ЗАРЧИМЧ АНД НӨХӨР, ЗАРЧИМЧ УДИРДАГЧ
Ө.Энхтүвшин
2017.09.25

ЗАРЧИМЧ АНД НӨХӨР, ЗАРЧИМЧ УДИРДАГЧ

Бараг гуч шахам жилийн өмнөөс би Өлзийсайханы Энхтүвшинг таних юм. Наяад оны сүүлээр Ө.Энхтүвшин Москвад Нийгмийн ухааны академид суралцаж, түүхийн ухааны доктор болж байхад би гэдэг хүн Москвагийн Намын дээд сургуульд суралцаж төгсч байлаа.

1990 онд Төрийн төв хэвлэл хэмээх статустай “Ардын эрх” сонин шинээр мэндэлж, нэрт нийтлэлч, доктор Б.Лигдэн, нэрт сэтгүүлч, доктор Ц.Балдорж, эрдэмтэн сэтгүүлч, зохиолч Б.Пүрэвдаш нарын ланжгарууд шинэ сониныхоо баг, хамт олныг бүрдүүлж байв.

Тэр үеийн лидер сонин болох нам, засгийн төв хэвлэл “Үнэн” сониноос олон мундагчуул энэ сонинд шилжин ирсэн байлаа.

Нэрт зохиолч, яруу найрагч Долгорын Нямаа, Дөнгөтийн Цоодол гээд л нэр цолноос нь сүрдмээр их бичгийн олон авьяастан тэнд цуглачихсан сонины гал тогоо гэж ийм л байдаг гэдгийг мань мэтийн шинэчүүлд мэдрүүлэхээр бичиг цаас, бүтээл туурвил оволзсон орон газар байсан.

Ө.Энхтүвшин яг л тэр үед энэ сонины гал тогоонд орж ирсэн юм. Ерөнхий эрхлэгч Б.Лигдэн гуай түүхч, эрдэмтнийхээ хувьд түүнийг Намын түүхийн институтэд байх үеэс нь сайн мэддэг байсан байх. Нэгдүгээр орлогч эрхлэгч Ц.Балдоржийн хувьд Москвад Нийгмийн ухааны академид Ө.Энхтүвшинтэй хамт суралцаж байсан болохоор түүний чадвар чансааг муугүй үнэлдэг байсан хэрэг. Тэгээд л энэ хоёр удирдлага санал нийлж Ө.Энхтүвшинг шинээр үүсгэн байгуулсан нэр төртэй сониндоо хамтарч ажиллахыг урьсан биз ээ. 

Ө.Энхтүвшин бид хоёр тус сонины Улс төр мэдээллийн хэлтэст хамтарч ажилласан юм. Би хэлтсийн эрхлэгч, тэр тоймч. Би сэтгүүлч мэргэжилтэй, хэвлэл мэдээллийн байгууллагад бас ч гэж хэдэн жил ажиллачихсан байв. Тоймч маань өмнө нь эрдэм шинжилгээний ажилтан байж. Мэргэжлээрээ өгүүлэл, нийтлэл бичдэг байсан биз. Гэхдээ өдөр тутмын сонины тоймч, сэтгүүлчдийн ажил алба их өөр, өдөр бүр мөр, талбай хуваарилж нийтлэл, сурвалжлага шаардана, шахна. Тааруухан бичлэгийг эрхлэгч, дугаарын удирдагчид голж шилж буцаана, зэмлэнэ.

Өдөр тутмын сонины энэ өндөр шаардлага, шахалтыг Ө.Энхтүвшин тоймч тун давгүй давж, жил гаруйхны дараа сонины урдаа барьдаг шилдэг ажилтан болсон доо.

Ардчилсан шинэ төрийн удирдах дээд байгууллага болох шинэ тутам байгуулагдсан Улсын Бага Хурлын үйл ажиллагааг олон түмэнд сурталчлах, үүгээрээ төр ард түмний хоорондын эргэх холбоо харилцааг бэхжүүлэх үйл хэрэгт төрийн хэвлэлийн  тоймчийнхоо хувьд Ө.Энхтүвшин асар том хувь нэмэр оруулсан гавъяатай гэдгийг “Ардын эрх” сонины удирдлагад ажиллаж байсныхаа хувьд цохон тэмдэглэх нь зүйд нийцнэ. Улсын Бага Хурлын хуралдааны тухай сурвалжлага манай сонинд өдөр тутам нийтлэгдэнэ.

