УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2017.05.19

Д.Тэрбишдагва: Биднийг хэн залаад байна?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.19/ УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, таслан зогсоох чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санал хэлэв.

Д.Тэрбишдагва: Ерөнхийлөгч хар тамхитай дайн зарласан шүү дээ. Гэтэл тоон мэдээллээс харахад энэ дайнд бид ялагдаж байна. Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулна, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх гэх зэргээр ерөнхий арга хэмжээ тусгагдсан байна.

Сүүлийн үед байгаль орчны доройтол, уул уурхайн хэт хамаарал, баян ядуугийн ялгаа, архидалт, хар тамхи гээд байнга тулгамдсан асуудал ярьдаг боллоо. Яагаад ийм болов? Биднийг хэн залаад байна? Гадны нөлөөгөөр Монголд ардчилал ярьдаг, үндэсний үйлдвэрүүдийг хувьчилж баяжсан, байгалийн баялгийг гадныханд нийлүүлж идэж буй эдийн засгийн алуурчид гээд Монголд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл олон байна.

Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаас сонсоход хар тамхийг уйдсан, хийх байхаа олж ядсан нийгмийн чинээлэг хэсэг хэрэглэдэг юм байна. Ингээд бодохоор зүгээр олдсон хөрөнгөөрөө үргүй зүйлд зарцуулж байгаа нөхдүүд л энэ хар тамхины гол хэрэглэгчид юм биш үү? Тиймээс бидний зах зээл рүү оруулж эмх журамгүй болгож байгаа нь төрийн бодлого мөн үү? Асуудал болгон сэтгэл өвтгөж байна.