгүүдийг бааз сууриа болгосон ЭМШУИС, шинжлэх ухааны төвүүд, лаборатори, үйлдвэрүүдэд түшиглэн сургалтаа явуулдаг ШУТИС зэрэг сургуулиудыг нүүлгэн шилжүүлбэл сургалт явуулах боломжгүй болох аж. Түүнээс гадна 100 гаруй мянган оюутан, олон мянган багш, ажилтнуудын сурч, ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд маш их хөрөнгө, мөн цаг хугацаа шаардлагатай гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан нар байр сууриа илэрхийлсэн.
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Өнгөрсөн оны Үндсэн чиглэлийн биелэлт гэж ээлж өнгөрөөсөн тайлан орж ирдэг. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний салбарын хэмжээнд Үндсэн чиглэлд тусгагдсан ажлын биелэлт 70 шахам хувьтай гарсан гэж дүгнэжээ. Гэтэл улсын хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлт гарч, шуурхай арга хэмжээ авч чадаагүйгээс 80 гаруй хүүхэд амиа алдсан. Эхийн эндэгдлийн түвшингээр манай улс дээгүүрт бичигдэж байна. Өнгөрсөн онд 38 эх эндсэн байна. Нас барсан 10 гаруй мянган хүний нэрээр тэтгэвэр авч байсан, боловсролын салбарт олон зуун аж ахуйн нэгжийг хохироосон тендерийн асуудал гарсан гээд ярьвал олон зүйл байна. Ийм байтал Үндсэн чиглэлийн биелэлт нь өндөр, Үндэсний аудитын газрын дүгнэлт ч бөөрөнхий. Цаашдаа ингэж явж болохгүй гэж бодож байна гэж хэлсэн.
Гишүүд ийнхүү хэлэлцээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.