Б.Баттөмөр: Сонгууль нэг л болно, хөршүүд бол мөнхөд байна
Өнөөдөр /2017.06.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх "Монгол Улсын 2017 оны санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл"-ийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр төсвийн хомсдолтой байдлаас болоод үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд очсоныг анхааруулж, өөрийн байр сууриа илэрхийллээ.
Б.БАТТӨМӨР: 21-Р ЗУУНЫ АРД ТҮМЭН ИЙМ ЯДУУ БАЙЖ БОЛОХГҮЙ
Зөвхөн гадаад өрийн хэмжээ гэхэд л 60 их наяд төгрөг. Энэ бол 10 жилийн төсвийн орлоготой тэмцэх хэмжээний мөнгө. Энэ үзүүлэлт Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт ямар байгааг харуулж байгаа үзүүлэлт. Монгол төгрөгний ханш Монгол Улсын валютын сантай хамарч ажиллах болсноос хойш л 2390 лүү орж байна.
Төгрөгний үнэ ханш бол Монгол Улсын, монгол хүний үнэ цэнэ.
2016 онд дотоодын валютын хадгаламж 88 хувиар өссөн байна. Үүнээс валютын хомсдол үүсэх нөхцөл эндээс эх авсан. Сүүлийн хэдэн жил 7 тэрбум доллараар интервенц хийсэн. Энэ мөнгөний хэсэг нь хадгаламж руу орсон. Бид эдийн засгаа мэдлэггүй удирдаж байна. Сая бид төсвийн хүрээний мэдэгдэл 2018 оны үндсэн чиглэлийг баталсан. Төсвийн орлогоо нэмье гэхээр ОУВС-тай тохирсон тоо тулаад, зардлаа хасъя гэхээр бас тэр тоо нь хөдөлчих гээд байдаг.
Ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 27 жилийн түүхэнд бид дээд талдаа суудлаа олсонгүй. Дээрээ суудлаа олохгүй бол доороо хөлөө олохгүй. Эдийн засгийн загвар буруу байна. Загвараа шинэчилье гэж их ярьж байна. Улс төрийн шинэчлэл, эдийн засгийн шинэчлэлээ хослуулж хийх зорилгоор Үндсэн хуулийн өөрчлөлтүүд хийгдэж байна. Эдийн засгийн шинэчлэл хийх талаар ямар судалгаа хийгдэж байна?
Бид ирэх жил 6.8-хан их наяд төгрөг олох юм байна. Үүнийг 20 их наяд болгох боломжууд байна.
Газрын баялагийнхаа үр өгөөжийг ард иргэддээ хүртээе. 21-р зууны ард түмэн ийм ядуу байж болохгүй.
Монгол Улсын төсвийн хомсдолтой байдлаас болоод үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд очсон байна. Эрүүл мэндийн салбараа бид санхүүжүүлж чадахгүй байна. Боловсролдоо хөрөнгө хаяж чадахгүй байна. Батлан хамгаалах болон хүчний байгууллагуудаа бэхжүүлж чадахгүй байна. Бид их зүйлийг хийх шаардлага байна. Бидэнд эв нэгдэл хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнтэй зэрэгцээд эвгүй мэдээллүүд их тарж байна. Ярьж болох юм, болохгүй юм гэж байдаг. Сонгууль бол нэг л болно. Хөршүүд мөнхөд байна. Ярих зүйлсээ зааглаж ярьмаар байна.