Баруун бүсийн даншиг наадам боллоо
Моринд дуртай Монгол түмний эртнээс зэхэж хоног тоолон хүлээсэн Очирваанийн хурд- 2009 наадам Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг хүрэн талын хөндийд наадамч олны сэтгэл алдсан уухай, мяндсан жолоо өргүүлж алдар цолоо дуурсгах газар газрын шандаст хурдан хүлгүүдийн тэнгэрт хадах тоосон дунд энэ жилийн сүүлчийн наадам болж ирэх жилийн наадам хүртэл ярих амттайхан дурсамж үлдээн өндөрлөлөө.
Энэхүү наадамд 17 аймгаас ирсэн нас насны 1055 хурдан ажнай оролцсоноос Хурдан азарганы уралдаанд Манлай уяач Цандэлэгийн Соёмбо хүрэн, Их насны уралдаанд Увс аймгийн Зүүн-Говь сумын уяач Батмөнхийн Хүрэн, Соёолон насанд Зоос банкны ТУЗ-ын дарга Батбаярын Зоос бор, Хязааланд Орхон аймгийн уяач Чулуунбатын хүрэн хязаалан, Шүдлэнд Ховд аймгийн уяач Гантөмөрийн хүрэн, Дааганд Манлай уяач Эрдэнэчулууны хээр даага Даншиг наадмын түрүү магнай болж наадамчин олныг баясгалаа.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Уугуул нутаг усандаа зохион байгуулагдаж байгаа Даншиг наадмыг 15 сая төгрөгөөр ивээн тэтгэж оролцлоо. Мөн тэрээр 3 багийн эмчийн унааны асуудлыг шийдэж мотоцикль тус бүр 1, Тэлмэн сумын хүн эмнэлэгт иж бүрэн оношилгооны багаж гардуулав. УИХ-ын гишүүн нутгийн иргэдтэй уулзан санал, бодлыг нь сонсч тэдний тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн байна.