2012.06.13
Д.Оюунхорол: Ялан дийлэх гэхээсээ илүүтэй хийж бүтээхийн хүслэнд автаж явна аа
Төрсөн нутаг усаа гэсэн халуун дулаан сэтгэлтэй, аль ч нам хүчний хэнтэй ч ойлголцох чадвартай, улстөрчийн зангарагтай, туршлагатай гишүүдийн нэг Д.Оюунхоролтой ярилцлаа.
-МАН-ын бага хурал болж Та Завхан аймгийн 9-р тойрогт дахин нэр дэвшихээр боллоо. Баяр хүргэж амжилт хүсье.
Баярлалаа. Миний хувьд, Монгол түмэн, Завханчуудынхаа итгэл сэтгэлийг өвөрлөн, төрд цэх, зөв байж, хийж бүтээхийн төлөө цаг ямагт чармайн зүтгэж байдаг. Төрийн эрх барих дээд байгууллагад хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Улс төрийн “хатуухан” өрсөлдөөнд уяа сойлгоо тааруулна гэдэг амаргүй даваа. Нутгийн олон түмэн дээлийн минь захыг мушгин надад дахин уралдах боломж, итгэл, урагшлах урам зориг өглөө. Намын журмын нөхөддөө болон нутгийн ард олондоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Нутгийнхаа зон олны сайхан сэтгэл, шулуун шударга үг сургаалыг хичээн, Отгонтэнгэр хайрхандаа залбиран сүсэглэж, энэ ариун дагшин газар оронд төрсөндөө баярлан омогшиж явдаг.-Удаан дуншсан Жендэрийн тухай хууль батлагдахад таны оролцоо их байлаа. Энэ үнэхээр чухал үйл явдал мөн үү?
Гуравхан эмэгтэй гишүүнтэй парламент энэ хуулийг баталсан нь үнэхээр түүхэн үйл явдал болсон. Мэдээж асуудлыг шийдэхэд амар хялбар байгаагүй. Жендэрийн тэгш байдал бол ганц эмэгтэйн асуудал биш. Эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах бүхий л түвшинд нэмэгдүүлэх үндэсний хэмжээний асуудал тул зоригтой тэмцэж үзэл бодол байр сууриа тусгалаа. Дэлхийн чиг хандлагад нийцсэн, цагаа олсон алхам боллоо. Үр дүн нь энэ сонгуулийн дараа харагдах байх даа.-Ер нь эмэгтэй хүний улс төрийн оролцоо, улс төрд эмэгтэй гишүүд олноороо байхын ач холбогдолюу вэ?
Хорвоо ертөнц гэдэг арга билгийн тэнцвэр шүү дээ. Хаана арга билэг сүлэлдэнэ, тэр газар цаад үндсээрээ тогтвортой, амгалан байдаг. Үүний адилаар улс эх орон, төрийн хэмжээний шийдвэрүүдийг гаргахад арга билгийн ухаан хоёулаа зайлшгүй хэрэгтэй. Эрчүүд асуудлыг хол алсаар нь харж, түүнийхээ төлөө зүтгэчихдэг бол бүсгүй хүн тэрхүү алсад хүрэх замд тохиох жижиг том бартаа гүвээ бүгдийг мэдэрч тооцон, хатан ухаанаа эрчилж байдаг юм шүү дээ.Нөгөө талаасаа өнөөгийн нийгэм дэх өрх толгойлсон эмэгтэйчүүд, эхчүүд, ээжүүдийн асуудал амаргүй байна. Мөн гэр бүлийн үнэ цэнийн тухай ойлголт ч хурдтай өөрчлөгдөн хувьсах боллоо. Байгаль дэлхий экологийн асуудал, бүхэлд нь хэлбэл дэлхий ертөнцийн эд ширхэг бүхэнд өмнөхөөс илүү хайр энэрэл хэрэгтэй цаг үе ирлээ гэж ойлгож байна. Энэ нөхцөл байдлаас үүдэн эмэгтэйчүүдийн оролцоо нийгмийн бүхий л шатанд ус агаар мэт хэрэгтэй байна даа.
