Д.Тэрбишдагва: Сүүлийг нь сөхөж, Шүдийг нь үзэж байж сонгох ёстой
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва
2017.09.25

Д.Тэрбишдагва: Сүүлийг нь сөхөж, Шүдийг нь үзэж байж сонгох ёстой

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-УИХ-аас Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргасан. Тэр чуулган дээр та байгаагүй. Ямар нэгэн шалтгаанаар оролцоогүй юу?

-Ямар шалтаг, шалтгаан байх вэ дээ. Тэр үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажлаар  явж таарсан. Аль зургаан сараас хойш төлөвлөж, уулзалтуудынхаа  цагийг товлосон байсан учраас хойшлуулах аргагүй байлаа. Явахаасаа өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Бүлгийн дарга, Ерөнхий сайд, Шадар сайд болон бусад гишүүн, сайд нартай уулзаж, санал бодлоо солилцож, байр суурийг нь сонсч, гадагшаа явахаа ч хэлж, чөлөө авсан хэрэг.

Өнгөрсөн  хавраас “Ажилсаг Монгол” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Мэргэжилтэй боловсон хүчин, жижиг, дунд үйлдвэрийн эздийг бэлдэх, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагчдын тоог нэмэх шаардлагатай байна. Миний яриад байдаг ажилсаг монгол хүнийг бий болгоё гэвэл онол, дадлагыг хослуулсан мэргэжил эзэмшүүлэх нь маш чухал. 

Өнөөдөр манай боловсролын сис-тем нөхцөл байдалтайгаа  уялдаа тааруу, нэг л олон диплом өвөрлөсөн дээд сургууль төгсөгчдийг “үйлдвэрлээд” байдаг. Гэтэл зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харахаар нарийн мэргэжлийн, техник технологийн ажилчин, мастерууд олдохдоо ховор. Бүгд л ширээний ард суудаг, костюм өмссөн албан хаагч болохыг мөрөөдөгч болчихвол хэн тэр уул уурхай, хүнс, мал аж ахуй, газар тариалан, зам, барилга, эрчим хүч, худалдаа, үйлчилгээ, нийтийн аж ахуйн  салбарт ажиллах юм. Энэ бүхэн залуусын буруу шийдэл, сонголтын алдаа биш ээ.

Манай улсын боловсролын систем нь Америк хэв маягийг шүтсэн гэлтэй. Маш олон дээд сургуультай. Гэтэл миний бодлоор Америк биш, харин дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрөгдөж, загвар болсон Германы дуэль буюу хосломол  боловсролын тогтолцоо манайд илүү зохицох юм шиг санагддаг. Энэхүү хосломол сургалтын талаар нарийн судлаад үзэхээр сургалтын маш олон төрлийн хувилбар ба боломж байдаг юм байна. Үүнээс гол жишээ болгон хэлэхэд мэргэжлийн сургуульд суралцагчид онол үзэхийнхээ зэрэгцээ практик  дээр туршлагажиж, дадлагажина.

Сургууль дээрээ онол үзээд сургуулийнхаа бүрэн тоноглогдсон дадлагын танхимд мэргэжлийн багшийн удирдлага дор дадлага хийж, мөн нэг, хоёр өдөр онолоо үзээд бусад хичээлийн цагт нь мэргэжлийн дагуу үйлдвэрүүдэд ажиллаж, туршлага хуримтлуулна. Ингэснээрээ дадлагажигч мэргэших төдийгүй тэдний хөдөлмөр тухайн аж ахуйн нэгж улмаар улс ардын аж ахуйн бүтээн байгуулалтанд тусалдагаараа хоёр талдаа ач холбогдолтой юм.

Дадлагажигч хөдөлмөрлөснийхөө хөлсийг тарифын дагуу авдгаараа ажиллах сонирхол улам илүү төрдөг юм байна. Сургуулиа төгсөхөд энэ-хүү ажилтан мэргэжлээрээ хаана ч го-логдохгүй ажлын ур чадвар эзэмшиж чаддагаараа онцлог. Өнөөдөр манай улсад өндөр мэргэжилтэй ажилчин, ажилтан хэрэгтэй байна. Барилга баръя гэхээр мэргэшсэн ажилчин олддоггүй, олдсон нэг нь шаардлага хангадаггүй, зам баръя гэхээр чадварлаг инженер хангалттай биш, үйлдвэрлэл дээр шинэ технологи нэвтрүүлье гэхээр мэр-гэшсэн мастерууд алга байна шүү дээ. 

-Тэгэхээр гадаадад мэргэжилтэй ажилтан сургах ёстой юм байна гэж ойлголоо?

