УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцов
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр,
2017.05.22

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцов

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд ОХУ-ын экспертийн багийг урьж авчиран энэ сарын 17-ны өдөр  хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд “Тамхины хяналтын эрх зүйн орчныг сайжруулахад хэвлэл мэдээллийн оролцоо, хувь нэмэр” сэдэвт олон улсын сургалт-хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан юм.

Тэрбээр уг хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан Оросын Холбооны Улсын Төрийн Думын Эрүүл мэндийн байнгын хорооны дэргэдэх Экспертийн зөвлөл болон Эрүүл мэндийн яамны Тамхины хяналтын асуудлаарх Зохицуулах зөвлөлийн гишүүн, Тамхины эсрэг эвслийн дэд тэргүүн Алексей Шабашов, “Тамхигүй хүүхдүүд” олон улсын байгууллагын ОХУ дахь төслийн багийн мэргэжилтэн Александра Скатова нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр “Бидний урилгыг хүлээн авч тамхины хяналтын асуудлыг амжилттай хэрэгжүүлж буй өөрийн орны туршлага, сэтгүүлчдийн оролцоо, хувь нэмрийн талаар манай хэвлэл мэдээллийнхэнд үнэтэй мэдээлэл өгсөнд талархаж байна. Бид Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд энэ хугацаанд ОХУ-ын экспертүүд туршлагаасаа хуваалцаж манай ажлын хэсэгт бүхий л талаар техникийн туслалцаа үзүүлж хамтран ажиллаж ирсэн. Одоогоор бид санаачилсан хуулийнхаа төсөлд Засгийн газрын саналыг авахаар ажиллаж байна” гэлээ.

ОХУ-ын Төрийн Думын Эрүүл мэндийн байнгын хорооны дэргэдэх Экспертийн зөвлөл болон Эрүүл мэндийн яамны Тамхины хяналтын асуудлаархи Зохицуулах зөвлөлийн гишүүн, Тамхины эсрэг эвслийн дэд тэргүүн Алексей Шабашов цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрт талархал илэрхийлээд “Монгол Улс тамхины хяналтын эрх зүйн орчноо улам боловсронгуй болгохоор ажиллаж байгааг дэмжиж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу ОХУ ч мөн тамхины хяналтын эрх зүйн орчинг сайжруулж, амжилттай хэрэгжүүлж байна. Цаашид танай улсад тамхины хяналтыг сайжруулах асуудалд ОХУ-ын зүгээс техникийн туслалцаа үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байна” гэдгийг онцоллоо.