-Та монголын эмэгтэйчүүдийг нэгтгэсэн хамгийн том байгууллагын тэргүүн. Эмэгтэйчүүдийн төлөө, нэлээд шинэ санал санаачлага гарган үр дүнд хүрч эхэллээ. Энэ хариуцлагатай ажлыг тань сонирхмоор байна?
Монголын олон мянган эхчүүд, эмэгтэйчүүдийн минь надад хүлээлгэж буй итгэл гэж ойлгож, эрх ашгийг нь хамгаалахын төлөө хариуцлагатай, санаачлагатай ажиллахыг эрхэмлэдэг. Эрх баригч МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын хувьд нийгэмд асар их үүрэг хариуцлага үүрч ажилладаг нь гарцаагүй. Гэр бүлийн цогц хөтөлбөр боловсруулах, бага орлоготой өрх толгойлсон эмэгтэйчүүдээ дэмжих гарцыг хайх, хийсэн ажилтай хэлэх үгтэй манлайлагч эмэгтэйчүүдээ нийгэмд таниулахын зэрэгцээ МАН-ын зарчмыг баримталж, 2012 оны УИХ-ын сонгуульд 16 эмэгтэйг нэр дэвшүүллээ. 6 эмэгтэй тойрогт, 10 эмэгтэй маань намын жагсаалтад орсон.Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хүрээнд шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдээ дэмжиж ирлээ. Мөн сонгуулийн шинэ хуулийн хүрээнд эмэгтэйчүүдээ бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэн бэлтгэх гээд ажил их, зав зай багатай, дайчин хурдтай ажиллаж байна. Багийн хамт олон маань ч хатуу чанга шаардлагыг биелүүлж ажилладаг. “Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” мянган эмэгтэйн чуулга уулзалт, “Бид ч чадна” парламентад суудалтай гурван намын эмэгтэйчүүдийн форум, эмэгтэйчүүдийг санхүүгийн хувьд бэхжүүлэхийн тулд барьцаа хөрөнгө шаардахгүй, хүү бага, хугацаа урт итгэлийн зээл олгож, “ядуурлыг музейд” тавьсан дэлхийн бусад олон орны ядууралтай тэмцсэн тэргүүн туршлагаас судалж хэрэгжүүлэхийг зорьж ажлаа эхлүүллээ. Судалгаа дүгнэлт гаргах гээд нэлээд ажлуудыг амжууллаа. Энэхүү төслийг төр засгийн удирдлагууд дэмжсэн. Бид ажил болгохын төлөө хөөцөлдөж байна.-Танаас эмэгтэй хүний уян зөөлөн гэхээсээ илүү эршүүд чанар мэдрэгдэх юм. Энэ таны эрхэлж буй ажилтай холбоотой юм болов уу?
Өөрийн байр суурь, үзэл бодлоо хамгаалж нугаралтгүй зогсох хүч зориг гаргахаас аргагүй албанд зүтгэж яваагаа алхам тутамдаа мэдэрдэг. Гадна төрхөөрөө хад шиг хатуу харагддаг эр хүн ялихгүй гэмээр зүйлд нулимс унагаж хоолой нь зангирч байхын алийг тэр гэх билээ. Насан туршдаа өөрийнхөө сэтгэл зүрхийг чагнаж тандаж, дотогшоо ухаарч амьдардаг цорын ганц амьтан чинь хүн шүү дээ. Улс төр хүнийг бусдаас илүү сэтгэлийн тэнхээтэй, тунгалаг зан үйлдэлтэй байхыг шаарддаг. Түмний төлөө амь насаа байг гэхэд хувь амьдралаараа дэнчин тавьж байж л энэ албыг залгуулдаг.-Таныг нийгмийн хамгаалал тэр тусмаа хүн ам, өрх гэр бүлд хүрсэн, хувь хүний амьдралд нөлөөлсөн олон хууль санаачилсанд ард түмэн талархалтай ханддаг. Ийм их ажлыг амжуулахдаа шантрах үе гарна биз?