-“Ажилсаг Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж, мастерууд, жижиг, дунд үйлдвэрийн эзэд, мэргэжилтэй чадварлаг ажилтнуудыг төр бодлогоор бэлдье, эх орондоо зургаан сар тухайн орны хэлийг заагаад, шаардлагатай мэргэжлүүдээрээ хосломол боловсролын системээр гадаадад хэдэн мянгаар нь залуусаа сургаж, дадлагажуулья гэсэн асуудал дэвшүүлээд л явна. Энэ бодлогыг хэрэгжүүлье гэж Монголынхоо Засгийн газарт, хууль тогтоогчдод нэлээд дээрээс хэлээд л байгаа.

Германд сургуульд сурч төгссөн, тэнд ажиллаж амьдарсан, Элчин сайд байсан  хүний хувьд энэхүү хөтөлбөрийг дэмжих албан газар, хүмүүс бишгүй бий. Тэр хэлхээ холбоогоороо хөөцөлдөж  цөөн тоогоор ч болов хосломол мэргэжлээр залуусыг сургаж эхэлье гээд Германд байх хугацаандаа нэлээд ажиллалаа. Монголын эдийн засгийн үндэс суурийг бүтээгчид нь яах аргагүй хувийн хэвшлийнхэн. Өнөөдөр ч эдийн засгийн өнгөтэй, өөдтэй бүхнийг жинхэнэ баялаг бүтээж байгаа хөдөлмөрч хүмүүс бий болгож байна.

Монгол Улсын өнөөгийн байдлыг товчоор дурдахад эдийн засаг нь уул уурхайн түүхий эдийн үнийн хэлбэлзлээс шууд хамааралтай, 3400 гаруй лицензийг тараачихаад ихэнхдээ түүхий эдийг нь бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаггүй, байгаль орчноо нүх ухан сүйтгэсэн байдалтай л байгааг хүн бүр мэднэ. Энэ олон лицензээ цэгцлэн, эцсийн бүтээгдэхүүндээ өндөр өртөг шингээж үйлдвэрлэдэг цөөн хэдэн чадварлаг аж ахуй бий болгох хэрэгтэй. Монгол Улсад уул уурхайгаас гадна дэд бүтцийг сайн хөгжүүлснээр аялал жуулчлалаа хөгжүүлэх бүрэн боломжтой. Дараагийн асар том боломж бол мал аж ахуй, газар тариалан юм. Дэлхийд долоон тэрбум хүн хүнс хэрэглэж, өмсөж хувцаслана.

Нэг жишээ дурдъя. Дэлхийн нийт ноолуурын гарцын 40 хувь нь гуравхан сая хүнтэй Монгол Улсаас гардаг. Ноолуураа Монголдоо иж бүрэн боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн болгон гаргавал бидэнд тун ч их боломж байна даа. Ноос, ноолуураас гадна арьс, шир, сүү, мах, өлөн гэдэс зэрэг мал аж ахуйн гаралтай бусад бүх түүхий эдийг нарийн мэргэжлийн ажилчдын тусламжтай бүрэн боловсруулж чадвал асар их нөөц бидний гарт бэлэн байгааг харж болно. Газар тариалан гээд тоочоод байвал ч нөөц их бий дээ. Уул уурхайн үйлдвэрүүдээр нутаг орны тодорхой хэсэгт л ажлын байр бий болдог.

Гэтэл дээрх салбаруудаар Монгол Улсыг иж бүрэн хамарсан жижиг, дунд үйлдвэрүүдийн суурь тавигдаж, олон мянган ажлын байр бий болж, улс орныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр болохоос гадна ард түмний амьжиргаа сайжирч, хүн бүр ажилтай болж, улмаар төсвийн орлого ч асар их нэмэгдэх нь зайлшгүй. Иймд хот, аймаг, сумд өөрийн онцлогтоо тохирсон, олон ажлын байр бий болгох үйлдвэрүүдийн талаар судалгаа хийж, концепци гарган, түүнд шаардлагатай  мэргэжилтэй, чадварлаг хүмүүсийг бэлтгэн, тэднээр өртөг шингээсэн сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрлэгчдийг бий болгох нь чухал гэдгийг давтан хэлье.