Тэрхүү сурвалжлагатай сонин үүргийн худалдаанаас шуураад дуусдаг гээд манайхны гэрээт борлуулагчид “АЭ”-ийг олноор нь захиална. Улсын Бага Хурлын хуралдааны сурвалжлага нийтлэгдээгүй өнжсөн зарим өдөр уншигчид редакц руу утасдаж “яав ийв, Бага Хурал хуралдаагүй юм уу” гэж гомдоллодог байлаа. Тоймч Ө.Энхтүвшингийн чамбай чанартай, мэдээлэл сайтай тэр нийтлэл, сурвалжлагууд уншигчдад их таалагддаг байснаас тэд түүнийгээ үгүйлсэн хэрэг.

Ер нь төр засгийн хурал чуулганыг сурвалжлах, сурталчлахын дээд жишиг буюу “эталон” гэх тэр өндөр хэмжүүрийг Ө.Энхтүвшин Монголын сэтгүүлзүйд бий болгосон гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Шинэ “Үндсэн Хууль” хэлэлцэж баталсан Ардын Их Хурлын 76 хоногийн хуралдааны сурвалжлагыг “Ардын эрх” сонин төрийн төв хэвлэлийнхээ хувьд өдөр тутам хэд хэдэн нүүрээр хэвлэн нийтэлж байсан билээ.

Парламентын тоймчийнхоо хувьд Ө.Энхтүвшин тэр олон хоногийн хуралдааны ачааллыг өөр дээрээ авч  дадаж чадваржсан туршлагаараа далайцтай нийтлэл олныг бичиж, ард нь гарсан билээ. Тэр үеийн “Ардын эрх” сонины захиалга борлуулалт жилээс жилд өсч, нэг удаадаа 80 мянган хувь хүрч хэвлэгдэж байсан нь Парламентын тоймч Ө.Энхтүвшиний агуулга, мэдээлэл сайтай сурвалжлага нийтлэл, мөн Улсын Бага Хурал, Их Хурлын гишүүд, төр засгийн удирдлагуудтай хийж байсан сонирхолтой ярилцлагууд, асуудал дэвшүүлсэн чансаатай өгүүллүүдтэй нь холбоотой гэж манай сонины редакцынхан үнэлж дүгнэдэг байв.

Тэр ч утгаар Ө.Энхтүвшинд “Ардын эрх” сонины тэргүүн бичлэгийн оны шагнал, өргөмжлөл олгож байсан. Сонины ажилд дадаж чадваржсан тоймч Ө.Энхтүвшин гурван жилийн дараа сонины “Жанжин штаб” хэмээн нэрлэгддэг “Хариуцлагатай нарийн бичгийн дарга”-ын ажилд тохоон томилогдож, энэ албыг хэдэн жил нэр төртэй хашаад дараа нь улс төрийн алба хаахаар одсон билээ. 

Өөрийг нь өсгөн өндийлгөж, нам улс төрийнхөө өндөр зэргэмжийн сургууль соёлоор явуулж, боловсрол чадвар суулгасан төрөлх нам нь шилжилтийн нэгэн цаг үед ялагдал буурлын хүнд ирмэгт ирэхэд  түших нэг багана нь болохоор Ө.Энхтүвшин Намын нарийн бичиг хэмээх хэцүүхэн албанд очсоныг нь бид нэгэнтээ мэдэх билээ.

Аливаа ажилд сэтгэл зүтгэлээрээ няхуур нямбай ханддаг хүмүүжилтэй нэгний хувьд Ө.Энхтүвшин намынхаа энэ ажлыг ч нэр төртэй гүйцэтгэсэн байдаг. МАХН-ын “Гурван Э” хэмээн нийгэм, олон түмэнд нэрлэгдэх болтлоо зүтгэсэн нь түүний ажил албаны бас нэг хэмжүүр биз ээ. Хүнд үед удирдлагад нь орж ажиллаж сонгуульд ялуулсан нам нь Засгийн эрх барих үедээ түүнийг Монголын Радио, Телевизийн Хэрэг эрхлэх газрын даргаар томилон ажиллуулахад тэр чадварлаг удирдагч гэдгээ тэнд харуулсаныг нь телевизийн хамт олон нь үнэлж дүгнэдэг юм билээ.