Шантрах эрх байхгүй шүү дээ. Хүн ам, өрх гэр бүлийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээс өөр гарцгүй. УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд 50 гаруй хуулийн төслийг дангаар болон бусад гишүүдийн хамт өргөн барьж, зарим хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаа. Төрийн бодлого тодорхойлох түвшинд эмэгтэй улс төрчийн хувьд эрчүүдийн үл анзаарч, жижиг хэмээн орхисон нийгмийн хамгийн эмзэг асуудлуудыг хуулинд тусгуулах талаар онцгой анхаарлаа. Олон ээжүүд эхийн одонгоо авах боломжгүй байсан. Боловсролын салбарын ажилтнуудын нийгмийн асуудал, тэтгэмж ялгавартай байсан. Ахмадуудын тэтгэвэр зөрүүтэй байсан. Энэ бүх асуудлыг шийдвэрлүүлж чадсан. Тэтгэврийн зөрүүг арилгаж 160 мянган ахмадуудаа баярлуулж, Монгол улсынхаа хүн амыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 130 мянган ээжүүд эхийн одонгоо гардан авлаа. Мөн оюутан залуучууддаа зориулж сар бүр 70,000 төгрөгийн тэтгэлэг олгох ажлын хэсгийг ахалж хуулиа батлуулсандаа сэтгэл нэн хангалуун байна. Төрд олон жил зүтгэсэн, хуримтлуулсан баялаг туршлагатай, улс төрчидтэй мөр зэрэгцэн ажиллаж, тэдний хал үзэж хашир таньсан ухаан бодол, мэргэн санаа,ажил амьдралын баялаг замналаас суралцан, түшиж тулж, хамтран ажиллаж чадсандаа баяртай байна. Өнөөдөр улс төрчдийн тухай сайн, муу элдвээр ярьдаг. Гэвч байгалиас заяасан төрийн хар хүний төрмөл хувь заяатай, ган хат суусан олон хүн төр улсдаа хүчээ өргөж явна шүү дээ.-“Ахмадаа дээдэлсэн ардын нам” зөвлөгөөнд таны хэлсэн үг настайчуудад нэлээд таалагдсан нь анзаарагдсан. Ер нь та ахмадуудынхаа талаар ямар бодолтой явдаг вэ?
Төрийн бодлого шийдвэрийн үр дүн иргэд сонгогчдод хэрхэн хүрч байгаа талаар хөдөө орон нутагтаа ажиллах үеэрээ илүү мэдэрдэг. Нутгийн “хөх” өвгөчүүлийн хатуухан бөгөөд үнэн үг сургаалыг сонсон, халуун яриа өрнүүлэх нь яагаад ч юм нэг л дотно, тэнгэрт алсарсан аавтай минь адилхан санагддаг. Нутгийн олон сайхан хөгшчүүлийн маань өөрийн охин мэт хайрлан хэлсэн халуун дулаан үг сэтгэлийг минь огшоож, уйлуулсан удаа олон бий. Ахмад буурлуудтайгаа илүү дотно уулздаг даа. Тэд маань улс төрийн сонгууль бүрт найдвартай ар тал, суурь хүч, түшиг тулгуур байсаар ирсэнд баярлаж, бахархаж явдаг.-Өнгөрсөн дөрвөн жил улс орны хувьд олон чухал үйл явдал тохиосон. Монгол хүн олимпийн аварга боллоо гэж эхлээд эдийн засаг эрчимтэй өсөх хүртэл нэлээд зүйлийг дурдаж чадахаар байна. Харин таны ажил, хувийн амьдралд ямар тэмдэглэлт үйл явдлууд тохиов оо? Мэдээж гавъяат болсныг онцолж хэлэх ёстой байх?
