Д.Гантулга: Донорын тухай хуулинд няхуур хандах хэрэгтэй
Өнөөдөр Төрийн ордонд “Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга, НББСШУ-ын байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Сергей Диордица зэрэг эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 80 гаруй эмч, мэргэжилтэн оролцсон юм.
Донорын тухай хууль энэ намрын чуулганаар хэлэлцэх гол хуулиудын нэг бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Гантулга ахалж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр Донорын тухай хуулийн төслийг эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд, болон холбогдох албаныханд танилцуулсан юм.
Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар донорын үйл ажиллагааг зохион байгуулах удирдлагын тогтолцоо бий болж, амьгүй донороос эрхтэнг шилжүүлэн суулгах болон цус, цусны бүрдэл, эсийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох, цусны байнгын донорын тоог нэмэгдүүлэх, эгнээг нь өргөжүүлэх, сурталчлах, урамшуулах, алдаршуулахад аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, иргэдийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдэх юм.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр хөндөгдсөн асуудлыг нэг бол эд эрхтний донороос зөвшөөрөл авах 2 хэлбэрийн талаар байлаа. Нэг нь Opt-Out буюу амьд ахуйдаа донор болохоос албан ёсоор татгалзаагүй л бол нас барахад нь донор болгох боломжтой. Харин нөгөөх нь Opt-In буюу өвчтөн эсвэл ар гэрийнхний тодорхой зөвшөөрөл авч байж донор болгох загвар. Манай Улсын хувьд 17 жилийн турш opt-in загварыг хэрэглэдэг байсан. Харин ажлын хэсэг opt-out загвар луу шилжье гэсэн саналтай байгаа боловч УИХ-ын байнгын хорооны зарим гишүүд үүн дээр шүүмжлэлтэй хандаад байгаа юм.
Тиймээс ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ хоёр загварын алийг нь сонгох талаар хэлэлцүүлэг өрнөх нь зүйтэй гэсэн үзэж байгаагаа хэллээ.
Ажлын хэсэг opt-out загвар руу шилжих болсон үндэслэлээ “17 жилийн турш opt-in загварыг хэрэглэсэн ч ямар ч үр дүнгүй байсан. 17 жилийн хугацаанд донор болъё гэж ирсэн хүн байхгүй. Энэ хугацаанд 6 донор л гарсан. Энэ асуудал буддын шашинтай холбоотой. Нас барсан хойно нь хөндөж болохгүй гэж лам хэлдгээс ар гэрийхэн нь донор болгох хүсэлгүй байдаг” хэмээн тайлбарлалаа.
Харин Монгол Улсын зөвлөх эмч, профессор Сэргэлэн: “Хэрвээ өвчтөн гэрээслэл дээрээ донор болохыг зөвшөөрсөн ч ар гэрийхэн нь дургүйцвэл донор болгох боломжгүй. Үлдэж байгаа хүмүүс нь сэтгэл санааны хямрал учирдаг” гэсэн юм.
Хэлэлцүүлэг өрнөж дууссаны дараа УИХ-ын гишүүн Д.Гантулга: “Уг хуулийн талаар хэлэлцүүлгийг эрчимтэй өрнүүлж, ажлын хэсгийг идэвхтэй ажиллуулан оны өмнө хэлэлцүүлгийн шат руу шилжүүлэх шаардлагатай байна. Ажлын хэсгийн гишүүд “Донорын тухай хуультай холбогдолтой маргаан таны залуу настай зэрэгцээд олон жил дагаж явна. Тиймээс няхуур хандах хэрэгтэй. 10 жилийн дараа ч Д.Гантулгын ахалсан хууль гэж явна” гэж надад захьсан. Бид няхуур хандах хэрэгтэй” гэсэн юм.