Л.Энх-Амгалан: Дээд боловсролын тогтолцоог шинэчилж өөрчлөхөд онцгой анхаарч ажиллаарай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай саналыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шинээр томилогдож буй сайдад анхаарах ёстой зүйлсийг захиж эхллээ.
Манай байнгын хороо гурван асуудлаар ажлын хэсэг гаргасан.
Нэгд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг гарсан. Уг ажлын хэсэг намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан сургуулийн өмнөх насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах зориултыг хангахаар ажилласан юм. Энэ хүрээнд байнгын хорооны тогтоол гарсан.
Хоёрт, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг "ЕБС-иудын хангамж", "Үдийн хоол" хөтөлбөрийн хэрэгжилт, багш сурган хүмүүжүүлэгчдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажилласан.
Гуравт, Их, дээд сургуулиудын тогтолцоог шинэчлэх талаар УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулсан ажлын хэсэг гарч, мөн байнгын хорооны тогтоол гарсан. Тиймээс таны өдөр тутамд хийх ажил бол манай байнгын хорооноос гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангах юм шүү.
Таны хамгийн их цаг хугацаагаа зарцуулах өөр нэг асуудал бол Монгол Улсын дээд боловсролын тогтолцоо. Өнөөдөр манайд 97 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр сургуульд 157 мянган оюутнууд суралцдаг. Гэтэл дээд боловсролын тогтолцооны гажуудлаас болж, дипломтой ажилгүй залуусаар эгнээгээ тэллээ. Үүнээс болж ард түмэнд санхүүгийн хүндрэл тулгардаг.
Арилжааны банкны зээлийн бүтцийг харахад, цалин, тэтгэвэр, малчдын зээлийн ихэнх нь сургалтын төлбөрт зориулагддаг. Зээлийн хэмжээ 1 их наядад хүрээд байна. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын Засгийн газар Боловсролын зээлийн сан ажиллуулсан.
Өнгөрсөн жил УИХ-аас 90 тэрбум төгрөгийг уг санд төсөвлөсөн. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсоход маш хангалтгүй байна.
Өнөөдрийн байдлаар уг сангаас 1000 хүрэхгүй оюутан зээл авсан байна. 90 тэрбум төгрөг төсөвлөөд байхад 8 хүрэхгүй тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа нь маш хангалтгүй юм.
Анх 90 тэрбум төгрөг төсөвлөхдөө Монголын 150 мянга гаруй оюутны 30 хувь буюу гурван оюутан тутмын нэг нь зээл авна гэж тооцоолж байсан. Гэтэл өнөөдөр 1000 хүрэхгүй оюутан зээл авсан нэртэй уг сангийн үйл ажиллагаа хүмүүсийн бодит амьдралд, боловсролд дэмжлэг үзүүлж чадахгүй байна. Тиймээс уг сангийн үйл ажиллагаанд онцгойлон анхаарах ёстой шүү.
97 их, дээд сургуулиас магадлан итгэмжлэгдсэн, магадлан итгэмжлэлийн шалгуур хангаж байгаа сургууль 1/3 нь байна. Гэтэл магадлан итгэмжлэгдээгүй 60 орчим сургууль үйл ажиллагаагаа явуулсаар, оюутны элсэлт авсаар байна. Үүнийг маш том гэмт хэрэг гэж ойлгож байна. Тиймээс магадлан итгэмжлэгдээгүй сургуулиудын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй.
Хүн ам, их дээд сургуулиудын тоог харьцуулахад Гиннесийн номонд орохоор их сургуультай байгаа шүү. 1,3 тэрбум хүн амтай БНХАУ 1000 гаруй сургуультай. Тиймээс боловсролоор бизнес хийдэг Австрали улсыг дурдаж болно л доо. 22 сая хүн амтай мөртлөө 47 их, дээд сургуультай. Эндээс үзэхэд Монгол Улсын дээд боловсролын тогтолцоог шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлага тулгарсан.