Л.Энх-Амгалан: Хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолол, нягтлан бодох бүртгэлийн автомат системүүд нэвтэрч эхэллээ
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-нд Дэлхийн нягтлан бодо гчдын өдөр тохиож байна. Энэхүү өдөртэй холбогдуулан Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)-ын Гүйцэтгэх захирал, доктор Л.Энх-Амгалантай уулзаж ярилцлаа.
-Дэлхийн нягтлан бодогчдын өдрийг яагаад тэмдэглэх болов, энэ нь ямар ач холбогдолтой вэ?
-Юуны өмнө үе үеийн нягтлан бодогчид, санхүүчид, аудиторууддаа “Дэлхийн нягтлан бодогчдын өдөр”-ийн мэндийг хүргэж, ажлын их амжилт, сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Олон улсын Нягтлан Бодогчдын Холбооноос жил бүрийн арваннэгдүгээр сарын 10-нд “Дэлхийн нягтлан бодогчдын өдөр”-ийгтэмдэглэж байхаар тогтсон.
Энэ өдөр нь жирийн нэг, тохиолдлын өдөр биш. Одоогоос 520 гаруй жилийн өмнө, 1494 оны арваннэгдүгээр сарын 10-нд Италийн нэрт математикч Лука Пачоли(1445-1517)-гийн өнөөг хүртэл хэрэглэгдэж байгаа нягтлан бодох бүртгэлийн давхар бичилтийн аргын үндэс суурийг тавьсан ном анх хэвлэгдсэн юм.
Лука Пачоли бол алдарт Леонардо да Винчи(1452-1 51 9)-гийн сайн анд байсан хүн. Нягтлан бодох бүртгэлийн давхар бичилтийн арга (тухайн үедээ Венецийн арга гэж нэрлэгдэж байсан)-ыг дундад зууны үеийн Италийн сэргэн мандалтын нэг бүтээгдэхүүн гэж хэлж болно.
Германы агуу их зохиолч Гёте: “Хүн төрөлхтний нээж олсон гайхамшигтай ололтуудын нэг бол аж ахуйн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн давхар бичилтээр бүртгэх арга юм" гэж хэлсэн байдаг.
Энэ бол үнэхээр ч тийм юм. Энэ аргыг өөрчлөх, шинэчлэх хувилбар гарч ирэлгүйгээр хагас мянган жил өнгөрлөө. Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжил бол түгээмэл, хөрвөх чадвар сайтай мэргэжлүүдийн нэг.
Олон хүн энэ мэргэжлийг эзэмшин улсын болон хувийн секторт мэргэжлээрээ үйлчилгээ үзүүлэн улс орныхоо хөгжил дэвшилд хувьнэмрээоруулжбайна.
Энэ хүмүүсийн мэргэжлийн өдрийг дэлхийн хэмжээнд тунхаглан тэмдэглэж, тэдний хөдөлмөрийг үнэлж байгаа нь энэ чиглэлээр ажиллаж байгаа олон хүний идэвх, урам зоригийг сэргээж, мэргэжлээрээ бахархах, мэргэжлээ сурталчлах, мэргэжлийн нэр хүндийг өргөх ач холбогдогггой арга хэмжээ болдог.
-Мэргэжлийн байгууллагаас нягтлан бодогчдод чиглэсэн ямар ажлууд явуулж байна вэ?
-1993 онд “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль батлагдан, анхны мэргэшсэн нягтлан бодогчид, хараат бус аудиторууд бэлтгэгдэн, анхны аудитын компаниуд байгуулагдсанаас хойш 24 жил болж байна. ММНБИ нь 4000 гаруй мэргэшсэн нягтлан бодогч, 130 гаруй аудитын компанийг эгнээндээ нэгтгэсэн, 30 салбартай, Олон улсын нягтлан бодогчдын холбоо, Ази Номхон далайн нягтлан бодогчдын холбооны жинхэнэ гишүүн мэргэжлийн байгууллага юм.
ММНБИ нь нягтлан бодогчид болон мэргэшсэн нягтлан бодогч, аудитор-гишүүддээ зориулсан сургалт зохион байгуулах, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт авах, аудитын байгууллагыг арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах, нягтлан бодох бүртгэлийн болон аудитын олон улсын стандартыг орчуулах, мэргэжилтнүүдийн хүртээл болгох, гишүүдийнхээ ёс зүйг сахиулдаг. Мөн мэргэжлийн чиглэлээр төрийн байгууллагууд болон их, дээд сургуулиудтай хамтран ажиллах, гишүүний хувьд мэргэжлийн олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, мэргэжлийн чиглэлийн судалгаа, шинжилгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.
Бид нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог улам боловсронгуй болгох, нягтлан бодогчид, аудиторуудын ёс зүй, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх замаар манай нийгэмд шударга ёс, ил тод байдлыг тогтооход хувь нэмрээ оруулж, ёс зүйтэй, хариуцлагатай, шударга бизнесийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байна.
2020 он хүртэлх зорилтоо байгууллагын тогтвортой хөгжил, гишүүд, олон нийтийн уялдаа, хамаарал, мэргэшил ба хариуцлага, гишүүдийн үнэ цэнэ гэсэн хэсэгтэйгээр боловсруулан стратегиа тодорхойлж, хэрэгжүүлэхийн төлөө шамдан ажиллаж байна.
