МҮЭ-ийн холбооноос ОУВС-ийн захирлуудын зөвлөлд ханджээ
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ сарын 4-ний өдөр ОУВС-ийн Гүйцэтгэх захирал Кристине Лагарде болон ОУВС-ийн захирлуудын зөвлөлд хандаж Монгол Улсын Засгийн газар, ОВУС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй холбоотой МҮЭ-ийн холбооны саналыг хүргүүлсэн байна.
МҮЭ-ийн холбоо нь Монгол Улс дах хөдөлмөр эрхэлж буй 450000 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн цор ганц Үндэсний төв байгууллага бөгөөд ОУВС-аас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар өөрийн байр суурийг 2017 оны дөрөвдүгээр сарын 17-нд ОУВС-ийн Монгол дах суурин төлөөлөгч Нейл Сакертай хийсэн уулзалтаар тодорхой илэрхийлсэн билээ.
Монгол Улсын Засгийн газраас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах зорилгоор 2017 оны Улсын төсвийн тодотголыг нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан зөвшилцөлгүй УИХ-д өргөн барьж батлуулсан байна.
МҮЭ-ийн холбооноос Монгол Улсад нүүрлээд байгаа эдийн засаг, санхүүгийн хямралыг даван туулахдаа ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах нь зүйтэй гэдэг байр суурийг анхнаасаа дэмжиж ирсэн билээ.
Хэдий тийм ч ард иргэдийн амьдралын түвшин улам дордож байгаа өнөө үед иргэд хөдөлмөрчдийн амьжиргаанд дарамт учруулахгүй байх талаар Засгийн газарт удаа дараа тавьж байсан МҮЭ-ийн холбооны саналуудыг эргэн харж шийдвэрээ гаргах хүсэлтийг тавьж байна.
Мэдээлэл болгох үүднээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн холбогдох заалтуудыг хавсралтаар хүргүүлсэн байна.