Я.Содбаатар: Давсан төсвөөр бондыг мөнгөжүүлбэл эдийн засагт ашигтай
УИХ-ын гишүүн Я.СОДБААТАР
2017.10.19

Я.Содбаатар: Давсан төсвөөр бондыг мөнгөжүүлбэл эдийн засагт ашигтай

Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын хүрээнд УИХ-ын гишүүн Я.СОДБААТАРТАЙ ярилцлаа.

-Энэ оны төсөвт тодотгол хийх ёстой эсэх талаар УИХ-ын гишүүд зөрүүтэй санал хэлж байна. Зарим нь хууль зөрчиж, төсвийн тодотголыг хэлэлцэж байна гэх юм. Үнэхээр зайлшгүй шаардлага гарсан уу. Та юу гэж харж байна вэ?
-Ж.Эрдэнэбатын Засгийн газар энэ оны төсвийн тодотгол болон 2018 оны төсвийг өргөн барьсан. Гэхдээ ирэх оны төсвийг буцаан татсан байгаа. Монгол Улсын хуульд төсвийн тодотгол хийх тусгай шаардлага гэж заасан байдаг. Төсвийн орлого давж байгаа тохиолдолд тодотгол хийнэ гэсэн заалт байхгүй. Тийм учраас энэ оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарсан эсэх асуудлыг юун түрүүнд ярих ёстой. Хэрэв төсөвт тодотгол хийвэл гурван зүйлд тодотгол хийгээсэй гэж хүсч байна.
-Тодруулбал?
-Нэгдүгээрт, хүүхдийн мөнгөний асуудал. УИХ-ын шийдвэргүйгээр хүүхдийн мөнгийг өмнөх Засгийн газар олгосон. Үүний дагуу төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгийг хэвийн олгох ёстой. Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-тай тохирсны дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох боломжгүй. Тийм учраас ард иргэдэд амласан ёсоор, мөн Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс энэ чиглэлд төсвийн тодотгол хийх ёстой. Хоёрдугаарт, 2017-2018 онд өвөлжилтхүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсч байна.
Тиймээс өвөлжилтийн бэлтгэл хангах буюу өвс тэжээл нөөцлөх, мах бэлтгэх, гадаад дотоодын хөрөнгийг татах шаардлага тулгарсан зэрэг хөдөө аж ахуйн салбарт үүссэн нөхцөл байдалтай уялдуулан тодотгол хийх зайлшгүй шаардлага байж магадгүй.Гуравдугаарт, сүүлийн жилүүдэд төсөв хэлэлцэх явцад зарим байгууллагын зардлыг байж болох хэмжээнд хүртэл танасан. Тиймээс нэлээд олон байгууллагад төсвийн өр үүссэн гэж ойлгосон. Үүнээс гадна шүүхийн шийдвэрийн дагуу улсаас мөнгө авах ёстой аж ахуйн нэгж, байгууллага бий. Гурван шатны шүүхийн шийдвэр гараад албажсан аж ахуйн нэгжид мөнгийг нь олгох ёстой. Тэднийг хохироож болохгүй. Эдгээр асуудлыг төсвийн тодотголоор шийдвэрлэх хэрэгтэй гэж харж байна.
-ХҮҮХДИЙН МӨНГӨ, ӨВЛИЙН БЭЛТГЭЛ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ӨР БАРАГДУУЛАХ ЧИГЛЭЛД ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ –
-Үүнийг төсвийн тодотголоор шийдвэрлэхэд хэчнээн төгрөг шаардлагатай вэ?
-200 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдах байх.
-Албаныхны хэлж буйгаар энэ оны төсөв үүнээс илүү төгрөгөөр давж биелсэн юм билээ. Үлдсэн мөнгийг юунд зарцуулах ёстой гэж үзэж байна вэ?
 -Засгийн газар өндөр хүүтэй бонд дотоодоос авсан. Ойролцоогоор 12-17 хувийн хүүтэй, бонд аваад зарчихсан. Тиймээс төсвийн орлогоос илүү гарч байгаа үлдсэн мөнгөөр энэ бондыг мөнгөжүүлээсэй гэж бодож байна.