Хүн бүрт амьдралын хувь төөрөг байдаг. Би өөрийн амьдралынхаа хуудас бүрийг чин сэтгэлээсээ бүтээж яваа учраас өөр бусдынхтай жишиж, дүйцүүлдэггүй. Хувь хүнийхээ хувьд, үнэнд ойрхон байж, зөв амьдрах чин хүслээр л дүүрэн явдаг. Миний амьдрал, миний хувь төөрөг оюуны их далай Отгонтэнгэр их сургуультай салшгүй холбоотой. Нутгийнхаа Их хайрханаар овоглосон сургуулийнхаа 20 жилийн ойг тэмдэглэж, нийгмийн шударга өрсөлдөөн дунд дээд боловсролын чанар, хувийн хэвшлийн сургуулийн дүр төрхийг нийгэмдээ харуулж чадсанаараа, сургууль төгссөн олон залуучууд маань сайхан ажил төрөл хийж улс эх орондоо дэм тус болж амьдралаа авч яваад нь бахархаж явдаг. Мөн Завханчууд төдийгүй монголчуудын минь ажил амьдралыг дааж, ивээж явдаг Богд Очирваань хайрханыхаа төрийн тахилгад оролцсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсролын сарбарт хийсэн өөрчлөлт шинэчлэлийн үр дүнг урамшуулж, Монгол улсын гавъяат багш цол тэмдгээр шагнуулсан гээд өгөөж хишиг арвинтай сайхан он жилүүд байлаа. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон гээд тэмдэглэлтэй хийгээд хариуцлагатай үйл явдлууд тохиолоо.-Улс төрчдийг сүүлийн үед бүгдээрээ л уул уурхайн орд газартай, хөрөнгөлөг чинээлэг баян болж, элдэв асуудалд их орооцолдлоо гэж ярьдаг. Та ер нь эдийн засгийн хувьд ямар боломж бололцоотой хүн вэ?
Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн ерээд оноос л би хувийн бизнесээ эхэлсэн. Бизнес гэхээсээ илүү олон нийт рүү чиглэсэн нийгмийн шинэ харилцааны үйлчилгээ гэмээр энэ ажлаа үр дүнд хүргэж хүлээн зөвшөөрүүлж тодорхой байр суурь, орон зай эзэлж чадсандаа бахархалтай байдаг. Хэн ч гэсэн хийсэн ажилдаа сэтгэл хангуулуун байвал өөрийн амжилтын алтан хаалгаа нээж буй л хэрэг шүүдээ. Аав, ээж хоёр маань хөдөлмөрлөхийн амт шимтийг эрт мэдрүүлсэн. Ажлыг сайн муу гэж гололгүйгээр хий. Ажил чамайг голохоос ажлыг чи голж болохгүй гэж л сургасан. Ерээд оны эхний он жилүүдэд ганзагын наймаа хийж таван цаас олж түүнийгээ өсгөж, үржүүлж бас баярлаж бизнесийн үйл ажиллагаагаа тэлж явсан цаг бий. Цаг наргүй хөдөлмөрлөж, хөдөлмөрийнхөө үр дүнг хараад баярладаг байлаа. Бас олсон хэдийгээ гамнаж хэмнэж, хуримтлуулж, өсгөж үржүүлсэн. Ажил хийвэл ам тосдоно гэдэг бол манай гэр бүлийн хүмүүжил, эцэг эхээс минь үлдээсэн өв сургаал. Үүний үр дүнд бизнесийнхээ үйл ажиллагааныхаа эх үүсвэрийг тавьсан. Бас аав ээж хоёрын минь олон жилийн турш өдөр шөнөгүй ажиллаж хуримтлуулсан хөдөлмөрийн хөлс, тэдний минь сэтгэл шингээсэн таван төгрөг маш их дэм болж сургуулиа байгуулсан даа. Мэдээж надад айхтар их мөнгө байхгүй ээ. Гэхдээ өөрийгөө аваад явчих, өрөөл бусдад дэм болчих, ойр зуурыг зохицуулчих хэмжээний эдийн засгийн суурь бол бий шүү. Наддаа л болчихдог юм. Нийгэм нийтийн хөрөнгөнд шунаж, хумсалж яваагүй учир элдэв хэл аманд орооцолддоггүйг олон түмэн, тэр тусмаа Завхан нутгийнхан маань илүү мэднээ.-Ер нь төр бизнес хоёр ямар харилцаатай байх ёстой вэ?
