2017.10.04

Багш эмч нарын цалинг нэмэгдүүлэх боломжийг бий болгохгүй бол ахин ажил хаяна

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг нарыг хүлээн авч уулзлаа.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч: Х.Амгаланбаатар: Энэ жилийн 3 дугаар сараас хойш манай үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагуудын хамт Засгийн газар, Ажил олгогч эздийн байгууллагад тодорхой санал тавьж, тэмцлийн үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн.

Багш эмч нарын цалинг нэмэгдүүлэх боломжийг төр засаг хайх шаардлагатай

Өнгөрсөн 5 дугаар сарын 26-наас хойш нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хүргүүлсэн ч тодорхой шалтгааны улмаас саналаа Монгол Улсын Засгийн газрын саналын дагуу хэлэлцээрийг түр хойшлуулсан.

Энэ үеэр эрүүл мэнд, боловсролын ажилчид цалин нэмэгдүүлэх чиглэлд тодорхой санал, шаардлагуудыг хүргүүлж, багш нарын хувьд 2 удаа ажил хаяж сануулга өглөө. Харин эмч, эмнэлэгийн ажилтнуудын хувьд таньтай уулзаж цалин нэмэгдүүлэх саналаа тавьсан байгаа.

Өнгөрсөн хугацаанд явагдсан бүхий л үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны бүрэн эрхт 36 гишүүн байгууллага нь аливаа асуудлыг нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр, Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу өрнүүлэх байр суурин дээр зогсож байгаа.

Одоогийн Засгийн газар огцорч дараагийн Засгийн газар ирэх долоо хоногт байгуулагдах хүлээлттэй байгааг харгалзан үзэж нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийг шинээр байгуулах асуудлыг түргэвчлэхыг танаас хүсье хэмээв.