Төсөвт төвлөрөх хөрөнгө төдий чинээ зузаарахаар буцаад нийгэм болон оюуныхаа салбарт хөрөнгө оруулна. Ингээд Монгол Улс дотоодынхоо нөөцөд тулгуурласан эдийн засгийн хүчирхэг хөдөлгүүртэй болж, харийнхан нүүр буруулахад өнөөдрийнх шиг өр зээлэндээ идэгдэж, гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт саарахаар савлаж, ашигт малтмалын үнийн хэлбэлзэлд нэрмүүлэхгүй “бусдаас үл хамаарах өөрийн гэсэн дархлаа”-тай болно. “Монголын авралын гарц нь нийгэм, боловсрол, шинжлэх ухаан, аж ахуйн бүх салбарт ажилсаг монгол иргэн-бид өөрсдөө” гэж онцолмоор байна. Ажилсаг, ажил хэрэгч хүн зарчимтай, хариуцлагатай. Зарчимтай, хариуцлагатай хүн ёс зүйтэй, шударга байж чаддаг. Ийм л хүмүүстэй улс орон хөгждөг юм билээ. 

-Тэгээд таны Герман руу явж хөөцөлдсөн ажил тань хэр урагштай болов?

-Германы олон газраар явж хосломол мэргэжлийн сургалт хэрхэн явагддагийг өөрийн нүдээр үзлээ. Германы хосломол мэргэжлийн систе-мийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Япон, Солонгос, Сингапур зэрэг олон орон  эндээс  суралцаж, сайн жишгийг нэвтрүүлж ирсэн. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон хүнийг ажлын байртай болгоход Германы энэ систем үнэхээр үлгэр жишээ болж байгаа. Германы хөгжлийн нууц нь боловсон хүчнээ сайн бэлдэж, үйлдвэрлэлээ хөгжүүлсэнд байдаг.

Албан ёсоор 320 гаруй мэргэжлийг хосломол хэлбэрээр сургадаг юм байна. Төр засгаас нь урсгалаараа шийдэгдэнэ биз, зах зээл өөрөө зохицуулчихна гээд зөнд нь орхидоггүй. Энэ мэргэжлээр хэрхэн сургах, ямар үр дүн гаргах, хаана ажиллуулах, мэргэжилтэй боловсон хүчнээсээ хэдийг нь цаашид  үргэлжлүүлэн дээд сургуульд сургах вэ гээд нарийн төлөвлөлт, зураглалтай. Хосломол мэргэжлийн системийг сайн хэрэгжүүлж чадсан учраас тэнд мэргэжлийн өндөр ур чадвартай, техник технологийн хөгжлийг тодорхойлдог шилдэг боловсон хүчний “арми” бүрдүүлж чадсан байна. Тийм болохоор Герман дэлхийн томоохон экспортлогч орон болсон төдийгүй аж үйлдвэрийн салбар нь уналтад орж, хямралын давлагаанд савлахгүй байна шүү дээ. 

Германы Ерөнхийлөгч ноён Штайнмайер, Берлин хотын Засаг дарга бөгөөд Берлин хотын Ерөнхий сайд ноён Мюллер, Лүнебург хотын захирагч, өөрийнхөө төгссөн Гумбольдын их сургуулийн ерөнхий-лөгч хатагтай Кунст, улстөрчид, Германы нэртэй эдийн засагч про-фессор Зинн зэрэг эдийн засагч, эрдэмтэд, бизнесийн салбарынхан, Элчин сайдын яамныхан гээд 50 гаруй хүнтэй зогсоо зайгүй уулзаж, санал бодлоо солилцлоо. Хосломол мэргэжлээр залуусыг сургах ажил маань нааштайгаар шийдэгдэж эхлэх байх.

Хосломол мэргэжлийн асуудлаас гадна Монгол, Германы Улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, цаг уурын өөрчлөлт, Улаанбаатар хотын дэд бүтцийн талаарх хамтын ажиллагаа, Монгол судлалыг хөгжүүлэх гээд нэлээд чиглэлээр ярилцсан. Би Германд Элчин сайдаар ажиллаж байхдаа “Чингис хаан ба түүний  өв залгамжлагчид” гэсэн үзэсгэлэн гаргах бэлтгэл ажлыг хангаснаар 2005 онд Герман, Европын орнуудад дэлгэн үзүүлж байсан юм. 2020 онд “Чингис хааны өмнөх болон дараах хаадуудын тухай” түүх, археологийн үзэсгэлэн гаргах талаар тодорхой төвшинд ярилцлаа.

-Шинэ Засгийн газар таны дэвшүүлээд байгаа энэ “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг тань дэмжих болов уу?

-Гадна, дотны зээл тусламжаар улс хөгжинө гэж байхгүй. Нийслэл, сум, орон нутаг болгонд ажлын байр болгох жижиг, дунд үйлдвэрлэлийн эздийг нь бэлдэе гээд германуудтай яриад яваад байна. Өөр Ерөнхий сайд гарч ирээд маргааш нь бүх зүйл сайхан болно гэвэл худлаа. Ер нь төрийн бодлого тодорхойлж, атгалцаж  байгаа хүн дор хаяж 20 жилийн цаадахыг  харж ажилах  учиртай. “Ажилсаг Монгол” хөтөлбөрөө боловсруулахдаа судалгаа явуулж, жил жилээр нь төлөвлөлт хийж үр дүнг тооцоолж гаргасан байгаа.