Төсвийг татвар төлөгчид бүрдүүлдэг учраас л бизнес хийж буй хүмүүсээс олон зүйл хамаарна. Мэдээж харилцаа нь тухайн хууль, нийтлэг дүрэм журмаар зохицуулагдах тогтвортой, шударга дарамтгүй зарчмаар явагдах ёстой. Төр бизнест хэт их оролцох нь дэмий. Бизнесийнхэн ч гэсэн төртэй нэг их зууралдаад байхыг хүсдэггүй. Ижил тэгш нөхцөл, шударга өрсөлдөх боломж олгохыг том, жижиг гэлтгүй аж ахуй эрхэлж буй хүн бүр хүсч байгаа. Гэхдээ төр бизнес эрхлэгчдээ сонсч хамтран ажиллах нь маш чухал дэмжлэг болно.-Албан тушаал ахих тусам зарим хүний зан төрх өөрчлөгддөг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?Хувь хүний үнэт зүйл, үзэл бодол тийм амархан өөрчлөгддөг гэж үү?
УИХ-ын гишүүн бид ард түмний элчийн хувьд нийт ард олон, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, хуулийг биелүүлэхээр төрийн сүлдэндээ тангараг өргөдөг шүү дээ. Тийм ч учраас монгол эх орон, элгэн түмнийхээ төлөө цэгц шударгаар ажиллах явдал миний хамгийн эрхэм зүйл. Айл гэр бүлд ах дүү, аав ээж, элэг бүлээ зохион байгуулж, дэмжиж тусалдаг “Зүтгүүр” нэгэн байдаг даа. Тэр нь би. Миний унаган зан чанар, суурь хүмүүжил намайг өдий зэрэгтэй авч яваа гэж боддог.-Сүүлийн үед хүмүүс шүтэх зүйлээ ч олохгүй төөрч будилах боллоо. Шашин шүтлэгийн талаар та ямар байр суурьтай явдаг вэ?
Хүн болгонд бурханлаг чанар бий. Энэ чанараа сэрээх, эс сэрээх нь хүний өөрийнх нь гарт л байдаг. Миний хувьд нутаг ус, байгаль дэлхийдээ залбирч бурхан шашиндаа сүсэглэж мөргөдөг. Монгол түмнийг минь бүхэлд нь харж ивээж явдаг Отгонтэнгэр хайрхан уулаа шүтэн залбирч явдаг. XIV Далай лам хүн болгон өөрийгөө хичээх хэрэгтэй гэж сургадаг юм билээ. “Хэн хүний аливаа үйлдэл, буян нүгэл цөм л дотоод сэтгэлтэй байдаг” хэмээн айлдсанаас үзвэл аливааг, хийхээсээ өмнө бодож цэгнэж байхыг хэлсэн юм болов уу. Хүний сэтгэлийг залуурддаг хүч нь итгэл бишрэл болдог жишээг олон харсан. Амьдралын хууль бол эцсийн дүндээ итгэлийн хууль юм байна.-Өнөөдөр хүн бүр хөгжлийн тухай, иргэд, иргэний нийгмийн байгууллагын талаар олон өнцгөөс ярих боллоо. Энэ сэдвээр ярьдаг цөөн тооны хүнээр ч иргэний нийгмийг төсөөлөх хандлага гарч байна. Энэ зөв болов уу?
2010 онд “Монгол улс ардчилсан өөрчлөлтийн 20 жил, цаашдын зорилт” сэдэвт онол практикийн бага хуралд иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах боломж, арга замын талаар итгэл бэлтгэж хэлэлцүүлж байлаа. Иргэний нийгэм нь иргэд ба төр засгийн хооронд зуучилдаг, төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг, ард иргэдийн дунд олон талт харилцаа бий болгодог, сайн засаглалын үндсийг нийгмийн гүнд үндэслүүлэх чухал үүрэгтэй. Би бодохдоо иргэний нийгэм гэдэг нь нутгийн зөвлөлүүд, нэг ангийнхан, нэг их хурлынхан гэх мэт төрөл бүрийн эрх ашиг, сонирхлоороо нэгдсэн хүмүүсийн бүлэг, баг, хамт олон гэж үздэг.-Удахгүй УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид маань ард түмэндээ дүнгээ тавиулна. Хэрвээ Та дахин УИХ-ын гишүүн болбол ямар асуудалд онцлон анхаарах вэ?
