Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 803, Ардын хувьсгалын 88 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтан, албаны хүмүүс байлцав.
Мөн Д.Сүхбаатарын талбайд Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулсан тэргүүний дүрэмч, жагсаалч анги шалгаруулах уралдаанд тэргүүлсэн анги, хамт олонд шагнал гардуулж, ард түмэндээ хүндэтгэл үзүүлэх цэргийн ёслолын жагсаал боллоо. Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний нийт 1600 гаруй цэргийн албан хаагч оролцсон байна.