Ерөнхий боловсролын сур-гууль төгсөгчдийн 60-70 хувь нь дээд сургуульд элсэн орж байна. Эцэг, эх нь олж байгаа хамаг мөнгө, мал аж ахуйнхаа бүх ашгийг хүүхдээ сургахад зориулж байна. Зарим нь зээл аваад сургуульд явуулж байна шүү дээ. Гэтэл нөгөө хүүхэд нь сургууль төгссөн ч ажил олддоггүй. Энэ байдал чинь дам дамаа ядуурал бий болгоод байгаа юм. Дипломын төлөө хүүхдүүдээ сургаад байж болохгүй.

Үүнийг улс бодлогоор зохицуулах ёстой. Тэгэхээр жинхэнэ онол, практикийг хослосон мэргэжлийн ажилтнууд бэлдвэл тэд  өөрсдөө жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлнэ, бас хамгийн эрэлт ихтэй боловсон хүчнүүд ч болно. “Ажилсаг Монгол” хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл ганц Герман ч биш Япон, Солонгос зэрэг хөгжсөн орнуудад 50 мянган хүн бэлдэхэд 10 жилийн дараа өндөр мэргэжлийн жижиг, дунд үйлд-вэрлэлийн эздүүд болчихно. 50 мянган хүн бүр таван ажлын байр бий болголоо гэхэд 250 мянган ажлын байр болно. Зарим нь 500-г ч бий болгоно шүү дээ. 

-Засгийн газрыг огцруулахыг таны хувьд дэмжихгүй байсан уу?

-Би энэ талаар байр сууриа тов тодорхой өмнө нь илэрхийлсэн болохоор одоо нуршаад л, дахиад яриад байх нь уншигчдад сонирхолгүй байх. Байгуулсан засгаараа олон оролдох нь сайны шинж биш,  засаг огцрууллаа гээд онож байсан нь ховор шүү дээ. 

-Гаднынхан Монголын одоогийн улстөрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа бол?

-Германы тэтгэвэрт гарсан ахмадуудаас эхлээд улс төр, бизнес, соёл урлагийн гээд олон хүн таньдагийн хувьд уулзаад явж байхад “Танайхан нэг жилийн өмнө 100 хувиар дэмжиж  өөрсдөө Засгийн газраа  сонгочихоод, жилийн дараа яагаад унагачихаж  байгаа юм. Ийм богино хугацаад төлөвлөснөө хэрэгжүүлж амжихгүй шүү дээ. Дэлхийд лав байхгүй жишиг ээ” гэж гайхаад байна лээ. Тэгэхээр нь ямар нутаг орноо муулалтай нь биш хэлэх ч үг олдохгүй юм билээ. 

-Хэвлэлээр танай намын талцал, хагаралыг нэлээд нарийн уудалдаг болсон байна шүү дээ?

-Намын дотоод асуудлыг дэвэргэж, төрийн хямрал болгож болохгүй. Уг нь Монголын төр намуудын, улстөрчдийн, бүлэглэлийн ашиг сонирхолоос давсан, хэтийг харсан оновчтой бодлого боловсруулж, хэрэг-жүүлж байх учиртай ч эрх баригч нам доторх өрсөлдөөн гаарч, савнаасаа халилаа. Энэ эмх замбараагүй, тогт-воргүй, ойлгомжгүй байдал удаан бүү үргэлжлээсэй билээ. Олон түмэнд итгэх итгэл, найдах найдлага, хүлээх хүлээлт ч үлдэхгүй шив дээ. АН дөрвөн жил төрийг бужигнууллаа, одоо  МАН тогтвортой, дорвитойхон  шиг ажиллаж, улс орноо залж чиглүүлж, хөгжүүлэх болов уу гэж биднийг 2016 оны сонгуулиар иргэд үнэмлэхүй олонх болгон сонгосон шүү дээ.

Гэвч энэ их итгэлийг нь хэрүүлээр, талцал хуваагдлаар хариулж, 2020 онд хэнийг, аль намыг сонгох юм бэ гэсэн мухардал руу түлхэж байна. Өөрсдийнхөө байгуулсан Засгийн газрыг унагаадаг жишиг АН-аас эхлэлтэй. Энэ гашуун түүхийг бид ч  ялгаагүй давтлаа. Фракц, бүлэглэлүүд ил цагаандаа гарлаа. Үйлдэл нь дэндүү увайгүй тал руугаа хэлбийж байна. Эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй, улайрсан шинжтэй болж байгаа нь болгоомжлол төрүүлж буй юм.