-Нягтлан бодогчдын өдрийг манай улсын хувьд хэрхэн тэмдэглэдэг вэ. Танай институтээс нягтлан бодогчдын өдрийг тохиолдуулан ямар үйл ажиллагаа явуулах гэж байна.
-Манай улсын хувьд санхүүчид, нягтлан бодогчид, эдийн засагчдын баярын өдөр арванхоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэх тухай Засгийн газрын тогтоол бий.
Бид нягтлан бодогч мэргэжлийн үнэ цэнийг нийгэмд таниулах тал дээр нэлээд анхаарч байгаа. Санхүүчдийн баярын өдрөөр манай институтээс оны шилдгүүдийг шалгаруулах үйл ажиллагаа, баярын цэнгүүнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Санхүүчид маань ч энэ өдрийг хүсэн хүлээдэг хүлээлттэй болсон. Энэ оны хувьд арванхоёрдугаар сарын 8-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Оны шилдгүүдээ шалгаруулахдаа ямар шалгуураар тодруулдаг вэ? Жил ирэх тусам ур чадварууд нь өсч байгаа тул нэлээд өрсөлдөөнтэй байдаг уу?
-Оны шилдгүүдийг шалгаруулахдаа олон нийтийн санал асуулга болон ММНБИ-ийн шилдэг шалгаруулах журмыг үндэслэн тусгай комисс гарч шалгаруулалт явуулдаг.
Шилдэг нягтлан бодогчид ямар шалгуур тавигдах вэ гэхээр тухайн нягтлан бодогч маань хариуцсан аж ахуйн нэгж, өөрийн байгууллага, аж ахуйн нэгжид дотоод хяналтын системийг оновчтой нэвтрүүлсэн байх, байгууллагынхаа санхүүгийн бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулан, санхүүгийн тайланг хугацаанд нь гаргадаг байх.
Өөрийн байгууллагын менежментийн асуудалтай холбогдсон бэрхшээл, тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлсэн байх, санхүү болон удирдлагын менежментийг оновчтой зохион байгуулахад оролцсон, үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ хийж, дүгнэлт гарган ажилласан, мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар ноцтой зөрчил, дутагдал илрээгүй байх, хамт олноо удирдан зохион байгуулан, мэдпэг мэргэжлийг тасралтгүй хөгжүүлэх тал дээр идэвх зүтгэл гаргасан.
Үр бүтээлтэй ажилласан байх, байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх үүднээс зохион байгуулсан ажлын үр дүн бодитой хэрэгжсэн байх, мөн шинээр санаачлан хэрэгжүүлсэн санал, санаачилга, төсөл, хөтөлбөрүүд зэргийг харгалзан үздэг юм. Мөн оны шилдэг багш, шилдэг бүтээл, топ санхүүчдийг шалгаруулна.
-Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн ирээдүй ямар байна. Технологийн өөрчлөлт энэ мэргэжилд хэрхэн нөлөөлж байна вэ?
- Хамгийн их даяарчлагдсан мэргэжил бол нягтлан бодох бүртгэлийн мэргэжил. Дэлхий даяараа нягтлан бодох бүртгэлийн болон аудитын үйл ажиллагааны, ёс зүйн, боловсролын нэг стандартыг баримтлах боллоо. Хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолол, нягтлан бодох бүртгэлийн автомат системүүд мэргэжлийн үйл ажиллагаанд нэвтэрч эхэллээ. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил нь технологийн нөлөөнд хамгийн их автах мэргэжлүүдийн нэг.
Энэ нь эерэг болоод сөрөг талтай. Технологийн ололтыг ашигласнаар мэргэжлийн механик ажлуудыг богино хугацаанд, алдаагүйгээр хялбар гүйцэтгэх болно. Сөрөг тал нь мэргэжилтнүүдийн ажлын байр багасна.
Техникийн ур чадвар сайтай, мэргэжлийн ёс зүйгээ сахьдаг, оюунлаг, бүтээлч байх, дижитал технологийг ашиглах чадвартай байх, ирээдүйг урьдчилан харж чаддаг, мэргэжлийн, бизнесийн, харилцааны туршлагатай байхыг шаардах боллоо. 150 орны 36-аас доош насны 19000 мэргэжилтнээс судалгаа авахад, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр олон жил ажиллах ирээдүй бий, ажлын байраа дэлхийн хэмжээнд сэтгэж байна, дижитал технологийг ашиглах нь мэргэжилд улам их давуу талыг бий болгоно гэж үзсэн байна.
-Та байгууллагынхаа аль чиглэлд, юунд түлхүү анхаарал хандуулж байна вэ?
-Манай Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын баг хамтран байгууллагаа илүү сайн засаглалтай, соёлтой, гишүүддээ болон нийгэмд илүү сайн үйлчилгээ үзүүлдэг, төрдөө тусалдаг, мэргэжлийн манлайлагч байгууллага байхын төлөө хамтран ажиллаж байна.
-Бидний урилгыг хүлээн авч, бидэнтэй яриа өрнүүлсэн танд болон танай институтийн ажил үйлсэд их амжилтыг хүсэн ерөөе.
Их баярлалаа. Танай сонины хамт олны ажилд их амжилтыг хүсэн ерөөе.
Сэтгүүлч Н.ГАНЧИМЭГ