-Хэрэв дотоодын бондыг мөнгөжүүлбэл, нийгэм, эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?
-Арилжааны банкууд мөнгөжинө. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдэд зээл олголт нэмэгдэх юм. Улмаар эдийн засгийн “цус” зөв эргэлтэд орно. Тийм учраас төсвийн давж буй орлогыг энэ чиглэлд зарцуулах ёстой. Гэтэл өргөн барьсан энэ удаагийн төсвийн тодотголыг харахад 60-аад шинэ объект эхлүүлэх, концессын мөнгөнд 210 тэрбум төгрөг тусгасан гэх мэт нэн шаардлагагүй зүйлд төсвийн мөнгийг зарцуулах нь буруу. Иймд энэ оны төсөвт тодотгол хийх үгүйг эхлээд ярих ёстой. Хийвэл дээр дурдсан гурван асуудалд тодотгол хийх нь зүйтэй.
-Төрийн байгууллагууд илүү зардлаа танаж чадсан учраас энэ оны төсөв давж биелсэн үү эсвэл эрдэс баялгийн үнэ ханш нөлөөлөв үү?
-Төсөв давж биелж байгаа асуудлыг сайн бодох хэрэгтэй. Яагаад гэвэл, төсөв батлах хүрээнд УИХ- ын гишүүд байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд олон зүйлийг хэлж байсан. Түүнийг үл хайхарч төсвийн тооцооллыг анхнаас нь буруу хийсэн гэж харж байна. Нөгөө талаар түүхий эд, эрдэс баялгийн үнэ ханш тухайн үеийн тооцож байснаас харьцангуй өндөр байгаа. Ялангуяа нүүрсний үнэ ханш.
Үүнтэй холбоотойгоор төсвийн орлого давсан. Гэхдээ өнөөдөртөө энэ оны төсөв давж байгаа мэт боловч эдийн засгийн талаас нь авч үзвэл улсын төсөв алдагдалтай хэвээрээ байна. Тийм учраас төсвийн алдагдлаа нөхөх, дотоодын өндөр хүүтэй, Засгийн газрын бондыг мөнгөжүүлэх чиглэл рүү төсвийн давсан орлогыг зарцуулах нь зүйтэй. Ингэж байж эдийн засгийг эрүүлжүүлэх шат руу оруулна. Юун түрүүнд төсвийн алдагдлаа багасгах. Засгийн газрын бонд нэрээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон банкнаас татсан хөрөнгийг мөнгөжүүлж байж эргээд зээл олгох, авах нөхцөл бүрдэнэ. Тиймээс энэ чиглэл рүү анхаарал хандуулаасай л гэж бодож байна. Түүнээс төсвөөс давсан мөнгийг өөр зүйлд зарцуулна гэх хэрэггүй.
-Манай улс ОУВС- гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Эдийн засгийн нөхцөл байдал өмнөхөөсөө дээрдсэн зүйл бодит байдалд ажиглагдаж байна уу?
-Эдийн засагт сэргэлт ажиглагдаж байна. Гэхдээ туйлын хүнд нөхцөл хэвээрээ байгаа.
-Яагаад сэргэлт ажиглагдаж байгаа хэрнээ туйлын хүнд нөхцөл хэвээрээ байна гэж?
-Монгол Улсын эдийн засгийн гол үзүүлэлт төсвийн алдагдал эргээд 8-9 хувьтай байна. Ирэх оны төсвийг ч мөн алдагдалтай өргөн барьсан. Үүнээс гадна төлбөрийн тэнцэл одоогоор ашиггүй байна. Нөгөө талдаа гадаадын өр зээл, тухайлбал, “Чингис” бондын 500 сая, “Дэмсам” бондын 161 сая ам.доллар он гарангуут нэхэгдэнэ. Мөн дотоодын банк, санхүүгийн байгууллагын чадавхи сайн биш байна. Эдийн засаг бодитойгоор сэргэж, аж ахуйн нэгж, байгууллага, бизнесийн үйл ажиллагаа хэвийн горимд ороогүй. Гадаадын хөрөнгө оруулалт эргэж ирээгүй учраас Монголын эдийн засаг эмнэлгээс гараагүй байна гэж хэлж болно.