Монгол улсад гэр бүлийн задрал хурдацтай явагдаж байна. Иймээс эмэгтэйчүүдийнхээ төдийгүй нийгэм, нийтийн эрх ашгийн үүднээс гэр бүлийн асуудалд онцгой анхаарч “Гэр бүлийн хувьсгал”-ыг эхлүүлнэ гэж бодож байгаа. Гэр бүл тогтуун тайван, өр зээлгүй, өвчин зовлонгүй, архи дарсны хамааралгүй амгалан тайван аж төрвөөс тэр өрх гэр бүл өөдрөг бадрангуй, эрүүл саруул баяр хөөртэй амьдарна. Ажил орлого олох, амьдралын сайхан бүхнийг өөрсдөө цогцлоож чадах боломжийг төрөөс хангаж өгөхийн төлөө энэ хувьсгалыг эхлүүлэх зэрэг төлөвлөсөн зүйл их бий. Тиймээс “ Гэр бүлийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хууль санаачлан УИХ-д өргөн барьсан. Одоо их хурал хэлэлцэж байгаа. Хамгийн чухал заалтуудыг нь эрэгтэй гишүүд хүч түрсэн парламент батлах найдвар хомс байгааг нуух хэрэггүй юм. Гэхдээ “цаг цагаараа цахилдаг хөхөөрөө байхгүй”гэж нэг үг бий. Энэ сонгуулиар эмэгтэйчүүд олуулаа болно итгэж найдаж байна. Учир нь Монголын ард түмэн цэцэн билэг ухаантай , төвч үзэлтэй ард түмэн шүү. Ажил хийж цалингаараа нутаг орондоо сайхан ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж өгөхийг зорино. Төрийн албыг илүү шударга ёс зүйтэй болгох ёстой. Залуус нь сургууль соёлоо төгсөөд ажил төрөл хийх боломж олгох төрийн албаны хуульд өөрчлөлт оруулна гэж бодож байгаа.-Танай нам МАН гэсэн уугуул нэрээрээ анх удаа сонгуульд оролцох гэж байна. Түүхэн сонгууль, түүхэн нэрийнхээ талаар та ямар бодолтой явна даа?
Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амиараа дэнчин тавьж хатан зоригоороо байгуулсан эх орончдын шүншиглэж хайрласан Ардын нам хэмээх уугуул нэрээрээ анх удаа 2012 оны сонгуульд оролцоно. Энэ сонгуульд манай нам ялалт байгуулах нь зөвхөн нэр төр, алдар гавьяаны хэрэг төдий бус түүхэн үүрэг хариуцлага, уламжлан залгамжлуулах буурал дээдсийн захиас даалгавар гэдгийг журмын нөхөд, иргэд олон нийт бүрэн ойлгож байгаа учраас санаа зовох асуудал байхгүй. Манай намын уугуул нэр бол Ар халхын 8-р Богд гэгээний равнайлсан, хүмүүсийн ой ухаанд шүншиглэгдсэн, ард олныхоо алс хэтийн хувь заяаг бодож өгсөн нэр шүү дээ. Тийм учраас сонгогчид маань аар саар юманд анхаарлаа сарниулахгүй Монгол Ардын Намыг сонгоно гэдэгт итгэлтэй байна. МАН гэдэг товчлол нь санскритээр СЭТГЭЛ гэсэн үг гэдэг. Монгол Ардын Нам үеийн үед сайн сэтгэлтнүүдийн, сайн үйлстнүүдийн цуглуулга байсаар ирсэн нь үүнтэй холбоотой болов уу.-Нийгэм улс төр, эмэгтэйчүүд, хийсэн ажил үйлс гээд их олон асуудлын талаар ярилцлаа. Та их сайхан инээмсэглэх юм аа.