Ардчилсан нам, Монгол ардын нам өөрсдийгөө төлөвшсөн улстөрийн хүчин гэж тодорхойлдог ч энэ хэвээрээ шинэчлэл хийхгүй,  бугшсан асуудлаа дотроо илэн далангүй ярьж, уудалж шийдэхгүй, боловсон хүчний бодлогодоо салхи оруулахгүй, мөнгөтэй бүлэглэл, хүмүүсээ шүтсээр байвал орон зайгаа алдсаар байна. Энэ нь эргээд хүмүүсийг өөр сонголт хийхэд хүргэнэ, цөхөрсөн ард түмэн нэг өдөр тэсэрч мэдэх суурь нөхцөл бий болоод байгаа юм биш үү. 

-Гуравдагч, хүчтэй улс төрийн нам гарч ирэх шаардлагатай гэж хэлэх гээд байна уу?

-Нийгмийн уур амьсгал, нөхцөл байдал, хүмүүсийн сэтгэл зүйн хандлага зэргийг шинжихгүй, тоохгүй, өөрчлөлт оруулахгүй байвал дараагийн сонгуулиар гуравдах хүчин тэсрэлт хийхийг байг гэхгүй шүү дээ. Гол хоёр нам болон бусад намд нийлээд 300 гаруй мянган гишүүн байгаа байлгүй. Энэ нь Монголын нийт хүн амын, сонгуулийн насны хүний хэдэн хувь вэ гээд тооцоолж үзвэл гуравдагч хүчинд орон зай байхыг үгүйсгэхгүй.

Наймаалцаж  луйварддаг, мөнгөөр албан тушаал арилждаг, өөрийнхөө болон хэсэг бүлэг хүний эрх ашигт нийцсэн нам дамжсан шийдвэр гаргадаг байдлыг зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол иргэд өндөр ёс суртахуунтай, нэр цэвэр, боловсролтой, аль нэг намд харьяалалгүй нэр дэвшигчдийг хуйлран дэмжиж ч мэднэ. Тийм болохоор намын шинэчлэл энэ хоёр намд ус, агаар мэт зайлшгүй хийгдэх шаардлагатай болжээ. 

-Ерөнхийдөө хоёр том намаас өөр сонголт гэхээр МАХН санаанд ороод байх юм. Өөр улс төрийн хүчинд итгэл хүлээлгэчихье гэхээр хүний нөөцгүй байдаг л даа?

-Эрдэмтэн судлаачид, ахмад үе, гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн залуус гээд улс орноо сайхан хөгжүүлэх юмсан гэсэн хүн олон бий. Тэд нэгдээд хүч, хөдөлгөөн гаргахыг үгүйсгэхгүй учраас энэ намууд өөрчлөгдөж, зөв манлайлал, үлгэрлэл бий болох хэрэгтэй байгаа юм. Болохгүй, бүтэхгүй байгаа  нөхдүүдэд хариуцлага тооцож, албан тушаалаас нь буулгаж, улс орноо хөгжүүлье гэсэн чин сэтгэлтэй, зүтгэлтэй, оновчтой  концепц дэвшүүлсэн, зөв  хүмүүсээ томилох нь чухал.

Үнэндээ УИХ-д 65 суудал өгөхдөө ард түмэн энэ улс орныг хөгжүүлчихээсэй гэж итгэсэн хэрэг. Хоорондоо хэрэлд гэж ийм эрх мэдэл олгоогүй. Тэгэхээр манай намын 65 гишүүн бүгд мундагтаа гарч ирээгүй юм аа. АН эрх барих хугацаандаа тааруу ажиллаж, хоорон-доо үл ойлголцож, хагарал нь дэвэрч байсан учраас л МАН-ынхан сахилга дэг журамтай, хариуцлагатай, үнэнч шударга ажиллах байх гэж итгэл найдвар өгсөн юм. Тийм учраас энэ асуудалд бид онцгойлон анхаарах ёстой. 

-Шинэ Ерөнхий сайдад дэвших хүмүүсийн нэр дуулдаж байна. Таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Ерөнхий сайд  болох хүн бол зоригтой өөрчлөлт хийж, өөрийн, намын эрх ашиг  гэхээсээ илүү улс орны хүндрэлийг даван туулахад нойр, хоолоо хасч ажиллах ёстой гэж бодож байна. Засгийн газрын гишүүд нь мэдлэг боловсролтой, зарчимтай, шударга, шуналгүй, өндөр ёс зүйтэй хүмүүс болбол л улс орон маань жаахан өөдөлж магадгүй. Сайн ажиллах юм бол гурван жил тэснэ. Тааруухан ажиллавал дахиад огцруулах асуудал яригдана шүү дээ.

