Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдад томилох санал гаргав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай саналыг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох тухай саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ гэж Засгийн газрын тухай 21 дүгээр зүйлд Засгийн газрын гишүүний орон тоо гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор нөхөн томилно гэж заасныг тус тус үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд Г.Чулуунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайдаар томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр танилцууллаа.
Г.Чулуунбаатар нь 1957 онд Ховд аймгийн Дарив суманд төрсөн бөгөөд 1975 онд тус аймгийн 1 дүгээр сургуулийг дүүргэсэн.
1981 онд МУИС-ийн философийн салбарыг философич, нийгэм судлалын багш мэргэжлээр төгсөж, 1993 онд Москва хотын Оросын удирдлагын академийн аспирантурт суралцаж, философийн доктор, 1999 онд философийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан болно.
Тэрээр 1981-1990 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтид эрдэм шинжилгээний ажилтан, 1993-1994 онд Сургалт судалгааны Прогноз төвд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1996 онд УИХ-ын дэргэдэх судалгааны төвд эрдэмтэн, нарийн бичгийн дарга, 1996-2016 онд Шинжлэх ухааны академийн философи, социологийн хүрээлэнгийн захирал, 2001-2008 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын даргын ахлах зөвлөх, албаны дарга, 1998-2007 онд СУИС-ийн Соёл урлагийн менежментийн тэнхмийн эрхлэгч, тэргүүлэх профессор, 2008-2012 онд ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академийн захирлаар, 2016 оноос Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд улсад 36 жил, үүнээс боловсрол, шинжлэх ухааны салбарт 29 жил ажилласан болно.
Иймд Г.Чулуунбаатарын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт ажиллаж хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэргийг харгалзан Засгийн газраас дэвшүүлж буй зорилтуудыг биелүүлэх, танхимын зарчмаар ажиллах чадвартай гэж үзэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайдын албан тушаалд томилуулах саналтай байна.