“Арваад жил өвөл нь өрөө тасалгаандаа даарч бээрч, дах дэгтий өмсөх нь холгүй суудаг байсан бидний төв байрны дулааны шугамын асуудлыг Энхтүвшин дарга ирээд л уйгагүй хөөцөлдсөөр шийдэж өглөө. Одоо л бид өрөөндөө даарч бээрэхгүй бүтээл туурвилаа хийгээд тав тухтай ажиллах боломжтой болж байна” гэж Радио, телевизийн сэтгүүлчид намайг тэнд Дэд даргаар ажиллаж байх үед ярьж байсан юм. Тэр цаг үеэс хойш Ө.Энхтүвшин УИХ, Засгийн газрын гишүүний удаа дараагийн сонгуульт болон томилгоот албыг нэр төртэй гүйцэтгэж, нийгэм, улс төрийн нэр хүндтэй зүтгэлтэн болоод байна. Намын даргын албыг ч хүндхэн үед нэр төртэй хашсан байх.

Улс орны удирдлага, нам төрийнх нь алба өндөр ачаалалтай болохоор ойр дотны бид уулзаж учрах нь ховор талдаа. Хааяа боломж гараад өрөө тасалгаагаар нь ороход алба ажил нь их, тавтай хэдэн үг солих боломжоор тааруухан байх нь олонтаа. Хэдэн жилийн өмнөх нэг тохиол санаанд байна. Хөвсгөлийнхнийгээ эрчим хүчний төвийн шугаманд холбуулчихлаа гээд сүрхий баяр хөөртэй сууж байв. Их л ажил алба хөөцөлдөөн болж байж түүнийг бүтээсэн нь тэр үеийн яриа хөөрөө, баяр баяслаас нь мэдрэгдэж байлаа. Санаа сэтгэл нь зовчихсон суусан нэг тохиол бас байсан юм.

“Оюунхорол гишүүн, малчдыг малжуулах Шведийн нэг төслөөс хагас сая ам.доллар Завханыхаа малчдад авахаар болчихож. Уг нь бид хоёр Хөвсгөлийг тэнд хамруулахаар тохиролцсон байсан юм. Шведийн тэр төслийнхэнтэй уулзах ямар арга зам байна вэ?...” гээд намайг тэднийг таньж мэдэх юм биш биз гэсэн аястай яриа болж байв. Сонгогдсон тойргийнхоо олон түмний төлөө тэр ингэж л сэтгэлээ чилээж, бас тэр хэрээрээ тэдэндээ дэм тустай олон ажил амжуулж байсандаг. 

Намын нэг удирдагчийн хувьд намын дотоод амь амьдралын олон талт асуудалд санаа зовж, намын үйл хэргийг шинэчлэн сайжруулах, намын өдөр тутмын амьдралд ардчиллыг хөгжүүлэх бэхжүүлэх талд зүтгэл гарган тэмцсэн өдөр сар, он жил түүнд бас бий.

Түүний үүсгэн байгуулж удирдсан “Уламжлал шинэчлэлийн жигүүр” нь намын хүнд суртал, зогсонги хөшүүн байдал, бас намын авторатори дэг дэглэмийг халж солиход ач тусаа өгсөн байх. Миний мэдэх Ө.Энхтүвшин сонин хэвлэлийн ч, радио телевизийн ч, нам улс, засаг төрийн ч ажлыг өөрийн хичээл зүтгэл, хуримтлуулсан дадлага туршлагаараа амжилттай хийж, он цагийн шалгуурыг дааж давж өнөө хүрч иржээ. 
Хамт ажиллаж ойр тойронд явсан хүний хувьд харж ажиглаж байхад Ө.Энхтүвшинд олон сайхан чанар бий. Аливаа ажлыг хариуцаж авсан бол түүнийгээ ёстой хариуцсан шиг хариуцаж амжилтад хүргэхийг зорьдог махруу зан төлөвтэй нь сонины гал тогоонд хамт ажиллаж байхад тод мэдрэгддэг байсан. Ажил асуудалд маш чигч шудрага хандана.

Хувь хувьсгалын аливаа асуудалд зарчимч анд нөхөр, зарчимч удирдагч. Нэг шийд шийдвэр гаргасан бол эргэж буцна гэж огт байхгүй. Түүнийгээ биелүүлэх, хэрэгжүүлэх гээд л яс зүтгэнэ. Хувь хувьсгалын эрх ашиг, эрэмбэ дарааллыг шудрага баримталдаг болох нь “Ардын эрх”-ийн “Жанжин штаб”-ыг тэргүүлж байхад нь ч тод харагддаг байсан. Эрх мэдэлд эрдэх, бярдах гэх өвчин түүнд байдаггүй байв. Хамт олон, нөхдийн санаа оноог харах харгалзах үе түүнд бишгүй л байсан. Гэхдээ өөрийнхөөрөө түс тас шийдэх юм аа  тэр хэнээр ч заалгахгүй шүү.