Шинэ Ерөнхий сайд танхимаа маш чадварлаг, ажил хэрэгч, зөв хүмүүсээр бүрдүүлэх ёстой. Тэгэхгүй нөгөө л “тэрний, энэний хүн” гэсэн байдлаар шахаасаар дүүргэвэл төлөвлөснөө хэрэгжүүлэх боломж хомс байна. Хэн нэгний халаасны хүнийг тавьж болохгүй. Амаргүй хүндхэн ачаа үүрэх учраас шинэ Ерөнхий сайдад алдах эрх байхгүй. Улс орны эдийн засаг маш хүнд, ард түмний амьдрал тааруу, өр зээл төлөх хугацаа ойртсон, өвөл цас их унавал өвөлжилт, хаваржилт хүндэрч мэдэх ч төлөвтэй.

Нийслэлээ тойроод шүлхийд бүслэгдчихсэн байдалтай байна даа. Аливаа зүйл эхнээсээ л мордохын хазгай гэгч нь болж, зарчим зөрчиж, буруу хөл дээрээ босвол цаашдаа ахидаггүй шүү дээ. Гүйцэтгэх засаглалын танхимд нэр дэвшүүлэх оруулж ирсэн хүний талаар намын бүлэг, бага хурал, цаашлаад УИХ дээр сайн ярилцах, асууж тодруулах боломжийг нээлттэй олгох хэрэгтэй. Ёстой “Сүүлийг нь сөхөж, шүдийг нь үзэж” байж сонгох ёстой.

Өмнө нь бол тэрний зүтгүүлж байгаа хүн, энэ талаар асууж, байцаагаад яах юм гээд хаацайлаад  бараг  бүгдийг нь 100 хувийн саналаар шахуу баталчихсан. Үг хэлүүлэхгүй өмөөрч байж томилсон нөхдүүдээс хариуцлага алдсан, ажлаа олигтой хийдэггүй, хийдүүлдэг, танхимынхаа нэр хүндийг унагасан, явцуу эрх ашигт үйлчилсэн зүйл бишгүй гарлаа. Ийм хүмүүст хариуцлага тооцож, засч сайжруул гэхийн оронд Ерөнхийлөгчийн сонгуу-лиас хойш зунжингаа л хэрэлдэцгээлээ. 

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах үеэр гишүүд “Та хүний хувьд зөв хүн. Гэхдээ өөрөө сайд нарынхаа танхимыг байгуулж чадаагүй шүү” гэж байсан. Одоо ямар ч Ерөнхий сайд тавьсан өөрөө мэдээд танхимаа бүрдүүлэх боломж бололцоо бас байхгүй юм биш үү. Хоёр хуваагдчихсан ийм үед өөрийгөө дэмжүүлэхийн тулд хүмүүстэй бас тохиролцоо хийж таарна?

-Өмнөх Засгийн газар боломжийн хэмжээгээр мэрийж ажилласан байх аа.Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд хэрхэн яаж ажилласныг сайн мэдэж байгаа. Бас алдаа гаргасан зүйл ч бий. Нэгдүгээрт, хариуцлагагүй ажилласан хүмүүст хариуцлага тооцох байсан юм. Хоёрдугаарт, Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг өөрөө бүрдүүлж чадаагүй. Шулуухан хэлэхэд намын дарга л багийг нь бараг бүрдүүлээд шууд оруулж ирж батлуулчихсан юм. Бүлэг дээр санал хураахад бүгд дэмжээд “Сайн ажиллаарай” гэсэн.

Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний хувьд кабинет дотроо 50 хувийн саналын эрхтэй байдаг юм шүү дээ. 50 хувийн саналын эрхтэй Ерөнхий сайд өөрийнхөө багийг бүрдүүлж “Би эд нартай л ажиллаж, улс орноо хөгжүүлж чадна. Бас хариуцлага ч тооцож чадна” гээд эхнээсээ шийдээд явбал тухайн хүн шийдвэрээ гаргах, алдаа гаргавал тэрний хүн гэж жийрхэхгүй амар байгаа юм. Харин өөрөө мэдэж томилоогүй болохоор алдаа гаргасан нөхөрт хариуцлага тооцох гэхээр шахсан нөхдүүд, дэмжсэн фракц нь асуудал болгож дэвэргээд, дарамтлаад эхэлдэг.

