Ажил хаялтад оролцсон багш нарын хоёр хоногийн цалинг өгөх ёстой гэж үзэв
УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.10.02

Ажил хаялтад оролцсон багш нарын хоёр хоногийн цалинг өгөх ёстой гэж үзэв

УИХ-ын гишүүн Н.Учрал БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатарт хүсэлт хүргүүлжээ.

Тэрээр “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-ны зүгээс гаргасан багшийн цалинг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд ажил хаялтад оролцсон багш нарын хоёр хоногийн цалинг нөхөн олгох нь зүйтэй гэж үзжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Ажил хаялт зохион байгуулсан, ажлын байр түр хаасныг хууль бус гэж тооцох эсэх талаар шүүх шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүхээс дээрх ажил хаялтыг хууль бус гэж тооцон ажил хаялтыг зогсоох шийдвэр гаргаагүй тул хуулийн дагуу зохион байгуулагдсан гэж үзэх юм.

Тэрээр дээрх зүйл заалтыг дурдан, “Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.3, 35.1.5, 35.1.6-д заасан тохиолдолд ажилтанд дундаж цалин хөлтэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар хууль тогтоомжийн дагуу ажил хаялтад оролцсон багш нарт хоёр хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах боломжтой байгаа тул холбогдох чиглэлийг өөрийн харьяа байгууллагуудад өгч хамтарч ажиллахыг” хүсье гэжээ.

Мөн ажил хаялтад оролцсон багш нарыг өөсрдийн болоод улс орны ирээүйн эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдсэнийг зарчмын хувьд дэмжиж байгаа бөгөөд цаашид ч УИХ-ын гишүүний хувиар багш нарын ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлийг сайжруулах, тэдний хөгжил болон амьжиргааны нөхцөл байдлыг дээшлүүлэх чиглэлээр өөрийн эхлүүлсэн болон төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэхээ онцолжээ.