Хэдэн жилийн өмнө Намын дарга байхдаа өөрийгөө хойш тавиад Б.Бат-Эрдэнэ аваргыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлсэн байдаг. Намын Бага хурал, удирдах шатны хурал зөвлөлгөөнөөр хоёр нэр дэвшигчид өгсөн санал тэнцсэн ч даргын албан тушаалаа ашиглаад, Ерөнхийлөгчид дэвшинэ гэж зүтгээгүй гэх юм билээ. Өөрт нь энэ шийдвэр амар байгаагүй байх. Намаас нь нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа ч тэрбээр элдэв гомдол гаргаагүй, удирдагчийнхаа хувьд хариуцлага хүлээж байна гээд Намын даргын алба тушаалаа өгөөд л явсан байдаг. Улс төрийн шинэ соёл гэж үүнийг хэлж болох. 

Ер нь Ө.Энхтүвшин зөвхөн дарга даамлынхаа хувьд ч бус хүнийхээ хувьд аливаад ноён нуруутай ханддагийг би сайн мэдэх юм. Шудрага бус асуудал, буруу зөрүү шийд шийдвэр, булхайтай яриа хөөрөө болбол нимгэн шар царай нь улсхийгээд л явчихна. Эсэргүүцэл, зэвүүцлээ ч нуугаад байхгүй тэр дор нь илэрхийлчихнэ. Ер нь хэлэх ярих гэснээ тэр бүрий дарж далдлаад байхгүй ил тод анд нөхөр, ил тод удирдагч гэж хэлэх байна. 

Анд нөхөр гэснээс хүн чанарын хувьд Ө.Энхтүвшин хамт олон, найз нөхдийнхөө дунд дээгүүр байрт явдаг юм. Улс төрд ч тэрээр хүн чанараа гээгээгүй, хаа хэрэгтээ газар нь түүнийгээ гаргасаар явна гэж хэлмээр санагдаж байна. Хүн чанар гэснээс Ерөнхийлөгчийн сонгуульд орж ялагдаад намынхантайгаа ам зөрж, төрийн ордноос  тун ч нэр хүнд муутайхан гарсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг тэр л ганцаараа үдэн гаргаж машин тэргэнд нь суулгаж харагдсан. Хожим нь Монгол ардын намын дарга байхдаа, төрөлх намыг нь хоёр хувааж бишгүй л лай ланчиг тарьсан гэх МАХН-ын даргыг хүнд хэцүү үед нь эргэж тойроод мэнд усыг нь мэдээд явж байсныг бид хэвлэл мэдээлээс харж, сонсож байлаа. Энэ нь хүн чанар, улс төрийн соёлын аль алиных нь илрэл биз ээ. 

Сонин хэвлэл, радио телевиз, нам улс төрийн аль ч ажил албанд Ө.Энхтүвшин гэх энэ эрхэм авьяас чадвар, дадлага туршлага, зангараг, ноён нуруу, хүн чанар гарган үр бүтээлтэй ажиллаж ирснийг нь түүнтэй нэгэн хамт олны эд эс болж, нэг чиг зорилоготой зүтгэж явсан нөхрийн хувьд би бахархан хүндэлж явдаг юм. Тэрбээр улс орон, төр засаг, өөрийн намын өнөөгийн байр байдалд дүгнэлт хийж, энэ ээдрээтэй цаг үед МАН-ын журмын нөхдөдөө захидал илгээж, Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж өрсөлдөхөөр болсноо хэвлэл мэдээллээр уламжлаад байна.

Энэ бол МАН-ын дотоод амьдралд ил тод нээлттэй, шудрага өрсөлдөөнийг буй болгох улс төрийн шинэ соёлын бас нэгэн эхлэл юм. Түүний улс орондоо ажиллаж хөдөлмөрлөсөн он жилүүдийнх нь зам мөрийг ажиж дүгнэхэд, Монгол Улсын Их Хурлын гишүүн Өлзийсайханы Энхтүвшин нь Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх өндөр хариуцлагатай албыг өлхөн хашаад явах чадвартай, нам төрийн шилдэг зүтгэлтний нэг мөнөөс мөн гэдэгт олон хүн санал нийлэх байх аа. 

Д.Цэдэн-Иш