Тэгэхээр Ерөнхий сайд нь намын дарга байх нь илүү оновчтой. Бодлогоо тууштай, зоримог хэрэгжүүлэхэд дөхөмтэй. Тэгээд “Та ийм үүрэгтэй шүү, ингэж л ажилла. Энэ ажлыг хийж чадахгүй бол уучлаарай,  яваарай” гээд эхнээсээ хатуухан болзолтой, үүрэг даалгавартай ажиллуулах хэрэгтэй. Тэрнээс биш халаасны хүмүүсийн тав тухаар ажилладаг байж болохгүй.

Баг нь тааруу бол тэргүүлэгч хэчнээн зүтгээд ажил ахихгүй, хойш зулгаагаад байна шүү дээ. Энэ бүлэглэл, фрак-цуудын ашиг сонирхолыг хангасан томилгоо хийдэг байдлыг өөрчилмөөр байгаа юм. Тухайн хүн нэр дэвшүүлсэн толгойлогчдоо, зүтгүүлж томилуулсан фракцдаа үнэнч байдаг. Хэсэг бүлгээ-рээ  нийлчихээд улс орны эрх ашгийг огоорч, мафи  ч юмуу, олигархи мая-гийн хүрээлэл бий болгодог байдлыг өөрчлөхийн тулд зангарагтай, зоримог, туршлагатай, ажил хэрэгч Ерөнхий сайд яг одоо маш их хэрэгтэй байна даа. 

-Тэгвэл танд Ерөнхий сайдаар дэмжигдсэн хүн өөрөө мэдээд танхимаа бүрдүүлж чадна гэсэн итгэл бол байгаа юм байна?

-Ерөнхий сайд өөрөө зоримог байж, зорилго, бодлогоо хамгаалж, зөв зүйтэй гарц шийдэл гаргавал хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болно. Түүнээс өөрөө үлбийчихээд, халаасны хүмүүс чихээд байхад фракцуудын эрх ашгийг тэнцвэржүүлнэ гээд хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрвээ Ерөнхий сайдын оруулсан хүнийг нь зөвшөөрөхгүй бол “Уучлаарай, намайг Ерөнхий сайд бол гэж итгэл өглөө. Гэхдээ УИХ, бүлэглэл, фракц чинь өгөхгүй байна. Би нэрээ татъя. Энэ чинь арай дэндүү замбараагүй болчихсон байна.

Би шахаасаар дүүргэх гэж Ерөнхий сайд болоогүй, улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө ажиллах гэж байгаа юм. Аливаа асуудлыг танхимынхаа тэргүүнд биш фракцынхаа толгойлогчид тайлагнадаг хүнтэй ажиллаж чадахгүй” гээд нэг бол шулуухан хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайд болох хүнд захиж хэлэхэд зүгээр өөрийнхөөрөө л ажлаа хий. Хүмүүсийн саналаар биш өөрийнхөө бодлоор ажиллаж чадах хүмүүсээр танхимаа бүрдүүл. Хувийнхаа эрх ашиг, бүлэглэл, фракцийн эрх ашгийг бүр хойш нь тавь. Ингэж чадвал хүчтэй, зоригтой, ажил хэрэгч Ерөнхий сайд байна. Өөр арга ч байхгүй. 

-Та Ерөнхий сайдад нэр дэвших үү. Таамаглалд нэг хэсэг орчихсон явж байсан?

-Би нэрээ дэвшүүлэхгүй. Улстөр-чид, хэвлэл мэдээллийнхэн ч асууж байсан. Би өрсөлдөхгүй гэсэн. Учир нь өөрсдийнхөө байгуулсан Засгийн газрыг огцруулах нь буруу гэж ярьчихаад шинэ засаг бүрдэх сургаар албан тушаал хайгаад гүйгээд байх нь зохимжгүй. Харин ямар ч Ерөнхий сайд гарсан өөрийнхөө туршлага,  мэдлэг дээр тулгуурлан хэдэн жил  зүтгэж, гадна дотныхонтой уулзаж учирч боловсруулсан Монгол Улсын улс төр, эдийн засгийг хөгжүүлэх концепцыг хэрэгжүүлээч гэдгээ хэлнэ, танилцуулна бас шахаж шаардана. 

-Ерөнхий сайдад өрсөлдөхөөр хоёр хүн ил байна. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өөрөө өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн. Шадар сайд У.Хүрэлсүхийг дэвшүүлэхээр УИХ-ын гишүүдийн зарим гарын үсэг зураад Удирдах зөвлөлдөө өгсөн байна лээ. У.Хүрэлсүхийг дэмжигчид чанга гараар танхимаа удирдаад явах чадалтай хүн гэж байна. Харин нөгөө талаас УИХ-д олон түмний өмнө өрсөлдөж намдаа суудал авчирсан хүмүүсээс Ерөн-хий сайдыг тавих нь зөв гэх юм. 