Баярлалаа. /сурв:инээв/. Би болж өгвөл инээмсэглэж явахсан гэж боддог. Ард түмэн, нийгэм улс төрийн байдал амаргүй байгаа нь хүүхэд, эмэгтэйчүүдийн нүдний харц, нүүрний өнгөнд хамгийн тод илэрдэг шүү дээ. Монгол хүн бүрийн бие сэтгэл эрүүл байгаасай гэж хүсдэг. Энэ сайхан оронд өсч төрсөн бид бахархан баярлах баярлах ёстой гэж санадаг. Улам сайхан амьдрах сайн цагийг л наашлуулахад хүн бүр өөрийн мэддэг чаддаг бүхнээ дайчлан зориулах үүрэгтэй. Хэн нэгнийг ялж дийлэхдээ бус хийж бүтээхийн хүслэн намайг хөтөлж яваа.-Таны гитар бариад дуулж байхыг харсан. Гүн сэтгэгдэл төрүүлсэн тэр агшны талаар бас асуухгүй өнгөрч болохгүй нь?
Нэг нь эхлэхэд нийтээрээ түрлэг өргөдөг, дуу хуур нь дундрашгүй ард түмний үр сад шүү дээ, бид чинь. Зүрх сэтгэлд бодол хүндрээд, нэг тийм бөглүү ч юм шиг байдлыг мэдрэх үедээ гитараа бариад дуулдаг. Дурсамж бодол хөвөрнө шүү дээ. /сурв:инээв/-Дурсамж бодол гэснээс цэл залуу нас танд ямар өнгөөр төсөөлөгддөг вэ?
Бодож байгаагүй юм байна. Гэхдээ миний цэл залуу нас надаас харьцангуй их ухаан шаардсан ч юм болов уу гэж боддог. Хувийн амьдрал, ажил үйлс аль аль нь. Нэг тийм цагаан гэгээлэг өнгө юм болов уу. Залуу насанд чинь юмыг ялгаж салгах ухаан, амьдралын туршлага дутна шүү дээ. Харин нас нэмж, оймс элээхийн хэрээр аливааг өнгө будгаар нь их тод ялгадаг юм байна. Өнгө будгаар нь тод ялгадаг зүг чигээ хараад ирэхээр чинь эргэн тойрон тодорхой өнгөтэй ч харагддаг юм байна.-Та хатуу хүн шиг харагдаад байдаг?
Тэгж харагддаг юм шиг байна лээ. Далайхдаа хатуухан ч буухдаа зөөлөн. Би чинь хариуцлагатай алба хашиж, бас чамгүй тооны хүн удирддаг болохоор ярианд хүртэл тийм өнгө байхыг үгүйсгэхгүй.-Хоёулаа нилээд удаан ярилцлаа. Сонгуулийн сурталчилгаандаа мордохын өмнө сонгогч түмэндээ хандаж хэлэх үгийг тань сонсмоор байна?
Харин тэглээ. Төр төвшин бол түмэн олон амгалан гэдэг дээ. Эцэг өвгөдийн үлдээж өгсөн дэлгэр Монгол орондоо ард иргэддээ ээлтэй эрх зүйт төр, сайн засаглалыг бататган бэхжүүлж, өрх гэр бүлийг элбэг хангалуун, сэтгэл тэнэгэр, эрүүл саруул, ирээдүйдээ итгэл төгс, аз жаргалтай тэгш дүүрэн амьдрах заяа тавилан, зам мөрийг нь хөх тэнгэр тэтгэх болтугай гэсэн ерөөл өргөе.Төр түшилцэх нэр хүндтэй их үйлсэд зүтгэхийн тулд энэ удаагийн УИХ-ын сонгуульд олон сайхан хүмүүстэй хуулийн хүрээнд ёс зүйтэй, шударгаар өрсөлдөж, ялан дийлэхийн гэхээсээ илүүтэй хийж, бүтээхийн хүслэнд автаж явнаа.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.