2017.06.02

Ё.Баатарбилэг: Хүний эрхийн маш том ухралт хийсэн

Өнөөдөр /2017.06.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх "Монгол Улсын 2017 оны санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл"-ийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг өнгөрсөн 4 жилийг хүний эрхийн ухралт болсон жил хэмээн дүгнэж, байр сууриа илэрхийлсэн юм.

Ё.БААТАРБИЛЭГ: ЗАРДЛАА ИХ ХЭМЖЭЭГЭЭР ӨСГӨЧИХӨӨД ДАРАА НЬ БУУЛГАСАН ДҮР ҮЗҮҮЛЖ ЖҮЖИГЛЭДЭГ БАЙДАЛ ӨНГӨРСӨН 4 ЖИЛИЙН ТУРШ ГАРЧ БАЙНА.

Өнгөрсөн 4 жил монголын ард түмний олсон, алдсан зүйл олон. Түүнийг цаг хугацааны шалгуураар, түүх дэнсэлж өгнө.

Бидний хамгийн их алдсан зүйл бол төсөв мөнгөөр хэмжигдэж болдоггүй хүний эрх, эрх чөлөөний байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөөний байдал маш ихээр ухарлаа.

Үүнийг олон улсын байгууллагын судалгаагаар харж болно. Харамсалтай байна. Энэ бол үнэхээр том ухралт. Төрийг толгойлж явсан хүний нэрээр л тухайн цагийн улс орны байдлыг дурсдаг. Өнгөрсөн 4 жилийг энэ маягаар дүгнэнэ. Ерөнхийлөгчийн хаврын чуулганы нээлтэнд хэлсэн үгэндээ төсвийн зардлыг бууруулах тал дээр маш чухал санаа хэлсэн.

Өөрөө жил бүр төсвөө 60 хувиар танасаар байгаад сүүлийн 4 жил 11 тэрбумаас 4 тэрбум болтол бууруулсан гэж байсан.

Тайланг нь харахад 2009 онд 1,8 тэрбум байсан төсвийг 2013 онд 7 тэрбум болтол өсгөчихөөд түүнийгээ сүүлийн 4 жил 4 тэрбум болгож бууруулсан байна.

Өөрсдөө төсвийн зардлыг их хэмжээгээр өсгөчихөөд дараа нь буулгасан дүр үзүүлж жүжиглэдэг байдал өнгөрсөн 4 жил нилээд газар авсан.

2013 онд 11,6 хувийн эдийн засагтай улс орон байсан нь 2017 онд 1 хувь болтлоо буурчихсан. Засгийн газрын өр 2,3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Баялаг бүтээгчид 2013 онд хэдэн аж ахуйн нэгж , жижиг дунд үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байсан бэ? Хэдийн хэр хэмжээний үйлдвэрлэл эдийн засгийн эргэлтэнд оруулж байсан бэ? Аж ахуйн нэгжийн тоогоор, улсад төлж байсан татвараар 2 оныг харьцуулсан үзүүлэлтийг хармаар байна. Энэ тоон дээр энэ 4 жилийн үзүүлэлт харагдана.

АЖЛЫН ХЭСЭГ:

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тоог Үндэсний статистикийн хорооноос жил бүр гарган зарладаг. 100 орчим мянган аж ахуйн нэгж байдаг. Үүнээс яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж, статистикийн бизнес, регистрт бүртгэгдсэн 60 гаруй мянган аж ахуйн нэгж байдаг.