-Хэдэн хүн дэвшихийг мэдэхгүй. Таны асуусан энэ хоёр хүн хоёулаа миний сайн мэдэх хүмүүс. Туршлага, зангараг, зоримог байдал бол хэн хэнд л бий. Харин хэн нь улс орноо хөгжүүлэх оновчтой бодлого дэвшүүлж, хэрэг-жүүлж, өнөөгийн хүнд нөхцөл байд-лаас хурдан гарч чадах вэ гэсэн хөтөлбөрүүдийг нь харж байна. Сайн төлөвлөлт, хэтийг онож харсан бодлогогүйгээр хол явахгүй шүү дээ. Сайхан ярих нэг хэрэг, харин ажил хэрэг болгох амаргүй. Монголчууд ярьдаг, амладаг ч хийдэггүй, хэрэг-жүүлдэггүй улстөрчдөөс залхаж байна.

Миний хувьд шат шатны хурал, УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд болон сайдуудад нэр дэвшигч хүмүүсээс тодорхой хэдэн асуулт асууна гээд бодчихсон байгаа. Өнөө л дээр хэлсэнчлэн “сүүлийг нь сөхөж, шүдийг нь үзнэ” дээ. Байгуулсан засаг тогтвортой, Ерөнхий сайд нь далайцтай, баг нь хүчирхэг байж сайн ажиллаж, үлдсэн гурван жилд улс орныхоо хөгжлийг өөд татаасай гэж бодож байна. Хэрүүл тэмцлээ зогсоогоосой л билээ. Бид хэрэлдэж суух биш уралдаж ажиллах  ёстой.  

-МАН-ын Бага хурлаас хойш 45 хоногийн дотор Их хурал болно. Тэр үеэр томилогдсон намын шинэ дарга одоо тавигдах Ерөнхий сайдыг унагаад албан тушаалыг нь авах юм биш үү. Намын дүрэмд “Намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн байдаг шүү дээ?

-Хоёр хэсэгт хуваагдчихсан энэ нөхцөл байдал тийм зүйлд хүргэхийг  байг гэхгүй л дээ. Хүчтэй, зангарагтай Ерөнхий сайд гарвал түүнийг намын дарга болгох  хэрэгтэй. Хүчгүй, сулхан, чадваргүй Ерөнхий сайд гарч ирээд эхнээсээ бүдрээд эхлэх юм бол дахиад огцорч намын дарга нь дараагийн Ерөнхий сайд болж ч мэднэ л дээ. Тийм учраас Ерөнхий сайдыг тавих, кабинетыг бүрдүүлэх асуудал бол маш чухал шүү. Тэрнээс л бүх зүйл шалтгаална. 

-Засаг огцрох болгоны дараа дан, давхар дээлний тухай маргаан өрнөдөг. Одоо ч тиймэрхүү яриа гадуур явж л байна. Таны хувьд дан, давхар аль алийг нь үзсэн хүн. Давхар дээлтэй сайд нарын санал УИХ дээр сайн явдаг гэх нь ч бий. Таны хувьд хэрхэн харж байна вэ?

-Хэд хэдэн давхар дээлтэй ч ажлаа түүртэхгүй хийдэг хүн байхад,  дан дээлтэй атлаа бүдэрч унаад, ажил нь  урагш ахидаггүй хүн байна шүү дээ. Тийм болохоор дан, давхар дээлээс биш тухайн хүний ажлын ур, ачаалал даах чадвар, удирдан  зохион байгуулах байдлаас болж байгаа юм. Миний хувьд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр хэд хэдэн удаа ажиллаж байлаа. Ажил бол цалгарддаггүй. УИХ-ынхаа ажлын хэсгийг маш сайн чадварлаг хүмүүсээр бүрдүүлээд чиглэл өгөөд хууль дүрэм дээр ажиллаж болдог.

Засгийн газрын бүх шатны албан тушаалын ажлыг төрийн ажил хийж, төлөвшсөн туршлагатай ажил хэрэгч хүмүүсээр нам эвсэл, фракц бүлэглэл харгалзалгүй ажиллавал давхар дээлтэй ч бүдрэхгүй. УИХ, Засгийн газрын ажил хоорондоо  маш уялдаатай. Засгийн газрын  ажил болгоныг УИХ-аар хэлэлцдэг учраас хоёр тусдаа зүйл биш ээ. Монгол Улсаа улс төр, эдийн засгийн хямралаас аврахын тулд харилцан бие биенээ хүндэтгэн, буруу зөрүүгээ ил тод нээлттэй, нам эвслээрээ, улс орон, ард түмнээрээ ярилцаж, ямар нэгэн зааг ялгаа гаргахгүйн төлөө ажиллах цаг ирээд байна.