-Манай улсын эдийн засаг төдийлэн сайн тогтворжоогүй байхад он гараад хоёр том зээл нэхэгдэх нь. Тэдгээр өр зээлийг ямар эх үүсвэрээс барагдуулах юм бол?
 -Дахиж бонд гаргаж байж төлөх болов уу. Үүнээс өөр гарц одоогоор харагдахгүй байна. Нэг ёсондоо 600 гаруй сая ам.долларыг төлөх хуримтлал үүсээгүй. Гэхдээ дотоодын валютын нөөцөө шавхаад гадаадын өр зээлийг төлж болно.
Хэрэв ийм байдлаар барагдуулбал дотоодод валютын ханшаа алдах, эдийн засгийн гүн шок үүсэх магадлал өндөртэй. Тиймээс өмнөх Засгийн газар ч ийм бодлого барьсан юм билээ. Үүнтэй адил шинэ Засгийн газар ч ялгаагүй бонд эзэмшигч нартай хэлэлцээр хийх байх гэж харж байна. Ер нь бол хүссэн, хүсээгүй ч бондыг бондоор солих ажиллагаа болох байх.
-Ирэх оны төсвийг алдагдалтай өргөн барьсан гэлээ. Ер нь ойрын жилүүдэд төсвийн алдагдлыг нөхөх төсөөлөл байна уу?
-Одоогоор ийм боломж байхгүй. Урт буюу дунд хугацааны хөтөлбөр төлөвлөгөөнд ойрын гурван жилд төсвийг алдагдалгүй болгох зорилт дэвшүүлсэн. Ингэхийн тулд төрийн үргүй зардлыг багасгаж, үрэлгэн байдлыг тэвчих хэрэгтэй. Нөгөө талдаа зайлшгүй хийх хөрөнгө оруулалтаа эрэмбэлж, түүн рүү чиглэсэн санхүүжилт олгох ёстой. Түүнээс автомашин зорчдоггүй газарт засмал зам тавих эсвэл аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хийж хэрэгжүүлж буй шаардлагагүй ажлыг төрөөс санхүүжүүлдэг.
Төрийн өмчит олон компани байгуулж, алдагдлыг , төсвөөс нөхдөг зэрэг сахилга бат алдагдуулсан байдлыг үргэлжлүүлбэл, төсвийн алдагдал буурахгүй. Иймд нэгдүгээрт, төсвийн сахилга батыг сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, төлбөрийн тэнцэлд анхаарлаа хандуулах шаардлагатай. Гуравдугаарт, эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөрөнгийн урсгалыг татах хэрэгтэй.
-ОУВС-тай тохирсон ёсоор төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломжгүй. Гэтэл зарим салбарынхан жагсаал цуглаан зохион байгуулж, бүр ОУВС-д хүртэл хандаж байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах ёстой вэ. Ямар боломж байгаа бол?
-Нөхцөл байдлыг ард иргэдэд үнэнээр нь хэлж, бодит мэдээлэл өгөх ёстой. Харамсалтай нь,зарим улстөрч төсвийн орлого давж биелсэн, их хэмжээний мөнгөтэй болсон мэт буруу ойлголт олон нийтэд өгснөөс үүдэн багш, эмч нар цалин нэмүүлэх тал руу чиглэсэн байх. Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломж, хөрөнгө мөнгө алга.
Гэхдээ аливаа улс хүний хөгжлийн тулгуур болдог боловсрол, эрүүл мэндийн салбарынхаа ажилтан, албан хаагчдыг анхаардаг. Энэ утгаараа багш, эмч нарын нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх чиглэлд анхаарах ёстой. Тухайлбал, цалингийн урамшууллын асуудлыг эргэн харж үнэлгээг нь нэмж тогтоох, нэг удаагийн тэтгэмж тэтгэлэг олгох байдлаар зохицуулж болно. Мөн бусад хэлбэрээр буюу нэмэлт ажлын байр бий болгох, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах зэргээр гол салбарын албан хаагчдыг дэмжих асуудлыг цогцоор нь ярих л учиртай.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин